8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2018-10-19 15:51:38

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдсэнийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсан. Гишүүд, ганц цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж бус бусад иргэдийн тэтгэвэр бодуулах цалингийн дундаж жилийг буцааж тав болгох эсэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх багц хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд амжвал намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэтгэвэр, тэтгэмжид хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд тусгаж байгаа гэдгийг сайд хариулав.  

2019 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэхээр тусгаад байгааг мөн тодотгосон. Түүнчлэн олон улсын байгууллагаас нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах зөвлөмж өгдөг гээд энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулан тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байсныг зургаа, долоон жил болгон өөрчилсөн гэж тэрбээр хэллээ. Цаашид ажилласан жилийн дараалсан хугацаа тав байх уу, долоо байх уу гэсэн асуудлыг тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуулийн шинэчлэлийн үеэр ярилцан шийдэж болох байх гэж бодож байна хэмээсэн.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжин хуулийг баталлаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэлээ. 

 

Тиймээс хууль санаачлагч хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж үзэж уг төслийг боловсруулсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж, төсвөөс 41.04 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай болж байгаа. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж, 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй гэсэн судалгаа бий бөгөөд иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байгаа аж. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын уг төслийг боловсруулсан гэлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байгаад анхаарах, халамжид зарцуулдаг төсвийн хөрөнгийг эдийн засагт үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалтад зарцуулж, ажлын байр бий болгож айл өрхийн орлогыг дээшлүүлж болох учраас энэ асуудлаар улс төрийн намууд зөвшилцөх хэрэгтэй, цаашид байгалийн баялгаар бүтээгдэж байгаа мөнгө эргээд баялаг болох ёстойг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийн талаар танилцуулсан юм.

 

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нийт активын 96 гаруй хувийг арилжааны банкууд, үлдсэн хэсгийг брокер, банк бус санхүүгийн байгууллагууд эзэлдэг бөгөөд нийт валютын арилжааны 70-аас дээш хувийг 3 том банк, үлдсэн хэсгийг бусад банк, банк бус санхүүгийн байгуулагуудын хийсэн арилжаа эзэлж байна. Үүнээс харвал манай улсын гадаад валютын зах цөөн томоохон оролцогчдын үйл хөдлөлөөс ихээхэн хамааралтай байгаа юм. Цаашилбал улирлын мөчлөг бүхий бүтэцтэй, уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай байдаг нь зарим үед ханш огцом хэлбэлзэх нөхцөлийг бүрдүүлдэг. Судалгаагаар дотоодын зах зээл хөгжихөд тулгамдаж буй гол асуудлууд бол суурь эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт, нийлүүлэлтэд улирлын шинжтэй огцом зөрүү үүсдэг, санхүүгийн зах зээлийн бүтэцтэй холбоотойгоор цөөн нөлөө бүхий томоохон оролцогчтойн дээр оролцогчдын хоорондын итгэлцэл бага, төлбөр тооцооны эрсдэл өндөр гарч байсан. Иймд дотоодын зах зээлийн өрсөлдөөнт байдал болон мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулахын тулд санхүүгийн зах зээлийн тодорхой шаардлагыг хангасан оролцогчид тэгш эрхтэйгээр оролцох боломжтой Арилжааны нэгдсэн платформ буюу валютын биржийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг хууль санаачлагч онцолсон.

Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байгаа тул уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Иймээс энэхүү давхардал, зөрчил, хийдлийг бүрэн арилгаж Валютын зохицуулалтын тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиудыг нэгтгэж, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгож, валютын харилцааг бүрэн  зохицуулсан, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох шаардлага зүй ёсоор үүссэн гэлээ.

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдийн засгийн суурь бодлогын хувьд хөрөнгийн чөлөөтэй урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэм, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдал, зохицуулах харилцааны хувьд эдийн засгийн харьяат хоорондын болон тэдгээрээс эдийн засгийн харьяат бустай хийх валютын гүйлгээ, валютын дотоодын захын зохицуулалт, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой болох боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

 

Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцүүлж, валютын захын үйл ажиллагааг зохицуулалттай болгох, бүртгэлжүүлэх, экспортын орлогоор Монгол Улсад орж байгаа валютын талаарх хяналтыг бий болгох, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хууль хяналт нэрийн дор иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг хөндсөн заалтууд олон байгааг анхаарах, экспортын орлого Монгол Улсад бүрэн орж байгаад тавих хяналтыг сайжруулах нь энэ хуулийн гол агуулга байх ёстой, гадаад валютын тайлан тэнцэлтэй холбоотой асуудалд ажлын хэсэг анхаарч ажиллах шаардлагатай, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан их хэмжээний хадгаламж эзэмшигчдэд өндөр татвар ногдуулдаг бодлого барих, хувь хүн, аж ахуйн нэгжийн нууцад халдахгүй байх нь чухал гэсэн саналуудыг гаргажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь мөн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байгаад болоод л байсан, энэ МАН гарч ирээд 7 жил болгосон, та нарт 2020 онд санал өгөхгүй!!!
2018/10/19 43.242.243.60