8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр бүхий албан тушаалтнууд нэгдүгээр сургуульд авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ

2018-11-02 08:55:00

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга С.Батболдод Мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут, Нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг тус сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Мөрдөгчийн мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасныг үндэслэн хүргүүлжээ.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж АТГ-ын мөрдөгч нар үзэж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн М, 32 дугаар сургуулийн захирал М, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О нар нь Авлигын эсрэг хууль болон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-д заасныг зөрчиж, тухайн салбарт нь үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон. Мөн УИХ-ын гишүүн, нийслэлийн агентлаг, БСШУСЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсэн суралцуулах агуулга бүхий хүсэлт, чиглэлийг тус сургуулийн захиралд өгч, авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, эрх зүйн мэдлэг дутмаг, Нийслэлийн Боловсролын газар нь хууль тогтоомж, гаргасан тушаалынхаа биелэлт, хэрэгжилтийг хянадаггүй зэрэг нөхцөл, шалтгаан нөлөөлсөн болохыг Мөрдөгчийн мэдэгдэлд дурджээ.

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах, мэдэгдэлд нэр дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу мэдэгдэхийг хүсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
бас нөгөө 76 -н хулгайчид уу
2018/11/04 66.181.160.34