8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов

2018-10-24 15:30:09

Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг 2018 оны 10 дугаар сард багтаан ирүүлэх тухай Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын дагуу өнөөдөр Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсож байна хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийв. Тэрээр,Аудитын дүн, дүгнэлттэй уялдаж Ерөнхий сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдад зөвлөмж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид агаар, орчны бохирдол өсөж байгааг “царцаах болон бууруулах” чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар нэгдсэн бодлого, хяналтын дор зохион байгуулах талаар зөвлөмж өгсөн. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Сангийн сайдад зөвлөмж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид албан шаардлага өгсөн ба зарим аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Төрийн аудитын байгууллагаас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үр нөлөөт байдалд цаашид байнгын явцын хяналт шалгалт явуулах болно гэлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлыг бууруулахад олон тэрбум төгрөг, сая сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Эдгээр мөнгийг юу юунд зарцуулсан талаар тодруулж байв. 

Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийсэн тайлбартаа, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, МУ-ыг Хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан ба 2012-2017 онд нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай 2,535,739 хэрэглэгчдэд /давхардсан тоогоор/ хүйтний улиралд орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэнд нийт 14.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах нэрийдлээр олон арван тэрбум төгрөг зарцуулсан. Энэ үйлдвэр баригдсан эсэхийг асуухад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан 210,000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, агаарын бохирдолд гүйцэтгэлийн аудит хийсэн эсэх, хэнд хариуцлага тооцох талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, гүйцэтгэлийн аудитыг 2013, 2018 онуудад тус тус хийж, зөвлөмж хүргүүлсэн. Бид бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлэгүй гэв. 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, утааг бууруулахад гадаадын зээл, буцалтгүй тусламжаас маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа атал яагаад хөрөнгө оруулагчдаас гомдол гаргахгүй, хяналт байгаа эсэх талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, аудитаар хийсэн дүгнэлтэд хяналтыг холбогдох яам, сан хийх ёстой байсан боловч хяналт хийгдээгүй нь тогтоогдсон. Иймд Үндэсний аудитын газраас албан тоот хүргүүлсэн болно гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнл Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Г.Солтан нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, өмнөх жилүүдэд зарцуулсан хөрөнгийн эзэн нь байхгүй гэсэн тайлбар хийж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцохын тулд Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газарт хандаж хариуцлагыг нь заавал тооцуулах тухай санал хэлж байв.

Ийнхүү Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонссоны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гг
агаарын бохирдлын санд төрийн ямар нэг албан тушаалтан ажиллахаар төрийн мөнгө идээд байх юм харин хөндлөнгийн судлаачдыг энэ тал дээр ажиллуулах хэрэгтэй
2018/10/26 202.21.97.90