8o
Улаанбаатар хот
mobile menu

БОХХААБХ: Хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

2018-10-30 15:00:30

У

лсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 26 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д. Тэрбишдагва даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

Гишүүдийн зүгээс малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсээс ирж байгаа машин техник, иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхэд ариутгах ажлыг шинэчлэхэд арга хэмжээ авч байгаа эсэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махны экспортыг дэмжин, үйлдвэр барих асуудалд шуурхай ажиллаж байгаа талаар  тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд Ж.Сауле хариултдаа, Монгол Улсын Засгийн газраас батласан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон мах, сүүний үйлдвэрийг барих бэлтгэл ажил үргэлжилж, ТЭЗҮ боловсруулагдаж байгааг онцлоод одоогоор махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр  орон нутагт ажиллаж байна гэж байлаа. Мөн тэрбээр, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор автомашин, иргэд, тэдгээрийн ачаа тээшийг иж бүрэн ариутгаж, халдваргүйжүүлэн нэвтрүүлэхэд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологи ашиглахад шаардагдах төсөв, хөрөнгийн зардал өндөр байна. Тиймээс боломждоо тулгуурлаад автомашины дугуйг ариутгах ажлыг үргэлжлүүлж байна хэмээн хариулав.

Ингээд Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.  Уг тогтоолын төсөлд Бэлчээр хамгаалах болон Таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, тооцоо судалгаа гаргах, хөтөлбөр боловсруулж батлуулах, тариалангийн бүс нутагт сэлгээний таримлыг сонгон нэвтрүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлогдоход шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, үүлдэр омгийн малыг үржүүлэх, бүс нутгийн байршлыг тогтоох, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх туршилтын төслийг эхлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах заалтыг тусгажээ. 

Түүнчлэн малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт үйлдвэрийн аргаар мах бэлтгэх ажлыг өргөжүүлэх, малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаагг өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, орон нутгаас тухайн жилд шаардлагатай таримал тэжээлийн захиалгыг авсны үндсэн дээр тариалалт хийх, шаардагдах стандартыг боловсруулж батлуулах, улсын нөөцөд ногоон тэжээлийг авах асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдад чиглэл болгохоор  тус тус тусгажээ. 

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн хувьд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх ажил удаашралтай, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулаад хуулийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг тодрууллаа.

Ажлын хэсгийн зүгээс, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлоход 27 тэрбум төгрөг, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэхэд эхний ээлжинд 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч төсөв, мөнгөний хүрэлцээгүйгээс энэ асуудлыг шийдвэрлэх зардал улсын төсөвт суугаагүйг хариултдаа онцолсон. Харин салбарын сайд Б.Батзориг Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө төсөвт тусгагдаагүй ч, Швейцарь, Франц зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, төсөлд “Сэлэнгэ аймгийн ургацын 50 хувийг бүрдүүлдэг Шаамар, Зэлтэр, Цагааннуур, Зүүнбүрэн сумыг холбосон 120 км замыг хатуу хучилттай болгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олох”, “2019 оноос эхлэн хүн амын гурилын хангамжийг тогтворжуулах зорилгоор жил бүр улаанбуудайг тухайн жилийн дотоодын ургацаас нэн тэргүүнд улсын нөөцөд авч тооцох эдийн засгийн болон эрх зүйн зохицуулалт хийх” гэсэн заалт нэмж тусгахыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийн 6 дугаар заалтыг “Малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, орон нутагт үйлдвэрийн аргаар мах бэлтгэх ажлыг өргөжүүлэх” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл