Ардын намын гишүүн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Үндэсний аудитын газрын үүдэнд гал тавьж, бусдыг ч галдах дөхжээ. Учир нь Б.Цогтгэрэл Шилэн дансны тухай хуультай холбогдуулан, төрийн олон байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Тэрээр өнөөдөр Үндэсний аудитын газарт (ҮАГ) очиж, өргөдлийнхөө хариуг шаардсан юм. Ингэхдээ "ҮАГ-т гомдол гаргаад 130 хоноход иргэн надад ямар ч хариу өгөөгүй учраас миний бие болон иргэдийн төлөөлөл ҮАГ-т суулт хийж, тус газрын гадаа Сор залахаар ирээд байна. Монгол төрийн байгууллагад шигдэж, хүнд суртал гаргаж байгаа нөхдүүдийг үтэр түргэн зайлуулахын тулд энэ хүмүүсийн дүрээр Сор залж байна" хэмээн тайлбарлажээ.
Тэд “Зангад” гэсэн бичиг наасан хүүхэлдэйн дээр бензин асгаж шатаасан бөгөөд Б.Цогтгэрэлтэй явсан хоёр ч хүн гал унтраах үеэр шатахаа шахав.