8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тамгын газар ил далд сонирхолоо татах хэрэгтэй

2018-10-31 11:56:33

МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэрэгтэй гэдгээ илэрхийллээ. Энэ талаар таны бодол?

-Энэ талаар өчигдөр харсан. Надад бол хоёр гурван юм бодогдлоо. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь гээд асуудлыг гаргаад ирэхэд миний бие дэмжиж байсан уу, дэмжиж байсан. Авилгалтай холбоотой, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, Засаглалтай холбоотой асуудлууд байгаа юу? Байгаа. 60 тэрбумтай холбоотой зэрэг олон асуудлууд дээр би Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө МУ-ын төрийн тэргүүн, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч парламентыг тараана гэдэг замаар хандаж болохгүй гэж бодож байна. Аливаа нэг зүйлийг хийхийн тулд тухайн улс төрч юу гэж бодож байгаа нь тухайн хүний асуудал. Гэхдээ энэ нь бидний бодож байгаагаас өөр өөр үр дүнгүүд дагуулах эрсдэлтэй гэж харж байна. Магадгүй иргэд энэ асуудлыг дэмжин хөөрч, өөр хоорондоо мөргөлдвөл юу болох вэ? Энэ жижигхэн улс мөргөлдөөд эхэлбэл бусад улс орнууд хэрхэн яаж харах вэ зэрэг олон бодох юм байна. Төрийг муухай харагдуулж байгаа авилгалтай холбоотой олон асуудал байгаа. Үүнийг байнга хэлсээр ирсэн. Гэхдээ манай улс парламентын засаглалаас татгалзах замаар асуудлыг шийдэж хэрхэвч болохгүй. 1990 онд бид тайван замаар ардчиллыг олж авсан. Өнөөдөр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй амьдарч байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ийм асуудал яригдаж байгаа ч үүнийг ийм замаар шийдэж огт болохгүй. Шулуухан хэлэхэд авилгалтай холбоотой болоод бусад асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ил болон далд хэлбэрээр Ерөнхийлөгчийн засаглал руу санаархдагаа одоо зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголын ард түмний язгуур эрх ашгийг бас бодох ёстой. Гэхдээ энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хороо, бүлгээр хэлэлцэгдээд эерэгээр шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн санаа эхнээсээ бүтэхгүй гэдэг нь харагдаж байгаа. УИХ-ын 64 суудалтай МАН-ын бүлэг УИХ-ыг тараана гэж байхгүй, тийм санал ч УИХ-ын гишүүдэд байхгүй байх. Үүнийг та хэрхэн харж байна. Улс төр үү? Эсвэл ардаа ямар нэг дагуултай үйлдэл үү?

-Үүнийг МАН 65 суудалтай байгаа эсвэл Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон, 20 оны сонгууль болох гэж байна гэдгээр хармааргүй байна. Энэ бол олон нийт, иргэдийн бухимдал дээр гарч ирж байгаа илэрхийлэл мөн. Маш их бодох ёстой асуудал. Ерөнхийлөгч энэ үйлдлээсээ ухрах болов уу гэж бодож байна. Бид бие биеэ шүүмжилдэг парламентын энэ засаглалаасаа татгалзвал эцэг өвгөдийнхөө амь бие цусаараа бүтээсэн тусгаар тогтнолын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Үнэхээр болохгүй байгаа хүмүүсээ сонгуулиараа өөрчил л дөө. Яагаад заавал тогтолцоогоо өөрчилж, бүхнийг одоо байгаа хүмүүсээр бодож явцуурах ёстой гэж. Хэдхэн жилийн өмнө л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дарангуйлал тогтлоо гээд л ярьж явсан шүү дээ. Түүнийг нь би мартдаггүй юм. Гэтэл өөрөө Ерөнхийлөгч болчихоод Парламентад яагаад дургүй болчихов. Яагаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУ-ын Парламентын дарга байсан, Парламентын үнэ цэнэ, жижиг улсад тохирох засаглал гэдгийг хамгийн сайн мэдэх түүхэн хүн өнөөдөр үзэл бодлоосоо ухрах болов. Одоо байгаа бүх хүмүүс байр байрандаа мөнхөд байна гэсэн үг биш шүү дээ. Хэн нь ч Ерөнхийлөгч болж болно, хэн ч парламентын гишүүн болж болно, аль ч нам засгийн эрх барьж болно. Энэ бүх зүйл дээр “ХҮН” гэдэг талаас нь харах юм бол бас алддаг. Жишээлбэл Гүйцэтгэх засаглал дээр АТГ-ыг хавсрах тухай асуудал яригдаж байна. Х.Энхжаргал гэдэг хүн ажлаа муу хийж байгаа гэдэг дээр би санал нэгддэг. 60 тэрбумтай холбоотой болон олон асуудал дээр хаацайлж байгаа зүйлүүд байсан. Одоо ч гэсэн бид Цэцэд өгчихөөд байна. Гэхдээ Х.Энхжаргал гэдэг хүн ажлаа муу хийснээс АТГ-ыг татан буулгана гэдэг ч юм уу, УИХ-ын институцид байсан газрыг татаж авчраад Ерөнхий сайдын хажууд тавина гэдэг бас байж болохгүй асуудал. Намын дарга АТГ-ыг удирдаж болохгүй юм. ЖДҮСангийн зээлийн асуудалд оролцсон, нийгэмд муухай харагдаж байгаа гишүүдээр далимдуулан үйл явдалд хандаж болохгүй. Бид өөрсдийн байгуулсан ардчилсан үнэт зүйл, Үндсэн хуулийн зарчмаасаа ухарч болохгүй. Ийм нөхцөл байдал үүсгэж байгаа нь түгшүүртэй, сайн бодох нөхцөл байдалд оруулж байна. Иргэд маань их тайван нухацтай бодож, зарчмын хувьд их зөв харах ёстой. Төрийн гурван өндөрлөг зөвшилцлийн ширээнд сууж уулзаж ярилцах ёстой. Заавал засаглалынхаа хэлбэрийг өөрчилж, иргэдийг уриалан дуудаж, Олон улсад хүнд байдалд орохгүйгээр хууль эрх зүйн хувьд олон боломжит хувилбаруудаас сонгож шийдээсэй гэж хүсэж байна.

-Өлсгөлөн зарлана гэж үг унагасан. Болчимгүй үгийг амнаасаа унагачихав уу, улс төрийн зорилготой байв уу. МУ-ын Ерөнхийлөгч нь өлсгөлөн зарлахаар энэ улс юу болох юм бэ?

-Энэ асуудлыг би өөрөө ч бас үзсэнгүй цахимаар явж байна. Ийм үйлдэл хийгдэхгүй байх гэж итгэж байна. Ингэхийн тулд зөвшилцлийн ширээний ард суух ёстой. Нийгэмд бухимдал төрүүлээд байгаа нэг үйл явдлаар дөрөөлж бүхэл бүтэн парламентат ёс, эрх зүйт төр, эрх мэдлийн салангид байдал руу тэмүүлж байж бүр илүү их алдаа руу орвол хэн хариуцлага хүлээх вэ. Төрийн гурван өндөрлөгийн үг бол туйлын хариуцлагатай байх ёстой. Ард иргэд та бүхний үгийг дагах, хөөрч шуурах, бүр сохроор дагах ч зүйл байгаа. Ийм үед асуудлыг хамаагүй хөөргөж дэвэргэх нь тийм сайн зүйл биш байх. Магадгүй намайг намаа хамгаалж байгаа, эсвэл парламент тарчихвал Л.Оюун-Эрдэнэ гэх хүнд их хүнд зүйл тохиолдох гээд байгаа гэх өнцгөөр ярьж байна гэж битгий бодоорой. Дэлхийн 180 гаруй орны түүхэнд 30 гаруй улсад ийм үйл явдал тохиолдсон байдаг. Энэ бүхэн дандаа сөрөг үр дүн авчирсан байдаг. Дараа нь ямар нэг мөргөлдөөн тэмцэл гарвал өдөөн турхирсан хүмүүс өөрсдөө гараад явчихдаг. Энгийн иргэд, ард түмэн л тэр бүхний золиос болж үлддэг. Тэгэхээр эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг бол бидэнд эдийн засгаас илүү язгуур үнэт зүйл юм. Үүний л төлөө өвөг дээс маань тэмцэж ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа шүүмжилж чаддаг. Улс төрийн намуудыг сонгуулиараа сольж чаддаг. Үнэхээр болохгүй байгаа сайдыг олуулаа нийлээд огцруулж чаддаг эрх чөлөөтэй байна. Монголд сайн зүйл ч байна. Болохгүй юм ч байна. Болохгүйгээ бид хууль эрх зүйн хүрээнд засч залруулж явах ёстой.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийг буруутгасан. Гэтэл таны нэр ч тэр дунд явж харагдсан. Жагсаалтын 48 дугаарт Л.Оюун-Эрдэнэ гээд байгаа нь та мөн үү?

-Би үүнийг олон удаа тайлбарлаж байна даа. Энэ сангаас зээл авч байсан эсэхийг тодруулж өгнө үү гэсэн албан бичгийг би явуулсан. Тус сангаас ирүүлсэн тодорхойлолтонд зээлд хамрагдаж байгаагүйг тодорхойсон албан бичгийг хариу ирүүлсэн. Гэхдээ адилхан нэртэй хүн 10 сая төгрөгийн зээл авсан гэдэг мэдээллийг надад өгсөн. Энэ хүний талаар мэдээллийг авч бас болохгүй байна. Хувь хүний мэдээлэл учраас өгөх боломжгүй юм байна. Тэгэхээр энэ бол ташаа мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэ асуудлын хувьд улс төрд байгаа хүмүүс холбогдсоноор энэ зээлийн асуудал байхгүй болох ч юм уу тийм зүйл байж болохгүй. Улсын хөгжлийн хувьд маш чухал ажил. Дахиад улс төрчид холбогддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хязгаарлаж зохицуулах ёстой. Манайхан ч өөрсдөө бодох учиртай. Олон нийтэд нээлттэй зарлагдаж иргэдэд энэ зээл хүрэх ёстой. Ямар шугамаар хүргэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Жишээлбэл, би хэзээ ч концессийн эсрэг байгаагүй, харин концесст УИХ-ын гишүүд өөрсдөө холбогдохын эсрэг л байсан. Дэлхийн бүх улс орнууд шууд төсвөөс мөнгө гаргах боломжгүй эдийн засаг, дэд бүтцийн тулгамдсан асуудлаа концессоор л шийдэрлэдэг. УИХ-ын гишүүд өөрсдийн компани дээр концесс аваад, авилгалын асуудалд холбогддог. Одоо бүх нийтээрээ концесс гэдэг буруу юм байна гэдэг ойлголтыг манайханд өгчихсөн. Тэгэхээр энэ мэт зүйл дээр бид бодолтой байх ёстой. Бүх зүйл жам ёсныхоо дагуу нээлттэй ил тод байх нөхцөл байдал руу явж байна. Хэрвээ үүнтэй хөл нийлүүлэхгүй бол улс төрийн тэргүүлэх хоёр нам хоёулаа улс төрийн байр сууриа алдана. ЖДҮДСангийн зээлийн асуудлаас үүдээд парламентыг тараах хүртэл асуудал хөндөгдөж байна. 3 хувийн хүүтэй зээл авчихаад 15 хувь хүртэл хүүлсэн үйл ажиллагаа явуулсан бол энэ гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй. Ажиллахдаа суббъектив хүрээнд ажиллаж болохгүй. Шүүх засаглал дээр  асар олон асуудлууд үүссэн байна. Монголд шударга ёс гэж юу вэ гэхээр Шударга шүүх гэж хариулж чадахгүй болсон. Сонгогдоод гараад ирсэн улстөрчдөөс энэ асуудлыг шаардаж байна. Шударга ёсыг тогтооё гэхээр Шүүхийн хараат бус байдал руу халдах болчих гээд байдаг. Хууль хяналтын байгууллага аль болохоор улстөрчдөөс хараат бус байдлаа хангаж хуулиндаа захирагдаж, томилсон даргадаа үгүй гэж хэлж чаддаг, өөрийн буруугаа хүлээж чаддаг, эсвэл хэн нэгэнд өс бодож заавал унагаая зэргээр хөөцөлддөг ийм нэг жишгээс бид гарахгүй бол цааш явж чадахгүй болчихоод байна. Зунжингаа л надтай хөөцөлдөх шиг боллоо. Эрх бүхий байгууллага хүмүүсийн дургүйцлийг 60 тэрбумын асуудлаас болж хүргэсэн байна гэцгээж байна. Цаашдаа Шүүх засаглал, Прокурор, АТГ-тай холбоотой асуудлыг би гаргаж тависаар байх болно. Жам ёсны тогтолцооны асуудлыг л яриад байгаагаас биш, хэн нэгэнд дургүйдээ, бас сайндаа хийгээд байгаа асуудал биш ээ. Яалт ч үгүй болохгүй байгаа зүйлийг л би хөндсөн юм. 

Эх сурвалж: www.zarig.mn
Ярилцсан: Н.Өнөрцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тэнэг нохой
30 жилийн дотор энэ засаг төрд бсан баас шээснүүд өнөөдөр хүртэл өөрчилөгдөөгүй харин ч баачихсан баас шээснүүдэн ар араасан гарч ирээд бгаа юм биш гэж үү.ийм тэнэг хүнтэй юу ярихав
2018/11/03 64.119.26.254
топор
сайхан жүжиг тавих юмаа топор оюука . жэнко ах да таны зөв гээд л хуцаж байгаа залуу хүн яааж ингэж урваж шарваж палдиг цариалдаг байна энэ охин
2018/11/02 43.242.242.163
Шууданч
Бас санаатай хог юм. Ерөнхийлөгчийн санаа хол явахгүй гэж мэдэж байна. нэг удаа ингэхгүй бол болохгүй гэдгээ ч тооцож
2018/10/31 103.229.120.182