8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Насанбурмаа шигшээ барилдаанд шалгарч, Б.Шоовдор дэлхийн медальтан боллоо

2018-10-24 08:49:00

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаанд манай эмэгтэй бөхчүүд медалийн буухиаг үргэлжлүүллээ. Манай бөхчүүд Унгарын Будапешт хотноо хэрхэн амжилттай барилдаж мэдээллийг тоймлон хүргэе. 

Л.ТӨРТОГТОХТ ДЭЛХИЙН МЕДАЛЬ ОЙРХОН БАЙЛАА

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Парисын “Гранпри”-гийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий алт, хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хошой аварга, энэ жилийн улсын аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Лувсандоржийн Төртогтох 92 кг-ын жинд тавдугаар байрт орлоо.
Л.Төртогтох Дунай мөрний эрэгт эхний даваанд Казахстаны Нургали Нургайпулыг 2:1-ээр ялсан ч 1/4 шигшээд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Беларусийн Иван Янковскийд оноогоор цэвэр (0:10) ялагдсан юм. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд БНСУ-ын Ли Жон Куг 4:0-ээр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд 2015 онд Азийн АШТ-д үзүүрлэж, “Мongolia Open”-д ирж түрүүлж байсан Японы Ацүши Мацүмотод 5:6-гаар харамсалтай ялагдав. Манай бөх барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргав. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзсэн түүнд Будапештийн дэвжээ том туршлага болж өглөө.

Б.ШООВДОР ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АЛДААГАА ЗАСЧ, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОВ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медвед, Сассари, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Будапештэд манайхны хоёр дахь хүрэл медалийг (Т.Түвшинтулга эхний медалийг хүртсэн) эх орондоо авчирлаа. Өнгөрсөн жил Парист медалийн оосроос атгаад алдаж байсан тэрбээр Будапештэд алдаагаа засч, дэлхийн медальтан болов. Түүний авчирсан энэхүү медаль нь манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий 59 дэх, 32 дахь хүрэл медаль болж байна. 
Дөрөв дэх ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Дунай мөрний эрэгт 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол дөнгөж сая шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр Б.Шоовдор хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр (1:11) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялснаар дэлхийн данстай бөх гэдгээ харуулав.

О.НАСАНБУРМАА ШИГШЭЭ БАРИЛДААНД ШАЛГАРЛАА

“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. 72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл, "Гуанжоу-2010" Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “Сhina Open”-д түрүүлээд байгаа БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалийн болзолоо хангаад буй О.Насанбурмаа гавьяат маргааш шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиотой хүч үзнэ.

Т.ТҮВШИНТУЛГА БУДАПЕШТЭД ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮЖ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БӨХ БОЛЛОО

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт,“Mongolia Open” ОУТ-ий хошой, Монгол Улсын гурван удаагийн аварга, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр ийнхүү ДАШТ-ээс гурав дахь оролдлогоороо Монголын чөлөөи бөхийн тамирчдын 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа. 
Т.Түвшинтулга Унгарын нийслэлд 1/16 шигшээд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан. Оросын бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд ялж байсан “Будапешт-2016” ДАШТ-ий дэд аварга Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийн данстай бөх гэдгээ харууллаа. 

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг гэртээ харина 


68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг тэгшитгэлд Сенегалийн Анта Самбоуг цэвэр ялж шөвгийн наймд шалгараад байсан. Шведийн бөхчүүдийг ялж шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын бөх Мариама Менсад ялагдан гэртээ харихаар боллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment