8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ОХУ-ын БХ-ын сайд манай улсад айлчилж, Цаг уурын байгууллагаас цочир хүйтрэхийг анхааруулсан өдөр

2018-10-18 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 

Ч.Хүрэлбаатар: Солонгосын зээлээр арван аймагт тус бүр 38 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан станц барина

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн бөгөөд багагүй шүүмжлэл өртөөд байгаа. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгосон тойрог буюу Увс аймагт бусдаас арав дахин их буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө тусгахаар байна гэдгийг тодотгосон холбоотой. 

Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн юм. Тэрбээр  "2019 оны төсөвт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний талыг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, үлдсэнийг нь улсын төсвөөс санхүүжүүлнэ. Үүнд ирэх онд Солонгосын зээлийн шугамаар нийт 150 сая төгрөгөөр Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан зэрэг арван аймагт тус бүр 38 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан станц барина гэдгийг хэлсэн. Өмнө нь Засгийн газар дараагийн Засгийн газартаа өр өвлүүлдэг байсан. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн 1.1 их наядын өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авсан. Бид энэ өрийг дарж, Монголын Засгийн газар анх удаа баялгаасаа 553 тэрбум төгрөгийг Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгон өгч байна. Үүнийг 2030 он хүртэл хөндөх эрхгүй. Энэ мэтээр шууд болон шууд бус замаар тойргуудад боломжийн хэрээр хөрөнгө оруулалт тусгасан ч УИХ-ын гишүүд үүнд бодит бусаар хандаж буйг ч тэрбээр тодотгосон.  УИХ-ын гишүүд тав, найм, долоон тэрбум төгрөг гэж яриад байгаа нь санхүүжих дүн нь юм. Ийм байхад Ч.Хүрэлбаатарыг муухай харагдуулахын тулд төсөвт өртгийг нь авч яриад яг өөрсдийнхөө тойргийг болохоор тухайн жилд санхүүжих төсвийг нь яриад байгаа юм" гэх тайлбар өгсөн юм. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөнийг эср эсэргүүцэж,  "Намайг УИХ-д үг хэлж, улсын төсөв дээр хувьсгал хийх тухай яриад гарсны дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдаас асуулга асуусан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өгсөн хариултандаа бид хоёрын ярьж байгаа асуудлыг л ярьсан байна билээ. Бүсчилсэн хөгжил, ноос ноолуур, хөдөө аж ахуй, эдийн засгийг солонгоруулах… гээд л ярьж байгаа юм. Гэтэл төсөв нь ингэж орж ирж байдаг. Ер нь, Монгол Улсын Сангийн сайд мөн үү, биш үү гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй болж байгаа юм. Яагаад хүүхдийн мөнгийг эсэргүүцдэг юм. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Яагаад Оюутолгойн борлуулалтын орлогыг Монгол банкаар дамжуулж, Монголд байлгая гэхээр Сангийн сайд нь лобби хийж байгаад кноп дараад унагаж байдаг юм. Энэ асуудлыг ярих л хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Яах аргагүй Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсоныхоо дараа  өөрийн төрсөн нутагтаа бусад аймгуудаас даруй 10 дахин мөнгө төсөвлөсөнийг өөрөөр тайлбарлах аргагүй юм. 

1.3 сая ам.долларын хэрэг хурандаа Ч.Болдбаатартай холбоогүй

Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хандахад цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нь уг хэрэгт холбогдолгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.

Манай улсад айлчилж буй ОХУ-ын баатар, ОХУ-ын БХ-ын сайд Сергей Кужугетович Шойгу гэж хэн бэ

Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлах гэж байна. Тэрбээр 10 жилийн дараа ийнхүү манай улсад дахин айлчилж байна. Ингээд налгар намар манай улсад айлчилж байгаа онд ОХУ-ын баатар, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Оросын өнөөгийн Батлан хамгаалахын сайдын бүтэн нэр нь Сергей Кужугетович Шойгу. Тэр 1955 оны 5 дугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн. Харин ээж нь Орос хүн.

Тэрбээр дээд сургууль төгссөнийхөө дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна.Сергей Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медаль, цол хүртжээ. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна.

Шойгу батлан хамгаалахын сайд болсны дараа Оросын армид сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй үйл явдал болсон. Тэр ЗХУ-аас хойш хийгээгүй нүсэр хэмжээний цэргийн хээрийн сургуулилтыг анх удаа зохион байгуулж, Оросын арми болзошгүй үйл явдалд хэр бэлэн байгааг шалгажээ. Тэр амьдрал дээр ч сорилт явуулав. Тэр барууны улсуудын талаарх өөрийн шийдэмгий байр суурийг том хэмжээний флотын хүч Сири рүү илгээснээр харуулсан юм.

Тэрбээр  хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг ажээ. Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөл бөмбөг тоглох дуртай нэгэн. Тэрээр англи, япон, турк хэлийг оролцуулаад есөн хэлээр ярьж чаддаг гэнэ. 2010 онд түүний нийт орлого 4 сая рубль болж байв. Түүний эзэмшилд 19 мянган метр квадрат талбай бүхий хоёр эдлэн газар, 477 метр квадрат талбай бүхий орон сууцны байшин бий. Тэр хувьдаа ЗИМ ГАЗ 12 гэх машинтай.Түүнийг Оросын ард түмэн Путины залгамжлагч хэмээн ярьдаг аж. Тодруулбал, Путиныг хэн залгамжлах вэ гэж асуувал хоёр Сергей гэх нэрс хамгийн их яригддаг ажээ. Нэг нь батлан хамгаалахын сайд, 60 настай Сергей Шойгу, нөгөө нь Москва хотын захирагч, 55 настай Сергей Собянин хэмээн яригддаг аж. Үүнээс үзвэл Сергей Кужугетович Шойгу хэр нэр төртэй, хэрхэн ажилласаны хариултыг авч болох биз ээ. 

Д.Сумьяабазар: Газрын тосны үнэ 11 дүгээр сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байна.   

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг өчигдөр сонслоо. Ингээд салбарын сайд бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЬЯАБАЗАР

Эдийн засгийн хурдацтай өсөлт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан 2010 оноос шатахууны хэрэглээ огцом нэмэгдэж 2013 оноос хэрэглээ буурч байжээ. Харин эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, валютын ханш болон дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй уялдсан татварын бодлогыг төрөөс шуурхай авч хэрэгжүүлснээр 2017 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 1.49 сая.тн-д хүрч шатахууны хангамжийн зах зээл тогтвортой байв. Өнгөрсөн оны импортын бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин нийт импортын 27 хувь, 90-ээс доош октантай автобензин 4 хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш 2 хувь, тос тослогооны материал, мазут, хий гэх мэт бусад бүтээгдэхүүн 16 хувийг эзэлж байна. Нийт импортын 94.5 хувийг ОХУ, 3.4 хувийг БНСУ, 1.8 хувийг БНХАУ, үлдсэн 0.3 хувийг бусад улсуудаас импортлосон байна. Танилцуулга дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн бүтцийн талаарх мэдээллээр үргэлжилсэн. Дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнэд импортын үнэ, валютын ханш, татвар, үйл ажиллагааны зардал /импортлогч компанийн ашиг/ зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт, Худалдааны гэрээний нөхцлөөс хамааран тухайн сарын дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн хэлбэлзэл нь манай улсад 1 сарын дараагаар нөлөөлдөг. Графикт үзүүлснээр 2015 оны газрын тосны дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад 2 дахин буурсан ба 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод цэгт /дундажаар 43.55 ам.долларт/баррель-т/ хүрч байсан. АНУ занарын олборлолтод Hydraulic fracturing буюу шингэн хагалбарын технологийг ашигласнаар олборлолтын зардал буурч, олборлолтын хэмжээ нэмэгдсэн. Хүснэгт 1-д үзүүлснээр АНУ олборлолтын хэмжээг нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд эзлэх хүрээг тэлснээр нийлүүлэлт нь эрэлтийг давснаар дээрх газрын тосны үнийн бууралтыг тайлбарлаж болно. Мөн АНУ болон Иран улс хооронд цөмийн зэвсгийн эсрэг арга хэмжээний талаар тохиролцоонд хүрснээр Иран газрын тосны экспортоо нэмэгдүүлсэн (хүснэгт-1), ОПЕК-ийн гишүүн улсууд газрын тосны олборлолтын хэмжээг хязгаар асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байсан, ам.долларын ханш чанга (график-3) байсан зэрэг олон талт хүчин зүйлс нөлөөлсөн. 

Венесуэл улсын газрын тосны олборлолт эрс багассан, Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын геополиткийн зөрчилдөөн, валютын ханшийн өөрчлөлт, АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээний өөрчлөлт, Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ зэрэг олон талын нөлөөллөөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2018 онд тогтмол өссөнөөр Брент төрлийн газрын тосны сарын дундаж үнэ 2018 оны 01 дүгээр сард 69.18 ам.доллар/ баррель байснаас 2018 оны 10 дугаар сарын 3-нд  86,29 ам.доллар/баррель болж 24,7 хувиар өсөөд байна. Энэ 10 дугаар сарын дундаж үнэ 80-87 ам.доллар/баррель орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа хэдий ч цаашид газрын тосны олборлолтын хязгаарлалт, үүнээс үүсэн эрэлтийн огцом өсөлт болон АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамааран дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 11 дүгээр сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байна.   

УУХҮЯ-ны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллах, олон талт эх үүсвэрээс бүтээгдэхүүн импортлох бодлогыг баримтлан ажиллаж байна. Цаашдаа ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний зүйл, заалтыг дордуулахгүйгээр тогтвортой мөрдөх, экологийн ангилал өндөр буюу чанар сайтай шатахууны үнийн томъёололд худалдан авагч талд хөнгөлөлт үзүүлэх талаар яриа, хэлцэл хийх байр суурийг баримтлан ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-ын Чайна-Ойл компаниас шатахууны импортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, импортлох хилийн боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж хэмээн хэллээ.

2019 онд 380 орчим сая ам.долларын зээл төлнө

Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус  сонсохоор төлөвлөөд байсан. Өнөөдрийн (2018.10.17) хуралдаанаар Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5.5 хувиар сулраад байгаа аж. Үүнд эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэв. Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан хөрөнгө оруулалт болон хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлбөр, экспортын тээвэрлэлттэй холбоотой хил дээрх хүндрэлүүдийг тооцож байгаа аж. 2016 оны эхний гурван улирлын турш агшиж байсан дотоод эрэлт сэргэж энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 2017 оноос 17.6 хувиар өсчээ. Үүний тодорхой хувийг хөрөнгө оруулалт эзэлж байгаа бөгөөд үүнийг дагасан импорт эзэлж байгаа гэв. Ажил эрхлэлт, иргэдийн орлогын өсөлттэй холбоотойгоор хэрэглээний импорт мөн өсөлттэй байгааг танилцуулгад дурдав. Энэ төрлийн импорт оны эхнээс 234 сая ам.доллароор буюу 29 хувиар өссөн аж. Бензин, түлшний импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсөөд байгааг мэдээлэлд дурдав. Төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансны тухайд 2018 онд Чингис бондын үлдэгдэл төлбөр болох 125 сая ам.доллар, Дим Сан бондын 160 сая ам.долларын төлбөрийг барагдуулжээ. Энэ нь улсын гадаад валютын нөөцөөс гарсан гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тодрууллаа. Гарах сувгийн томоохон урсгал болж төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлсөн болохыг мөн хэлсэн юм. 

Экспортын орлого оны эхний 8 сарын байдлаар 4.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 570 гаруй сая ам.доллароор өссөн ч хил дээрх түгжрэлтэй холбоотойгоор I улирал, 7, 8 дугаар саруудад экспортын хэмжээ бусад сартай харьцуулахад буурсан байна. Энэ байдал худалдааны тэнцлийг ашиг өнгөрсөн оны мөн үеэс 480 сая ам.доллароор буурахад нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. 

Том гүрнүүдийн худалдааны маргаан нь валютын ханшид нөлөөлж буй гадаад хүчин зүйлс гэдгийг хэлээд нөлөөллийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. 170 улс орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ. Тухайлбал, Австрали болон Чилийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 9 хувиар суларсан бол Хятадын юань, Оросын рубль, Энэтхэгийн рупи, Бразилийн реал, Индонезийн рупи, Туркийн лир, Өмнөд Африкын рандын ханш сулраад байгаа талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж.

 

    Мэдээллийн төгсгөлд тэрбээр Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр гаднын зах зээлээс 500 сая ам.долларыг жилийн 7.25 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар амжилттай босгосон гэдгийг дуулгав. Энэ нь улсын валютын сангийн ачааллыг хөнгөлөх ач холбогдолтойг Н.Баяртсайхан ерөнхийлөгч онцоллоо. 2019 онд 380 орчим сая ам.долларын зээлийн төлбөрийн төлөх бөгөөд үүнийг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэр гэдгийг хэлсэн. 

   Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Валютын ханш тогтвортой байх эсэхийг тодруулахад 2019 оны Мөнгөний бодлогод инфляцийг 8 хувьд барих зорилт оруулсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын арга хэрэгслүүдээ дайчлан ажиллана гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Өнөөдрийн байдлаар 142 улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулраад байгаа судалгаа бий, улс орнуудын Төв банкууд хамгийн хүчтэй зэвсэг болох бодлогын хүүгээ ашиглаж байгаа. Харин Монголбанкны бодлогын хүү одоогоор 10 хувь байгаа. Эдийн засгийн сэргэлт энэ оны хоёрдугаар хагасаас л улс орны хэмжээнд ажиглагдаж эхэлсэн энэ үед мөнгөний бодлогын хүүг өөрчлөх нь оновчгүй гэдэг байр суурийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэллээ. Мөнгөний бодлогын хороо 12 дугаар сард хуралдана гэдгийг дашрамд дурдав. Мөнгөний бодлогоор эдийн засгийг удирдах бололцоогүй бөгөөд бүтэц, төсөв, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зэрэг бусад бодлогуудтай уялдуулах шаардлага бий гэдгийг тэрбээр онцолж хэллээ. Өнөөдрийн байдлаар Төв банк валютын ханшийг тогтворжуулахын тулд интервенцийн аргыг сонгон хэрэгжүүлж байгаа аж. Валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий хэдий ч 2018 оны эхнээс нийтдээ 650 орчим сая ам.долларын интервенци хийжээ. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, валютын ханшийг тогтворжуулах бодлогоо цаашид ч хэрэгжүүлнэ гэв. Гишүүдийн асууж байгаа шиг валютын ханшийн төлөвийн талаар шууд хэлэх боломжгүй гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Учир нь дотоод болон гадаадын олон хүчин зүйлс ханшид нөлөөлдөг гэв. Оюутолгой компани валютын ханшид нөлөөлдөг эсэхийг тодруулахад тус компани сард 100 орчим сая ам.доллар Монгол Улсад оруулдаг гэдгийг дуулгав. Монгол Улсын валютын дотогшлох урсгалыг гол сувгуудын нэг тус компани анхандаа арилжааны банкуудын дунд дуудлага худалдаа явуулж, үүнээс нь үүдэн ханшийн савалгаа үүсгэдэг байсныг Төв банк зогсоосон байна. 

    Банкыг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар тодруулсан О.Баасанхүү гишүүний асуултад хариулахдаа “Монгол Улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр нийт банкуудад энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг нөхөх албан тоот хүргүүлсэн. Тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгийн дутууг нөхөн бүрдүүлж чадаагүй, системийн нөлөө бүхий банкууд гарвал дахин хөрөнгөжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин системийн нөлөө бүхий банкны жагсаалтад ороогүй банк хамрагдахгүй” хэмээн тайлбарласан. Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк бололцоотой бүх алхамуудыг хийж байгаа эсэхийг гишүүд лавласан. Валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг суваг болох алтны худалдан авалтыг сайжруулах зорилгоор Төв банк олон ажлыг хийсэн бөгөөд энэ жил 22 тн алт худалдан авах зорилт тавьжээ. Одоогоор 16 тн алтыг худалдан аваад цэвэршүүлсэн байгаа гэв. Үлдээд байгаа хугацаанд зорилтыг бүрэн биелүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал, гадаад валютын улсын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Алтны худалдан авалт улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг суваг бөгөөд үүнээс гадна экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн бодлогоо эрчимжүүлэх зэрэг нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гол бодлого гэдгийг онцолж байсан. 

Валютын ханшийн савалгаа дэлхийн нийтийн асуудал болоод байгаа энэ үед улс орон бүр үндэсний эрх ашгаа хамгаалах үүднээс үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах уриалгыг төрийн тэргүүнийхээ түвшинд гаргаад байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байв. Мөн юань, рублийн ханш суларсан байгаа энэ үед Монгол Улс хөрш орнуудтайгаа заавал ам.доллар гэхгүй тухайн улсын үндсэний мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх, үүнийг холбогдох талууд хөндөж тавих шаардлага байгааг хэлсэн. Монгол Улс эдийн засгийн хөгжлөө худалдаагаар нөлөөлөхүйц хэрээр дэмждэг учраас гадаад худалдааг хариуцсан, дүр зургийг томоор нь харж дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлон, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг бүтэц зайлшгүй шаардлагатай гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хариулт өгөх үеэрээ хэлж байв.  Манай улс гадаад худалдааны асуудлыг урсгалаар нь орхисон, гадаад худалдааны асуудлыг хариуцсан бүтэц байхгүй байгаа нь бодлогын том алдаа гэж харж байгаа аж. Цаашид энэ чиглэлийн бодлогыг тогтож харах шаардлага зүй ёсоор тулгараад байгааг өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, тоон мэдээлэл харуулж байна гэлээ. 

Засгийн газар, Төв банкны хамтын ажиллагааны талаар тодруулсан гишүүдийн асуултад мөн тэрбээр хариулт өгсөн. Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагааны тогтсон механизм бий. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал бүрэлдэхүүнд нь байдаг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажилладаг. Энэ хүрээнд үйл ажиллагаа, бодлогоо зөвлөлддөг. Түүнчлэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ЗГХЭГ-ын даргатай өдөр тутмын хамтын ажиллагаатай байдгаа хэлсэн юм. 

    Валютын ханшийг тогтворжуулахтай холбоотой Засгийн газрын оролцооны талаарх тодруулсан гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулт өгсөн юм. Ам.долларын дотогшлох урсгалын нэмэгдүүлэх шаардлагатай үед “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд донор, хандивлагч орнуудаас авахаар тохиролцсон санхүүжилтийн талаар гишүүд асуулаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Монгол Улсад 750 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгаа гэв. Үүний ихэнх нь төсвийн дэмжлэг учраас төлбөрийн тэнцэл дээр 150 сая орчим ам.доллар хуваарилагдах аж. Санхүүжилт оны эцсээр орж ирнэ гэдэг хүлээлттэй байгааг дэд сайд дуулгав. Импорт нэмэгдэн, тэр хэрээр валютын гадагшлах урсгал өргөжиж байгаа талаарх тодруулгад “Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нефтийн бүтээгдэхүүний импорт 38.1 хувь, хэрэглээний бүтээгдэхүүн 34.2 хувь, хөрөнгө оруулалт 54.7 хувь, аж үйлдвэрийн орц 13.9 хувиар өсөх тооцоолол бий. Бусад нь 62.1 хувиар өснө гэж тооцож байна. Нийт импорт 41.9 хувиар өсөх тооцоотой байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт сайжирсантай холбоотой. Оюутолгой төслийн далд уурхайн төслийн бүтээн байгуулалт өрнөж буйтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 2018 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 49 хувиар өсөж 1 тэрбум ам.долларт хүрсэн. Өргөн хэрэглээний гэхээс илүү нефть, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн орц зэрэг эдийн засгийн өсөлттэй холбоотой чиглэлээр өсөж буйгаараа онцлогтой” хэмээн Х.Булгантуяа дэд сайд тайлбарлалаа. 

    Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буйг шүүмжилсэн Д.Эрдэнэбат гишүүний асуултад хариулт өгсөн юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотойгоор 2017 онд олон тооны хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг удаашруулах, царцаах арга хэмжээг Засгийн газар авсан юм. Харин энэ оноос хөрөнгө оруулалтыг зохих түвшинд хэрэгжүүлж, 2019 оноос дуусгах зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа аж. Төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтууд нь 2011-2012, зарим нь түүнээс ч өмнө хэрэгжиж эхэлсэн төсөл, хөтөлбөрүүд байгаа гэдгийг тэрбээр тайлбарлалаа. 2019 онд зарлага тодорхой хувиар өсөж байгаатай дүйцээд төсвийн орлого ч өснө гэдэг хүлээт, тооцоололтой байгаа аж. 2018 оны төсвийн орлого улирал бүр төлөвлөснөөс давсан байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ, Байнгын хороод болон УИХ-ын гишүүдээс төсвийн орлогоо гүйцэд төлөвлөөгүй байна гэж шүүмжлэл хэлж, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх байсан гэдэг саналуудыг удаа дараа Засгийн газарт ирүүлж байсан. 2019 онд орлогыг нэлээд дайчилснаар энэ оны батлагдсан нийт дүнгээс 3.2 их наяд төгрөг буюу 40.7 хувиар нэмэгдүүлж 11 их наяд төгрөгт хүргэх тооцоололтой байгаа юм байна. Үүнээс 322 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, 1 их наяд орчим төгрөг “Ирээдүйн өв сан”-д төвлөрөх аж. Орлогоо бүрэн дайчилж чадвал боломж байгаа гэж үзэж байгаа бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг төсөвт тусган Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эрүүл мэнд, боловсролыг хүртээмжтэй болгох, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх гэх зэргээр зорилгоор 700 гаруй тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн гэв.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, Монголбанк болон Сангийн яамны удирдлагаас холбогдох хариултуудыг авсны дараа гишүүд валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ. 

    Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дагнан хариуцах бүтцийг бий болгох, холбогдох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх үүргийг холбогдох газруудад өгөх саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон алтны грамм бүрийг валютын нөөц болгох зорилтыг Төв банк бодлогын баримт бичигтээ дэвшүүлэх саналыг Б.Жавхлан гишүүн хэлэв. Дэлхий нийтээр эдийн засгийн шинэ үе эхэлж байгаа сорилтын жил гэж үзэж байгааг Монголын төрийн бодлогод анхаарч, тусгахад шат шатандаа анхаарах шаардлага бий гэдгийг Б.Баттөмөр гишүүн хэлээд хөгжлийн бодлого зангиддаг Засгийн газрын бүтэц зайлшгүй шаардлагатай саналыг хэллээ. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг дотоодын нөөц бололцоогоор даван туулж байх бэлтгэлийг хангах чиглэлээр анхаарах нь зүйтэй гэдгийг Д.Тэрбишдагва хэллээ. Мөн төгрөгийн ханш 4 хувиар суларсан байхад рублийн ханш 13 хувиар суларсан байгаа. Үүнийг гадаад худалдаандаа зохих ёсоор ашиг болгон шингээх бололцоо бий бөгөөд Засгийн газар энэ чиглэлээр ажиллах, энэ мэт давуу талуудыг ашиглах гарцыг эрэлхийлж байх хэрэгтэй гэв. Мөн тэрбээр “эдийн засгийн өсөлт” гэхээсээ тэрхүү өсөлтийн хүртээмжийг анхаарах, бодитоор хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг санууллаа. 

    Ийнхүү гишүүд санал хэлсний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүнээр ахлуулан байгуулав. 

БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонссон юм. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний талаар танилцуулав. Эдийн засгийн хурдацтай өсөлт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан 2010 оноос шатахууны хэрэглээ огцом нэмэгдэж 2013 оноос хэрэглээ буурч байжээ. Харин эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, валютын ханш болон дэлхийн зах зээл дээрх гаын тосны үнийн өсөлттэй уялдсан татварын бодлогыг төрөөс шуурхай авч хэрэгжүүлснээр 2017 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 1.49 сая.тн-д хүрч шатахууны хангамжийн зах зээл тогтвортой байв. Өнгөрсөн оны импортын бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин нийт импортын 27 хувь, 90-ээс доош октантай автобензин 4 хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш 2 хувь, тос тослогооны материал, мазут, хий гэх мэт бусад бүтээгдэхүүн 16 хувийг эзэлж байна. Нийт импортын 94.5 хувийг ОХУ, 3.4 хувийг БНСУ, 1.8 хувийг БНХАУ, үлдсэн 0.3 хувийг бусад улсуудаас импортлосон байна. Танилцуулга дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн бүтцийн талаарх мэдээллээр үргэлжилсэн. Дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнэд импортын үнэ, валютын ханш, татвар, үйл ажиллагааны зардал /импортлогч компанийн ашиг/ зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт, Худалдааны гэрээний нөхцлөөс хамааран тухайн сарын дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн хэлбэлзэл нь манай улсад 1 сарын дараагаар нөлөөлдөг. Графикт үзүүлснээр 2015 оны газрын тосны дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад 2 дахин буурсан ба 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод цэгт /дундажаар 43.55 ам.долларт/баррель-т/ хүрч байсан. АНУ занарын олборлолтод Hydraulic fracturing буюу шингэн хагалбарын технологийг ашигласнаар олборлолтын зардал буурч, олборлолтын хэмжээ нэмэгдсэн. Хүснэгт 1-д үзүүлснээр АНУ олборлолтын хэмжээг нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд эзлэх хүрээг тэлснээр нийлүүлэлт нь эрэлтийг давснаар дээрх газрын тосны үнийн бууралтыг тайлбарлаж болно. Мөн АНУ болон Иран улс хооронд цөмийн зэвсгийн эсрэг арга хэмжээний талаар тохиролцоонд хүрснээр Иран газрын тосны экспортоо нэмэгдүүлсэн (хүснэгт-1), ОПЕК-ийн гишүүн улсууд газрын тосны олборлолтын хэмжээг хязгаар асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байсан, ам.долларын ханш чанга (график-3) байсан зэрэг олон талт хүчин зүйлс нөлөөлсөн. 

    ОПЕК-ийн гишүүн орнууд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс, ОПЕК-ийн бус гишүүн бус орнууд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 1.2 сая болон 600 мянган баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэснээр газрын тосны үнэ 2016 оны 12 дугаар сараас өссөн хэдий ч АНУ газрын тосны олборлолтын хэмжээг нэмсэнтэй /Хүснэгт 1/ холбоотойгоор 2017 онд газрын тосны үнийн огцом өсөлтийг саармагжуулж чадсан.

  Гэвч ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын газрын тосны олборлолтын хязгаарлалт болон уг хязгаарлалттай холбоотой үүссэн эрэлтийн огцом өсөлт, (график 4), Венесуэл улсын газрын тосны олборлолт эрс багассан, Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын геополиткийн зөрчилдөөн, валютын ханшийн өөрчлөлт, АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээний өөрчлөлт, Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ зэрэг олон талын нөлөөллөөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2018 онд тогтмол өссөнөөр Брент төрлийн газрын тосны сарын дундаж үнэ 2018 оны 01 дүгээр сард 69.18 ам.доллар/ баррель байснаас 2018 оны 10 дугаар сарын 3-нд  86,29 ам.доллар/баррель болж 24,7 хувиар өсөөд байна. Энэ 10 дугаар сарын дундаж үнэ 80-87 ам.доллар/баррель орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа хэдий ч цаашид газрын тосны олборлолтын хязгаарлалт, үүнээс үүсэн эрэлтийн огцом өсөлт болон АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамааран дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 11 дүгээр сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байгааг мэдээллийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан. 

УУХҮЯ-ны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллах, олон талт эх үүсвэрээс бүтээгдэхүүн импортлох бодлогыг баримтлан ажиллаж байна. Цаашдаа ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний зүйл, заалтыг дордуулахгүйгээр тогтвортой мөрдөх, экологийн ангилал өндөр буюу чанар сайтай шатахууны үнийн томъёололд худалдан авагч талд хөнгөлөлт үзүүлэх талаар яриа, хэлцэл хийх байр суурийг баримтлан ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-ын Чайна-Ойл компаниас шатахууны импортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, импортлох хилийн боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн онцгой албан татварын зохицуулалтын талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. 

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асууж, бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох тогтоол шийдвэрийг гаргах бөгөөд дараагийн хуралдаанаар төслийг хэлэлцэхээр боллоо

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт хэрэгжинэ

Засгийн газраас гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэн баталсан. Үүний дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон юм.

Энэхүү журам 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Ингэснээр оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм.  

Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380В бол 1,500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын гэр хорооллын 120 орчим мянган хэрэглэгч шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагджээ.

 “Ice top” хамтлагийн  дуучин Коби нэг жилийн ял авч, Эгшиглэн суллагджээ

 “Ice top” хамтлагийн  дуучин Эгшиглэн нар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, Коби буюу С.Чулуунбаяр нь нэг жилийн ял оноож, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяаг сулласан байна.“Ice top”-ийн Коби нь өмнө нь 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж байсан бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сард хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан байдаг.

Х.Нямбаатар: Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байгаа ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар хүчирхийлэлтэй холбоотой нэлээд ширүүн маргалдлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүүхдүүдийг дандаа ойр дотны хүмүүс нь хүчирхийлж байна. Би хуулийн төсөл санаачлаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн ч явахгүй байна. Х.Нямбаатар гэдэг бацааныг овоо юм хийх болов уу гэсэн чинь ер хөдлөхгүй юм" хэмээн хэллээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа. Өөрийг нь оймсондоо хавчуулж УИХ-д оруулж ирсэн даргаа ч доромжилно. УИХ-ын гишүүдэд үнэтэй зураг шахна. Аваагүй хүнийг нь доромжилно.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалт өөрчлөгдөөгүй. Гэтэл хүн гүтгэж, доромжлоод байна"  хэмээн ширүүхэн маргалдаж, хэлэлцэх асуудлаа үргэлжлүүллээ. 

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудад цас орж, хүйтэрнэ

Энэ сарын 19, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун хойноос секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

- 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
- 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 20-нд нутгийн хойд хэсгээр,
- 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно.
Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл