8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” ХХК Шивээ-Овоогийн уурхайг гурван жилийн хугацаанд жишиг уурхай болгоно

2018-10-18 12:19:21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ажлын явцтай танилцлаа. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай хангагдаж буйг “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин дуулгалаа.

Засгийн газраас “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн урт болон богино хугацаат өр төлбөрийг барагдуулах, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 132 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийг үр шаттайгаар бууруулж байгаа бөгөөд өнгөрсөн онд 8.6, өнөөдрийн байдлаар 4.6 тэрбум төгрөгийг барагдуулаад байгаа юм. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр тус уурхайн техник тоног төхөөрөмж, машин механизмын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Үүнээс гадна уурхайг ашигтай ажиллуулахын тулд эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлагатай байгааг уулзалтын үеэр компанийн удирдлагууд онцоллоо. Учир нь эрчим хүчний үнийг чөлөөлөөгүйн улмаас “Шивээ-Овоо” ХК нүүрсээ цахилгаан болон дулааны станцуудад зах зээлийн үнээр нь нийлүүлж чадахгүй байгаа юм. Нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэх нь эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна.

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хэрэгжүүлэхээр зорьж буй стратеги, төлөвлөгөөний талаар санал солилцлоо. “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Одбаяр “Япон, Солонгос, Хятад улсын өмнөд хэсгээр эрчим хүчний хомсдол бий болсон. Тиймээс манай улс цахилгаан станц барьж эрчим хүч экспортолдог орон болбол эдийн засгийн хувьд ашигтай. Манай улс хүрэн нүүрсний арвин нөөцтэй бөгөөд үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордод кокс, ган төмөрлөгийн үйлдвэр барих төслийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлж байгаа. Мөн нүүрснээс газ, дизель түлш гаргаж авах төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлууд явагдаж байна. Хүрэн нүүрснээс түлш гаргаж авах төсөл туршилтын шатандаа явж байгаа бөгөөд өртөг, боловсруулалт дээр шийдлээ сайжруулах шаардлагатай байна. Хэрэв хүрэн нүүрснээс дизель түлш гаргаж авбал дотоодын уул уурхайн компаниудад борлуулах боломж байгаа. Харин “Шивээ-Овоо” ХК-ийн олон жил хуримтлагдаж ирсэн өр төлбөрийг багасгах, шинээр хөрөнгө оруулалт хийхийн тулд гадаадаас бага хүүтэй эх үүсвэр олохоор ажиллаж байна. Мөн ирэх оноос тус компанийн хувьцааны арилжааг эхлүүлэхээр төлөвлөсөн. “Эрдэнэс Монгол” компани Шивээ-Овоогийн уурхайг ойрын гурван жилийн хугацаанд багтаан жишиг уурхай болгохоор ажиллаж байна” гэв. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай дотоодын зах зээл жижиг. Тиймээс хоёр том зах зээл болох ОХУ болон БНХАУ руу дизель түлш экспортлох боломжийг эрэлхийлэх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хүрэн нүүрснээс дизель түлш, газ, шингэн түлш гаргах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд уурхай зах зээлийн зарчмаар ажиллаж, ашиг олох ёстой гэдгийг онцоллоо.

Боловсруулсан Б.Даваатогтох

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл