8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2018-10-20 10:10:20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын Хүүхдийн ордон” үүсэн байгуулагдсны 60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд оролцож, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид болон хүүхдүүдэд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, үг хэлэв.

Тэрбээр Үндэсний өв уламжлал, соёл урлагаар дамжуулан хүүхдүүдэд эерэгээр нөлөөлж, тэдний хөгжиж, сурч боловсрох язгуур эрх ашгийг дээдлэн хүндэлж, ирээдүйн эх оронч иргэнийг төлөвшүүлэн бий болгоход онцгой чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэнд Хүүхдийн ордны удирдлагууд болон үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдэд талархаж буйгаа илэрхийлсэн юм.  Цаашид энэхүү нэр төртөй үүргээ сайтар биелүүлж, сургалтын хүрээгээ өргөжүүлэн орчин үеийн нийгмийн хөгжлийн чиг хандлагат нийцүүлж шинэ тутам шаардагдах харилцаанд дасан зохицож чиглүүлэн манлайлж авч явах ирээдүйн иргэдээ бэлтгэн гаргахад зориулсан сургалт явуулах нь зүйтэй гэв. 

Мөн  Засгийн газраас 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Хүүхдийн ордонд их засварын ажил хийгдсэн ч тайз засал, хөгжим техник хэрэгслийн шинэчлэл орхигдсныг дээрхи санхүүжилтээр шийдвэрлэх боломжтой болно гэлээ.

Хүүхдийн ордон байгуулагдснаас хойшхи хугацаанд 130 гаруй мянган хүүхэд  суралцан төгсч, өдгөө жилд 4000 гаруй багачууд 32 төрлийн дугуйланд хичээллэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл