УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хэрэг шалгахдаа хэдэн жил шалгаж уддаг хэрнээ нэг, хоёр сайдын огцруулах болохоор ямар хурдан оруулж ирдэг юм бэ. Сошиалаар шуурсан хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй шалгалт явуулж, баривчилгаа хийгээд байдаг хэрнээ олон жил бугшсан тэр хэргүүдээ хэзээ шалгаж дуусах юм бэ. Цаад талын үндэс суурийг нь хэзээ өөрчлөх юм бэ?
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал бишээ. Тэр бол миний биш та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн" гэсэн хариулт өглөө.