8o
Улаанбаатар хот
mobile menu

Алекс Хайкенс: Бохир агаараар амьсгалсан жирэмсэн эхийн ураг өсөлтгүй, үр зулбах аюулд хүрч байна

2018-11-07 09:50:00

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга боллоо. Энэ үеэр агаарын бохирдол хүүхдийн тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлж, зан үйлийн өөрчлөлт гарах буюу сэтгэцийн өөрчлөлтөд айж түгших, сэтгэл гутрах болсныг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн юм. Мөн Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь жирэмсэн эмэгтэй, хүүхэд болж байна. Монголд ургийн эндэгдэл өвөл зуны хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгаа бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан уушгины үрэвсэл болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд Засгийн газар утааны асуудлыг шийдэх дорвитой алхмыг ойрын хугацаанд хийх шаардлагатай байгааг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангаас анхааруулжээ.  Энэ үеэр төслийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенстай ярилцлаа. 

-Хөтөлбөр хэрэгснээр агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг буурна гэж харж байгаа-

-Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга болж байна. Агаарын бохирдол эх, хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хүүхдэд эхийн хэвлийд бий болсон цагаас агаарын бохирдол нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон. Энэ нь цаашид хүүхдийн зан төлөв, танин мэдэхүйн чадварыг муутгадаг. Муутгахад хүргэдэг сөрөг нөлөөтэй хөтөлдбөрийн танилцуулгын үеэр төлөөлөгчид онцлон ярьж байна. Мөн сурах чадварт нөлөөлнө. Ирээдүйд эдийн засгийн идэвхтэй иргэн байхад сөргөөр нөлөөлнө. Агаарын бохирдол хүний эрүүл мэндээд нөлөөлөхөөс гадна, зөн төлөв байдалд нөлөөлж байна. 

Бохир агаараар амьсгалсан жирэмсэн эхийн хэвлийд байгаа ургийн уушги болон амьсгалын замын тогтолцоонд нөлөөлж, улмаар хугацаанаас өмнө төрөх, өсөлтгүй болох, үр зулбах аюулд хүргэдэг. Монголд ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байдаг нь агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол эрүүл мэндэд учруулах онц ноцтой хор уршгийн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас сая гаргасан судалгаа дахин нотоллоо.

Энэ баримт нотолгоо дэлхийн улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болох ёстой. Ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 30 орчим хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Судалгаагаар энэ насныхан дунд агаарын бохирдлоос шалтгаалсан халдварт бус өвчний гаралтаас үүдсэн эрүүл мэндийн зардал 40 гаруй хувийг эзлэх төлөвтэй байгаа нь цаашид нэмэгдэх хандлага байгааг харуулжээ. Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. 

-Хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ?

-Монгол болон дэлхий нийтийн агаарын бохирдол өнөө маргааштаа буурахгүй. Монгол Улсын засгийн газар үүний эсрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэхдээ эдгээр хүчин чармайлт, арга хэмжээний үр дүнг харахад хэдий хугацааг зарцуулахыг та бид таашгүй. Тиймээс агаарын бохирдлоос хамгийн ихээр өртдөг жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал.

Үүний тулд бид хоёр чиглэлд анхаарлаа түлхүү хандуулж байна. Юуны түрүүнд өртөлтийг бууруулна. Хүүхэд гадаад орчноос гадна дотоод орчны агаарын бохирдолд их өртөж байна. Тиймээс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах үүднээс Баянзүрх дүүргийн хэд хэдэн цэцэрлэг сургуульд нэлээд ажлыг зохион байгуулна. Энэхүү ажлаараа шийдвэр гаргах төвшнийхэнд үлгэр дуурайл үзүүлэхийг зорьж байна. Мөн хоёрдугаарт эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд ажиллана.

-Судалгааны үр дүнгээс хамаарч нийслэлийн хэд хэдэн дүүргийн сургууль цэцэрлэгийг сонгож агаар цэвэршүүлэгч суурилуулах гэх мэт арга хэмжээ авах талаар та сая ярьж байна. Ямар ямар дүүрэг сонгогдоод байгаа вэ? 

-Эхний ээлжид Баянзүрх дүүргийн сургуулт, цэцэрлэгийг сонгосон. Зөвхөн агаар цэвэршүүлэгч тавьснаар асуудлыг шийдэхгүй. Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тухайлбал, барилгын дулаан алдагдлыг тогтоож, зан үйлийн өөрчлөлт хийх шаардлагатай. Агаар цэвэршүүлэгчээ асаагаад давхар цонхоо нээх нь буруу зан үйл.Тэр онгорхой цонхоор нь эргээл бохир агаар дотоод орчинд орж ирж байгааг санах хэрэгтэй. Швейцарын хөгжлийн агентлаг НҮБ-ын Хүүхдийн Сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллана. Монголын хүн ам,  тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж эрүүл мэндийн чадвартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллах болно.  

-Орон нутгаас Баянхонгор аймгийг онцгойлон авч үзэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн? 

-НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран таван жилийн хугацаатай хамтрасан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид улс орон хот бүрт хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийг сонгон хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн  жил Баянхонгор аймгийн удирдлагатай уулзахад “Бусад аймагтай харьцуулахад агаарын бохирдол хамгийн өндөр байна. Үүний эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт тавьж байсан. Тийм болохоор Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх үр нөлөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот бүлгээр сонгон аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах болоод байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тэр дундаа хүн ам олноор суурьшиж аймгийн төвүүдэд утааны асуудал нийслэл шиг болсон. Зарим үед салхигүй тохиолдолд багагүй хэмжээнд утаа хуримтлагддаг. Баянхонгор аймагт нийт 27.700 хүүхдийн 11 мянга гаруй нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна гэсэн судалгаа гарсан байсан. 

-Олон улсын байгууллагууд хамтран анх удаа энэ сарын эхээр “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдвээр Женевт нэгдсэн уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар ямар үр дүнд хүрсэн бэ. Дэлхийн орнууд агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болоод байна вэ?

-Агаарын бохирдол бол дан ганц монгол оронд тохиолдсон асуудал биш. ГэхдээУлаанбаатар хотын агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан нэн тэргүүний асуудал болоод байна. Агаарын бохирдол дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг бөгөөд үүнээс болж хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна. Энэ нэгдсэн хурлаас гарсан зөвлөмж бол манай хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцэж байгаа. Дэлхийн орнууд агаарын бохирдлын эсрэг өртөлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хоёр үндсэн чиглэлд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан. Бид ч энэ чиглэлүүдэд анхаарч хөтөлбөртөө тусгасан байгаа. 

-Хөтөлбөр хэрэгжиж дуусах үеийн үр дүнг та яаж харж байна вэ. Монгол Улсын агаарын бохирдол буурах уу? 

-Дөрвөн жилийн дараа бид агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжиж байгаа аймаг дүүрэгт агаарын бохирдлоос шалгаалах өвчлөл, сөрөг нөлөөлөл байхгүй болно.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл