8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

2018-10-17 17:12:12

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.

Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.

Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.

Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.

ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл