8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй

2018-10-21 11:40:00

Аравдугаар сарын 22-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусуудыг нэвтрүүлэхгүй гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.

Өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтарч улс болон хот хооронд, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусуудад шалгалт хийжээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан “Шалгалтын дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ийнхүү арга хэмжээ авч байна" хэмээн хэлсэн байна.

Түүний тайлбарласнаар тус аймагт Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь үйлдвэрлэгдээд 12-оос дээш жил болсон аж.

Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохыг зорьж байгаа бөгөөд иргэдийг найдвартай унаагаар үйлчлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл