8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурмаг мэдээллийн нөлөөнд автахаас сэргийлэх нь

2018-11-02 13:15:00

Дэлхий дахинд аль хэдийн нийгмийн сүлжээний “fake news” буюу хуурмаг мэдээлэлтэй тэмцэх, түүний нөлөөнд автахгүй байх талаар хэлэлцэж эхэлсэн байна. Тухайлбал, хуурмаг мэдээтэй тэмцэх асуудлаар Европын холбооны өндөр түвшний шинжээчид ирэх оны 1 дүгээр сард хэлэлцэж, хавар нь тайлангаа гаргахаар ажиллаж байна.

Түүнчлэн ХБНГУ нь хуурмаг мэдээлэлтэй тэмцэх “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” хуулийг 2017 оны 10-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол хуурмаг мэдээний үр дагавар аль хэдийн бүс нутаг, олон улсын асуудал болсныг илтгэх нэг жишээ юм.

Тэгэхээр хуурмаг мэдээлэл хэр ноцтой вэ? гэдэгт судлаачид дараах тайлбарыг өгсөн байна. Үүнд:

  • Олон улсын дэг журам, бодлогод нөлөөлөх. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, терроризм, дүрвэгсдийн хөдөлгөөн зэрэг асуудалд хуурамч мэдээлэл нөлөөлсөн гэж үздэг. Дашрамд хэлэхэд, дээрх хуурамч мэдээллийн үр дагавартай холбоотойгоор Оксфордын толь бичиг 2016 онд шинээр “post-truth” (пост-правда) буюу үнэний дараах гэх үг нэмсэн байна. Энэ үгийг хуурамч мэдээллийн цаадах бодит үнэнийг тайлбарлахад хэрэглэж байна.
  • Бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлөх. Жишээ нь, Турк улсын Истамбул хотод болсон шөнийн клубын халдлага үйлдсэн этгээдтэй адил төрхтэй Киргиз залууг хуурамч мэдээллийн улмаас буруутгасан. Үүнээс болж бүс нутгийн хэмжээнд Киргизийн иргэдээс болгоомжлох хандлагатай болжээ.
  • Улс, үндэсний хэмжээнд сөргөөр нөлөөлөх. Жишээ нь, Монгол Улсын хувьд авлига болон бас бус асуудалтай холбоотой хуурамч мэдээлэл түгээмэл гарах болсон. Мөн хуулийн дагуу гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй этгээдийг гэм буруутай мэтээр мэдээлэх, гүтгэх явдал нэмэгдсэн.
  • Өсвөр үе хүүхэд залуучуудын хүмүүжилд ихээхэн сөрөг нөлөөлөх.

Хуурмаг мэдээ түгээгчтэй хэрхэн тэмцэх вэ? Энэ талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Тоохгүй орхих. Учир нь 2016 онд улс төрийн сэдэвт нэг хуурамч мэдээг фэйсбүүкт 2 сая гаруй хүн үнэн гэж итгэжээ. Мөн 2016 онд нэгэн гэмт хэргийн тухай хуурамч мэдээнд фэйсбүүкт 2 сая орчим хүн итгэсэн байна.
  • Хуурмаг мэдээг арилгуулах буюу устгуулах. Нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээллийн талаар гомдол гаргах арга, технологийн зохицуулалт бий болсон. Тухайлбал, фэйсбүүк, гүүгл, твиттер, инстаграм энэ талаарх технологийн зохицуулалтыг санал болгож эхэлсэн байна.
  • Нийгмийн сүлжээний компани, тухайн улс орны хамтын ажиллагаа үүнд ихээхэн чухал үүрэг оролцоог гүйцэтгэнэ.
  • Хуурмаг мэдээ болохыг хүмүүст ойлгуулах, таниулах. Энэ талаар хариуцлагатай сэтгүүл зүйн салбар ихээхэн үүрэг оролцоо ихээхэн чухал юм. Хуурмаг мэдээг таних аргыг бусдад түгээх буюу таниулах хэрэгтэй. Мөн сэтгүүлчдийн оролцоотойгоор мэдээний фактын үнэнийг шалгадаг идэвхтэй цахим хуудас дэлхийд 120 байна.

Олон нийт, иргэд нь хуурмаг мэдээлэлд автахгүй байхад дараах зөвлөмжүүдийг баримтлах нь зүйтэй юм. Үүнд:

  • Хуурмаг мэдээг ялгаж сурах. Тухайн мэдээлэлд дурдсан зүйл үнэхээр үнэн байх боломжтой эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Мөн мэдээлэл, баримтын хэд хэдэн эх сурвалжийг харьцуулж хэвших хэрэгтэй.
  • Мэдээлэлд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй байх. Учир нь хуурмаг мэдээллийн зорилго нь уншигч, хэрэглэгчдийг сэтгэл хөдлөлд автуулах, бодит баримтыг нуух зорилготой байдаг.
  • Хуурмаг мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, зөвхөн бодитой мэдээллийг бусдад дамжуулах хэрэгтэй. Ингэснээр хуурмаг мэдээллийн үр дагавар, хохирол бага байх боломжтой юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл