8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Ханара Март” сүлжээ дэлгүүрийн барааг битүүмжилж, Монголын шигшээ баг нөхөрсөг тоглолтоос анхны ялалтаа авсан өдөр

2018-10-17 18:40:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Н.Цэрэнбат: Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол би хариуцлага хүлээе

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах, утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр   "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан байна. Бидний эрүүл мэнд маш чухал. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийн 52 хувь нь, хүүхдийн 24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй. Зүрх судасны эмгэг 20 хувь. Нийслэлийн хүн амын нас баралт 9 хувьтай байна. Уушиг зүрхний хавсарсан өвчний нас баралт 28.8 хувьтай, уушигны хавдар өвчлөл 39.9 хувьтай байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой дүүрэгт амьдарч байгаа хүүхдийн уушигний багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдээс 40 хувиар бага байна. Энэ нь хүүхдүүд багаасаа ийм суурь өвчтэй болж байна гэсэн үг. Агаарын бохирдлоос үүдэлтэй. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын 220 мянган гаруй айл өрхийн галлагаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцуудаас, 4 хувь нь хөрсөн дээр тогтсон бохирдлоос бий болж байгаа.  Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр нэмэгдэж байна. Захиргааны аргаар арга хэмжээ авч байгаа ч шилжин суурьшиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.

50 тэрбумаар хамгийн ихдээ 10 мянган айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах учраас энэ шийдлийг сонгосон.Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол би хариуцлага хүлээе. Үйлдвэрлэгч энэхүү төхөөрөмж тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа" гэх мэдээллийг өгсөн юм. 

Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд 9 сарын турш ажиллаж байна. Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын "HAIER" группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.  Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмжҮйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа. Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд сарын цахилгааны хэрэглээн дээр нь дунджаар 22 мянган төгрөг нэмэгдэж гарна. Цаашид хэрэглээний өртөгийг бууруулах чиглэлээр ажиллана.  Айл өрх энэхүү төхөөрөмжийг хэрэглэснээр эрчим хүч доголдохгүй байх хэмжээнд судалж байгаа" гэсэн юм. 

 

Д.Сумъяабазар: Хуурамч шатахуун гэдэгтэй бид эвлэрэхгүй

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр шатахууны үнийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх асуудлын талаар мэдээлээд, гишүүдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Асуулт: Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тодорхой үүрэг хүлээдэг. Дотоодын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн авч байх ёстой. 2012-2016 онд төрийн бодлого тогтвортой явж байжээ. Гэтэл одоо ОУВС-гаар халхавч хийгээд төрийн бодлого явахгүй байна. Бид яагаад хуурамч шатахуун хэрэглээд байна вэ? Засаг юу ч хийж чадахгүй байна. Засгийг өөрчилье. Шатахууны үнийг бууруулах уу?

-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариулт: Хуурамч шатахуун гэдэгтэй бид эвлэрэхгүй. Автомашины мотор, эдэлгээтэй холбоотой асуудал дээр бид хариуцлагатай хандах ёстой. Төрийн бодлого явж байгаа. Төвбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлээд шатахууны үнэ ханшийг барьж байсан. Энэ хөтөлбөрийг улсын төсөв дөрөв боллоо гээд шүүмжилж байсан. Төрийн бодлого нефть хайгуул, боловсруулах үйлдвэрийн асуудлаар, үнийн асуудлыг ярилцана.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дизелийн түлш, бензин хоёрын үнийн зөрүү ямар байна. Хуучин төв Азийн бусад орнууд ОХУ-тай хэлэлцээд татварын асуудлаа зохицоод явчихдаг. Манайх энэ асуудлаар хэлэлцэх боломжтой юу?

-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр барихаар ажил явж байгаа.ОХУ-тай нефть боловсруулах үйлдвэр, хайгуулын ажилд хамтарч ажиллахаар ярилцаж байна. Ажлын хэсэг хоёр талаасаа мэдээллүүдээ солилцоод явж байгаа. 

Г.Золжаргал: Он гарсаар бага насны хүүхэд төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн 3 тохиолдол бүртгэгдсэн

Энэ сарын 14-ны өдөр буюу гуравхан хоногийн өмнө Дундговь аймагт 13 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Г.Золжаргалаас тодруулав.

-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд сонсогдох боллоо. Он гарснаас хойш хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэж бүртгэгдээд байна. 

-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа шалтгаан, нөхцөл байдал холбоотой байна вэ?

-Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. 

-Ураг төрлийн буюу хойд эцэгтээ, нагац, авга ах нар гээд төрөл садны хамааралтай хүмүүс нь ийм төрлийн хэрэг үйлдээд байна гэх мэдээллийг холбогдох байгууллага өгч байна? 

-Он гарснаас хойш нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд хүчирхийлүлсэн 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

-Ийм төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд ямар ял шийтгэл оноодог юм бол?

-Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй байдаг. 

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудад цас орж, хүйтэрнэ

Энэ сарын 19, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун хойноос секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

- 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
- 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 20-нд нутгийн хойд хэсгээр,
- 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно.
Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
 

Д.Эрдэнэбат: ОХУ 2019 оны эхээр татварын хэмжээгээ нэмэхээр шатахууны үнэ манайд дахиад савах уу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар шатахууны үнийн талаарх Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын мэдээлийг сонслоо. Энэ үеэр  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хэдхэн зүйлийн үнийг тогтворжуулах ажлыг хийж чадах эр зориг, бодлого байхгүй болохоор үнэ саваад байгаа юм. УУХҮЯ-ны мэдээлэлд хэдэн түгшүүртэй зүйл байна. ОХУ 2019 оны нэгдүгээр сараас татварын хэмжээгээ дахиад нэмэх юм байна. Татвараа нэмэхээр шатахууны үнэ манайд дахиад савах уу гэдэгт хариулт өгөөч. Орлогын албан татварт зохицуулалт байхгүй гээд Сангийн яам хэлчихлээ. Дүгнэлт дээрээ орлогын албан татварын зохицуулалт хийх ёстой юм байна гээд бичсэн байна. Тэгвэл одоо цаашдаа бид яах ёстой юм. Одоо үнэнээ хэлээд үнэ тогтворжуулах хөтөлбөр рүүгээ Монголбанк, Засгийн газартайгаа хамтраад орох асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Нэрэлхээд нэрээ идэхгүй гэдэг үг байдаг шүү дээ. Нэрэлхүү зан чинь явсаар улс төржилт болсоор эцсийн үр дүн нь ард түмэн сөхрөөд дуусч байна.  Сүүлийн үед Орос нефтийн шатахуун түгээх станц оруулж ирээд шатахууны үнэ бууруулах гэж байгаа гэдэг зүйл хаанаас гарсан яриа вэ. Орос нефтийн шатахуун түгээх станц оруулж ирээд л шатахууны үнэ хямдрах болно гэдэг зүйлийг цахимд бичээд байдаг боллоо. Энэ хэр үнэн мэдээлэл вэ. Сангийн яам мөнгө, татвар зохицуулалтаа мэддэг гээд сайд нь хэлчихлээ. Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болохоор бодлого яаж хийх, нөөц гэх зэргийг мэдэж байгаа өөр мэдэх зүйл байхгүй гэдгээ хэллээ. Тэгвэл УУХҮЯ, Сангийн яамны уялдаа холбоог хангахын тулд юу хийх ёстой юм бэ. Эдийн засгийн байнгын хорооноос ямар зөвлөмж, шийдвэрийг энэ хөлдүү Засгийн газарт чинь гаргаж өгөх ёстой юм бэ гэдэг асуудлуудад хариулт өгөөч" гэв. 

“Ханара Март” сүлжээ дэлгүүрээс хугацаа нь дууссан 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ

Өнөөдөр НМХГ-аас 2018 оны эхний 3 улирлын байдлаар хугацаа дууссан, чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүнд устгал хийсэн талаар тоон мэдээлэл, Ханара Март ХХК-тай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоодын хяналтаар 142 нэр төрлийн 4465 ширхэг, 17 кг, 83.187.073 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан, хөлдсөн, шавьжийн ялгадасаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүнийг Устгалын комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгал хийсэн.

Экспорт импортын хяналтын чиглэлээр 16 нэр төрлийн 136 сая төгрөгийн эмийг Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, 34,8 т 104,4 сая төгрөгийн алим, 2 нэр төрлийн 752 хайрцаг, 376000 ширхэг, 151 сая төгрөгийн чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тамхинд тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгалд орууллаа.

Мөн 1 нэрийн 790 кг 50 хайрцаг 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа шошгын зөрчилтэй байсан тул экспортлогч улс руу нь буцааж болзошгүй эрсдлээс сэргийлсэн байна.

“Ханара Март” ХХК-ийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын талаар:

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 10 сарын 04 өдөр Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид “Ханара март” ХХК-ийн “Ханару” минимаркет хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

НМХГ-ын ХАБХААХХ-т 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргагч дахин мэдээлэл өгсөний дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетид хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад Солонгос улсаас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон, хугацааг хуурамчаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогдсон.

Илэрсэн зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүргийн хүрээнд хадгалах хугацаа дууссан болон он сарыг засаж янзалсан нийт 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн, саатууллаа.

Хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн.

Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 18 нэр төрлийн ургамлын гаралтай, 11 нэр төрлийн далайн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс нийт 29 дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамрууллаа.

“Ханара март” ХХК-аас нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүллээ.

Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж, албан бичгийг хүргүүлсэн байна. 

Монголын шигшээ баг нөхөрсөг тоглолтоос анхны ялалтаа авлаа

FIFA DAYS-ын хүрээнд аравдугаар сард Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан. Манай залуус эхний тоглолтоо Сингапурын эсрэг хийж, 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байсан юм. Тэгвэл өчигдөр/10.16/ хоёр дахь тоглолтоо Лаосын шигшээ багтай хийж, 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.

Тоглолтын 23' минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Гэсэн ч энэ гоолоос ердөө 5 минутын дараа манай багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьсан юм.

Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авлаа. Ингэснээр 73' минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75', Н.Наранболд 83' нар тоог 4:1 болгосноор энэ тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн.

Өмнө нь манай шигшээ Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан бол өнөөдөр ийнхүү элэг нэгт Монголчуудаа баярлуулав.

Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас жилд 240 тэрбум зарцуулдаг

Ипотекийн зээлийн санхүүжилтэд өнгөрсөн хугацаанд Төв банкнаас 4.2 их наяд төгрөг зарцуулаад байгаа аж. Цаашид уг хөтөлбөрийг аль түвшинд хэрэгжүүлэх нь оновчтой талаар шийдэл гаргахаар ажиллаж эхэлжээ.

Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн санхүүжилтийг өөр дээрээ төвлөрүүлэхээр болсон. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг олоогүй байгааг салбарын сайд хэлж байсан. Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, энэ хүрээнд Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэх нь оновчгүй гэж үзсэн юм.

Одоогийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас жилд 240 тэрбум, Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байгаа аж. Жилд дунджаар 300-400 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг энэ хөтөлбөрт зарцуулж байгаа юм.

"Харласан" иргэн баригдвал 10 жилээр эрхээ хасуулна

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 330 мянга гаруйд хүрснийг тус улсын Хууль зуйн яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийн дунд Монгол Улсын 15 мянган иргэн байна гэсэн мэдээлэл ч гарчээ. Тус улсад БНСУ, Тайланд, Казахстан, Вьетнам, Монгол Улсын иргэд олноороо байдаг учраас Хууль зүйн яамнаас хууль бус иргэдийг буцаах аяныг эхлүүлж, ажлын байранд хяналт шалгалт хийж хууль бусаар хил нэвтрэхгүй байхыг сануулсаар байгаа аж.

Тус улс энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хуртэлх хугацаанд сайн дураар БНСУ-аас гарсан гадаадын иргэнийг тухайн улсад дахин зорчиход хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Харин энэ хооронд хууль бусаар ажиллаж байсан иргэд гэнэтийн шалгалтаар саатуулагдсан тохиолдолд 10 жилийн хугацаанд тус улсад зорчих эрхгүй болох юм байна.
 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл