АТГ-ын ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнөөдрийн хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм. АТГ-аас засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа үйлдэл хавтгайрах шинжтэй байгаад анхаарал хандуулж ажиллаж байгаа юм байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 онд нөөц сангийн хөрөнгөөс зөвхөн шагнал урамшуулалд 30.8 сая төгрөгийг зарцуулжээ. Үүнээс гадна уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн арга хэмжэнэд 46.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн АТГ-аас ИНЕГ-ын албан хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байна гэж үзэж анхааруулж, зөвлөмж хүргүүлсэн ч зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдан гарсаар байгаа аж.
Тодруулбал 2017 онд ИНЕГ-аас 1.4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулжээ. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш ЗТХЯ-ны албан тушаалтнуудад 10-20 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.
Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. “Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээллийг өгсөн юм.
Үүнээс гадна өчигдөр 60 тэрбумын хэргийг бичлэгийг ил болгосон гэх Г.Доржзодов олон нийтэд мэдээлэл ташаа мэдээлэл гэв. Тодруулбал, "Иргэн Доржзодовын хэвлэлийн бага хурлын үеэр ташаа мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг хаана шалгаж, хэрхэн шийдэх нь прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал. Энэ асуудал дээр прокуророос сэргээж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, АТГ-т ажлын хэсгийг нь ахлуулаад цагдаа тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж энэ хэрэг асуудлыг шалгасан. Прокурор хэрэг бүртгэлийн хэргээ хаасан. Сая сэргээж өмнөх ажлын хэсэгт даалган хэрэг асуудлаа ирүүлсэн. Үүнийг АТГ дураараа энэ хэргийг татаж аваад хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсийг хаацайлсан асуудал байхгүй. Энэ бол прокурорын эрхийн асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Дүн мэдээллийг дараах график байдлаар үзүүлж байна.