8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Түвшинжаргал: Хүчтэй Төв банк улстөрчдийг хашдаг

2018-10-19 13:25:28

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Эконометриксийн тэнхимийн ахлах багш, судлаач Д.Түвшинжаргалтай ярилцлаа.

- Төв банкны хараат бус байдлыг бэхжүү асуудлын хүрээнд таны байр суурийг сонсохыг хүсч байна. 

-Мэдээж, хараат бус төв банк байх ёстой. Гэхдээ яаж хараат бус байдлыг бий болгох вэ гэдэг нь чухал. Миний харж байгаагаар Төв банкны хараат бус байдлыг хангахад Төв банкны Ерөнхийлөгчийн томилгоо нэн тэргүүнд чухал.

Өөрөөр хэлбэл, Төв банкны Ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог. Төв банкны Ерөнхийлөгчийг 6 жилээр томилсон бол ийнхүү томилогдсон хугацаанд түүнийг тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангахад чиглэсэн зохицуулалтыг хуулинд тусгах зайлшгүй шаардлагатай.
Нөгөөтэйгүүр ганц Төв банкийг хараат бус болголоо гээд эдийн засаг сайхан болно гэвэл бас өрөөсгөл. Бусад улс орны туршлагаас харахад Төв банкны хараат бус байдлыг төсвийн бодлогын сахилга бат, тогтвортой байдалтай хослуулснаар ихээхэн амжилтад хүрсэн байдаг.

-Та Төв банкны хараат бус байдлын талаар судалгаа хийж байсан. Судалгаагаар ямар үр дүн гарав, Монгол Улсын Төв банкны хараат бус байдал хэр түвшинд байна вэ?

-Энэ судалгааг 2010 онд хийсэн. Гол сэдэв нь “Бодлогын тууштай бус байдал ба Төв банкны хараат бус байдал” юм. Судалгааны хүрээнд “Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төв банкны тухай хуулиар Монгол Улсын Төв банк хэр зэрэг хараат бус байна вэ” гэдэг асуултыг тавьсан. Энэ асуултад хариулахдаа тодорхой судлаачдын дэвшүүлсэн арга зүй буюу индексийн аргыг хэрэглэсэн. Уг индекс маань 0-1 хүртэлх оноо өгдөг. Нэг рүү ойртох тусмаа илүү хараат бус.

Харин тэг рүү ойртох тусам хараат болно. Монгол Улсын хувьд миний тооцож үзсэнээр 0.47 оноо авсан. Тэгэхээр хараат байдал өндөр байна. Дэд бүрэлдэхүүнээр ангилвал Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, сонгох, огцруулах болон Засгийн газарт олгож байгаа зээлийн хязгаарлалт гэсэн талбаруудад харьцангуй доогуур үнэлгээтэй буюу хараат. Харин бодлогоо тодорхойлох, Төв банкны бодлогын зорилт зэрэг талбаруудад харьцангуй өндөр үнэлгээтэй буюу хараат бус байгаа юм.

Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогыг харахад зургаан жилийн өмнө хийсэн судалгааны үр дүн бодитой байсан гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Төв банкны Ерөнхийлөгчийг заавал УИХ-ын дарга томилох ёстой юу гэх асуултыг хамгийн эхэнд тавьж болно.

-Хараат бус Төв банктай орнуудад инфляци бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон гэж байгаа. Монголын нөхцөлд инфляци тогтворгүй, өндөр савлагаатай байна. Тэгэхээр үүнийг Монголбанкны хараат бус байдалтай холбон тайлбарлаж болох уу?

-Яг 100 хувь санал нийлэхгүй. Монголын эдийн засаг харьцангуй жижиг. Импортын бараанаас хамааралтай буюу гадаад хүчин зүйлсийн нөлөө их байдаг. Тийм учраас инфляци тогтворгүй байгааг 100 хувь Монголбанктай хамааруулж болохгүй. Гэхдээ бас бүгдийг бусад руу шилжүүлэх буюу инфляци өсчихөөр “Бидний буруу биш, оросууд бензинийхээ үнийг өсгөчихсөн” гэж хандаж болохгүй.

Төв банк бол гол чигийг зааж өгөх, эдийн засаг тогтвортой байх коридорыг үүсгэх эдийн засгийн байгууллага. Энэ байгууллагын зорилтдоо хүрэх, инфляциа барих, үүний тулд явуулж буй арга хэрэгслийнх нь хүчийг нэмж өгөх гол зэвсэг нь хараат бус байдал юм.

-Төв банк хараат бус байх ёстой гэхээр үүний нөгөө талд Засгийн газартайгаа хэрхэн бодлогоо уялдуулах юм бэ гэх асуудал яригддаг. Нэг ёсондоо төсөв, мөнгөний бодлогын уялдаа шүү дээ. Хараат бус байна гээд Засгийн газрын бүх бодлогыг эсэргүүцнэ гэсэн үг биш байх?

-Төв банк, Засгийн газар аль аль нь улсынхаа эдийн засгийг хөгжүүлье, ард түмнийхээ амьдралыг сайжруулахыг зорьж байгаа. Гэхдээ Засгийн газрын зорилт нь богино хугацаанд Төв банкны зорилттой харшилдах тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, түр зуурын, явцуу ашиг сонирхлын үүднээс буюу дараагийн сонгуульдаа ялахын төлөө бодлого хэрэгжүүлэх гээд байдаг.

Төв банкны хараат бус байдал эдийн засагт иймэрхүү түр зуурын, гэнэтийн зүйл орж ирэхээс нь хааж өгдөг. Түүнээс биш Төв банк Засгийн газар хоёр тийшээ харж суучихаад, хэрэлдээд, дунд нь ард түмэн хохироод байна гэсэн үг биш. Маш сайн бодлоготой, хүчтэй Төв банк байвал улстөрчдийн зүгээс ч бас хамаагүй юм хийж чадахгүй л байхгүй юу. 

Жишээ нь Засгийн газар “Бид ийм амлалт өгчихлөө, хэрэгжүүлнэ” гэхэд Төв банк “Болно оо, гэхдээ та нарын энэ амлалт чинь эдийн засагт ийм ийм сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Тийм учраас та нар үүнийг хэрэгжүүлбэл, бид сөргүүлж, хариу арга хэмжээ авна” гэж хэлнэ. Тэгэхээр Засгийн газар нь хүссэн хүсээгүй Төв банктайгаа наймаалцах хэрэгтэй болж байгаа юм. Наймаалцах буюу дундын хамгийн сайн хувилбар дээр тогтоно гэсэн үг. Эндээс нийгэм ч хожино.  Хүчтэй Төв банк ийм байдлаар улстөрчдийг хашиж өгч байдаг.

-Хашиж өгнө гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Улстөрчид тогтвортой явсан эдийн засгийг улс төрийн зорилгоор савлуулдаг. Сонгуулийн өмнө төсвийн зардлыг огцом ихэсгэх, өрийг нэмэгдүүлэх ч юм уу. Иймэрхүү замаар эдийн засгийг огцом савлуулж, тодорхой бус байдал бий болгодог. Энэ нь өөрөө урт хугацааны эдийн засгийн өсөлтдөө сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм зүйлийг хязгаарлах газар нь урт хугацааны зорилго тавьдаг, хүчтэй Төв банк юм.

-Төв банкны хараат бус байдалтай хамт Төв банкинд итгэх итгэл чухал гэдгийг та онцолж байсан.

-Жишээ нь бодлогын хүүг бууруулах буюу өсгөх нь Төв банкны уламжлалт арга хэрэгсэл. Бодлогын хүүг өсгөлөө гэдэг маань инфляцийг хянах гэж байна аа гэдэг сигналыг эдийн засгийн оролцогчдод өгч байх ёстой. Энэ сигналд эдийн засгийн оролцогчид итгэдэг байх ёстой. Итгэл сайн байснаар бодлогын ончтой байдал нэмэгддэг. Тэгэхээр итгэл хэзээ бий болох вэ гэвэл бодлогын тууштай байдал хангагдсан үед л бий болно. Нэг жил нь инфляцийг ярьж байснаа дараагийн жил нь гэнэт дундаж давхарга ч юм уу, шал өөр зүйл яриад явчихдаг байж болохгүй учраас шийдвэр гаргах түвшинд үндсэн үүргийх нь л хүрээнд асуудалд ханддаг байх ёстой. 

 

Эх сурвалж: Монголбанк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл