Улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд хамгийн ихээр асуудал дагуулж байгаа ЖДҮ-ийн сонгон шалгаруулалт, санхүүжилт нэг ёсондоо өндрөө аваад байгаа. Эрх баригч МАН-ын гишүүд сайд нарын жагсаалтаар олонд ил болсон ЖДҮ-ээс санхүүжигчид өдөр хоногоор бус цаг, цагаар нэмэгдэх болсон.
МАН-ын сайд гишүүдээр салхи хагалсан жагсаалт АН-ын лидерүүдийн 2,0 тэрбумаас 7,3 тэрбум хүртэл хэд нугалсан өссөн дүнгээрээ толгой цохьж эхэлсэн.
2003 оноос ЖДҮ-ийг дэмжих сан болсон энэхүү байгууллага үндсэндээ одоогоос 15 жилийн өмнөөс л төрийн түшээд сайд дарга нарын түрийвчийг түнтийлгэж ирсэн байх үндэслэл бүрдчээд байгаа. Үе үеийн парламент ЖДҮ гэх гоёхон нэртэй сааалийн үнээнийхээ санхүүжилтийг дуу нэгтэйгээр баталж ивэлгэдэг байсан нь олон хавар нэгэндээ гэгчээр болсон. 15 жилийн хугацаанд АН, МАН хоёулаа л би, чи гэлтгүй бие биендээ барьцах аргагүй болтлоо тэрбум тэрбумаар авсан нь цагаан дээр хараар бичигдсэн баримтуудтайгаа задарч байгаа.
Хамгийн сонирхолтой нь гэнэтхэн сөхөгдсөн ЖДҮ-ийн асуудал нь 2018 оны төсөв хэлэлцэхээс урьтаж Засгийн газрын 10 сарын эхний хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулж танилцуулах хатуухан үүрэг өгөгдчихсөн байсанд гол асуудал байгаа аж. Тэрхүү үүрэг даалгаварт сангийн үйл ажиллагаанд оролцсон хүний өөрийнгүй бүгдийг нь шалгуулах цаашлаад хүртэх ёстой хариуцлагыг нь хүртээх хүртэлх хатуухан лүндэн буулгачихсан байжээ. ЖДҮ-ийн санхүүгийн шалгалтыг хийх, үр дүнг танилцуулах үүргийг Сангийн сайд, салбарын сайд хоёрт нь шахуу хугацаатай өгч байсан талаархи албан мэдээлэл байна.
Ерөнхий сайдын ЖДҮ-д оруулсан гэнэтийн шалгалт хүний өөрийн гэлтгүй хавь ойрын амьтны хувь заяаг намтай юутай нь шийдэхэд хүрэх дээрээ тулаад байгаагийн цаад учиг юу байв.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ЖДҮ-Д ОРУУЛСАН ГЭНЭТИЙН ШАЛГАЛТЫН ЦААД УЧИГ ЮУ БАЙВ
2018-10-31 12:06:00