8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Тариалангийн нутгуудад цас орж, хүйтрэхийг анхааруулж, “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүд боллоо

2018-10-19 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

З.Нарантуяа: Хүүхэд харах үйлчилгээний төсвийг бууруулсанд шүүжмлэлтэй хандаж байна

Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачлагаа УИХ-ын даргад өргөн барихтай холбогдуулан хийсэн мэдээлэл хийж байна. Тэрбээр "Ирэх оны төсөв бол түүхэнд анх удаа хамгийн их зарлагатай төсөв болсон. Урсгал зардлаа нэмээд байгаа ч хүүхэд хамгаалах зардлаа бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм.

Энэ жил хүүхэд харах үйлчилгээг мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч үзүүлдэг болгох зорилгоор 5,5 тэрбум төгрөгийн зардалтай БСШУС-ын сайдын багцад шилжүүлсэн. Гэсэн ч энэ ажилд ахиц гараагүй, нийт хамрагдсан хүүхдийн тоо 500-аар буурсан.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн тоо 153-аар буурсан. Энэ оны төсөв дээр 5,5 тэрбум төгрөг дахиж буураад 2,3 тэрбум болчихсон байна. Тиймээс бид Нээлттэй сонсголын тухай хуулийн 4.2.4 дүгээр заалтыг үндэслэн, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө нээлттэй сонсгол зохион байгуулж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байна. Төсвийн ажлын хэсэг 2019 оны төсөв дээр яг одоо ажиллаж байна. Ирэх оны төсөв бол нэлээд өөдрөг төсөөлөлтэй орж ирсэн. Ер нь энэ жил Сангийн яамны зүгээс яамдуудын үйл ажиллагааны зардлыг нэлээд танаж оруулж ирсэн. Зарим сайд нар үйл ажиллагаа явуулах хэмжээний зардал суугаагүй байна гэдгийг учирласан.

Тэгвэл ямар зардал илүү өссөн бэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал 46 хувиар өссөн.  Хүчирхийлэл буурахгүй байна. Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж өгөх хүсэлт гаргаж байгаа" гэсэн юм. 

М.Билэгт: 20 сая малаар шатахуун бартердаж болох юм биш үү

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт шатахууны асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц шийдэл байгааг танилцуулж танхимд байсан гишүүдийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж мөнгө болгох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Малчдаа дэмжмээр байна.Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байж байна. Уг нь жилдээ 1 тэрбум  ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ” хэмээн асуув.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэл дээр бид ажиллах ёстой. Махыг экспортлох бүрэн боломжтой. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид нар бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариуллаа.

 Талийгаач Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмж олгоно

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон байна. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.

Био комбинат-Сонсголон-5 шар, Хужирбулан-Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт орлоо

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа.

Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар” чиглэлийг сунгаад байна.

 

Дээрх чиглэлүүдийн өөрчлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс /маргааш/ мөрдүүлэхээр шийдвэрлэн холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Ж.Мөнхбат: Монголын ядарсан айлын хүүхдүүдэд мөнгө өгье гэхэд юунд уурлаад байгаа юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тогтоолын төсөл санаачлагчын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгийг өгөх нь зөв гэж бодож байгаа. Хүнийхээ төлөө төр нь ажилладаг Япон улс гэхэд сар бүр 10,000 иенийг хүүхдүүддээ өгч байгаа. Дэлхий дээр хүүхдийн мөнгийг хамгийн бага өгдөг нь Монгол Улс. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөөр таван кг гурил, 3 кг будаагаа авч амьдралаа залгуулж байгаа олон зуун мянган айл, өрх байгаа шүү гэдгийг хэлье. Хоёрдугаарт, хүсэлт гаргасан хүүхдэд мөнгийг өгнө гэдэг бол 100 хувь өгөх биш. Боломжтой, бололцоотой айлын хүүхдүүдэд өгөхгүй байх бүрэн боломж бий. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр нь хууль зөрчсөн гэж огцорч ч байсан. Хууль зүйн яам нурж уначихаагүй л байгаа. Ажлаа явуулж байгаа байр байшинтай. 2019 оны төсөвт Хууль зүйн яамны контор барихад 4 тэрбум төгрөг тавьчихсан байгаа.  4 тэрбум төгрөгөөсөө татгалзаад, шинэ контор барьж тансаглахаа больж монголын ард түмний хүүхдэд мөнгө өгөх хэрэгтэй. Монголын ядарсан айлын хүүхдүүдэд мөнгө өгье гэхэд юунд уурлаад байгаа юм бэ. Хүүхдийн мөнгийг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө авах гэж байгаа биш. УИХ-ын гишүүн, сайд нар, төрийн том албан тушаалтан, дарга нар хүүхдийн мөнгө авахгүй байхыг УИХ, Засгийн газар уриалж болно ш дээ. Би уриалж байна.  Үнэхээр авья гэж хүсэж байгаа, эм тарианд нь хэрэг болж байгаа айлуудад нь өгье гэж энэ тогтоолын төслийг оруулж ирж байна. Баталж өгөөч. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс юмуу зургаадугаар сарын 1-нээс мөнгийг нь олгоход 13 тэрбум төгрөг л шаардагдана" гэв.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох" тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Геологи, уул уурхай, бүтээн байгуулалтын түүхийн эзэд нэгэн дор цуглаж, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө

Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон. 

Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.

20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.       

    Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төрийн засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ДАШТ: Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хэсгээ тэргүүлэн барилдана

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо маргааш/10.20/  Унгарын нийслэл Будапештэд эхлэх бөхийн төрлийн ДАШТ-д жин тус бүрт хэсгийг толгойлох дөрвөн бөхийн нэрийг зарлалаа.

Тодруулбал, жин тус бүрт дэлхийн чансааны эхний дөрөвт бичигдэж буй бөхчүүд хэсгээ тэргүүлсэн байна.  Хэрэв чансааны эхний дөрвөн байрт багтсан тамирчин ДАШТ-д оролцохгүй бол дараагийн бөх байрыг нь эзэлжээ.

Манай улсаас эмэгтэйчүүдийн дөрвөн жинд тамирчин дэлхийн чансааны “Топ-4” багтсан. Дөрвөн бүсгүйгээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар Будапештийн дэвжээнд зодоглохгүй тул 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор жиндээ хэсгийг тэргүүлэн барилдана.

Харин эрэгтэй тамирчдаас маань нэг ч тамирчин дэлхийн чансааны “Топ-4”-т багтаагүй байна.

Анхаар: Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

19,20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагаас 10 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн,  өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө сэрүүсч 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Ц.Хосбаяр: Би ажлаа өгөөгүй. Хэн ямар зорилготой ийм мэдээл тараасныг мэдэхгүй

Азийн наадмаас алтан медаль хүртэж амжилтаа бататган монгол түмнээ баярлуулж байсан  П.Орхонд ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байна. Наймдугаар сарын 31-ны орой түүнээс сэргээш илэрсэн гэх таагүй мэдээ дуулдаж, тэрбээр сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа. 

Тодруулбал, П.Орхоноос Азийн наадмын үеэр авсан шинжилгээнийх нь дээжнээс анаболик стеройд төрлийн бодис илэрснийг Азийн олимпын зөвлөлөөс албан ёсоор баталж, “Жакарта-Палаембан-2018”-аас авсан алтан медалийг нь хураагаад байгаа юм. Тус сэргээшийн асуудлаас болж Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдэээл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн билээ. Түүнийг ийнхүү ажлаа өгөх болсон нь П.Орхоны сэргээшийн асуудлаас өөрийгөө холдуулж байгаатай холбоотой гэсэн тайлбар байгаа юм. 

Тэгвэл энэ асуудал багш, дасгалжуулагч  Ц.Хосбаяр тайлбар хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би ажлаа өгөөгүй. Тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд байж байна. Хэн ямар зорилготой ийм мэдээл тараасныг мэдэхгүй. Холбооноос намайг ямар ч ярилцлага битгий өгөөрөй гэсэн. Холбооны нарийн бичгийн дарга зарим дарга нартай нийлж янз бүрийн мэдээлэл гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо нэрсийг нь хэлэх боломжгүй байна” гэв.

Гавьяат тамирчин П.Орхоны хувьд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа бөгөөд түүний ойр тойрныхон болон багш нар  нь “Орхон сэтгэлзүйн хувьд хүнд хэцүү байна” гэснээс өөр тайлбар хийгээгүй байна. Мөн өнгөрсөн  хоногт Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон энэ асуудлаар хэвлэлийн хурал зарласан байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. 

 

Цайз захаас хойш өгсөх авто замын зорчих хэсгийг нээлээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0,850 км авто замын засвар шинэчлэлтийн ажил дуусаж, өнөөдөр авто замын зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.

Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд. Батжаргалын Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаныхан, иргэд оролцлоо.

Тус зам нь 2 эгнээ бүхий 0,850 км, зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай ба зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Экспресс зам” ХХК хийж гүйцэтгэж дууслаа.

Алтан Өлгийн гудамж нь 2003 онд баригдсан авто зам бөгөөд тус авто замын насжилт нь 15 жил болсон. Тус авто замын сүлжээ нь Улаанбаатар хотын зүүн хэсгийн хөдөлгөөнийг хуваарилах гол ач холбогдолтой туслах гудамж авто зам юм.

Анхны байдал нь явган хүний замгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан асуудлыг нэг түвшинд шийдвэрлэж, 2 сарын хугацаанд авто замын шинэчлэлтийн ажлыг шуурхайлан хийж гүйцэтгэж, өнөөдөр авто замын зорчих хэсгийг нээж байна.

Тариалангийн нутгуудад цас орж, хүйтрэхийг анхааруулав

Ургацын төв штабаас мэдээлж байгаагаар өчигдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 75 хувь, төмсний 98, хүнсний ногооны 97 хувийг хураан аваад байна.

Тодруулбал, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа хураан аваад байна. Нийт хураан авах тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байна.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж байгаагаар, аравдугаар сарын 18, 19-нд буюу өнөө, маргааш нутгийн баруун хэсгээр, 20-22-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, ХАА-н газарт хүргүүлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл