8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улсын есөн бөх дэлхийн чансааны эхний 20-д багтаж, Макаод ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна

2018-11-12 18:40:00

Өвлийн эхэн сар гарч хүйтэн өдрүүд эхэллээ. Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд  нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.Салхи баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Т.Жавзмаа: Хүүд минь хэрэг хүлээлгэх гэж чихийг чинь огтолно гэж дарамталсан

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Тэгвэл өнөөдөр Т.Содномдаржаагийн ээж хууль шүүхийн байгууллагын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Т.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа "Би саяхан хүүтэйгээ уулзсан. Миний хүүг хориход "энэ хэргийг хүлээ" гэж олон хоногоор дарамталсан. "Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно. Гэр орондоо очихгүй шүү" гэж миний хүүг дарамталж байсан. Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн.  Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга нэг өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж С.Зоригийг яаж алсан, хэд хутгалсан хэл гэж хэрэг хүлээлгэсэн. Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж байна. Үүнийг би олон дахин удаа эсэргүүцэж, Ерөнхийлөгчид хүртэл олон удаа захидал бичиж байна. Мөн миний хүүд мансууруулах бодис хүчээр шахаж хэрэглүүлсэн байна. С.Зоригийг алсан хоёр хүн гэж байсан бол одоо дөрвөн болгоод байна. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ" хэмээн мэдээлэл хийлээ. 

М.Энх-Амгалан прокурор одоо АСЕМ, бондуудын талаар дуугарах хэрэгтэй байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн сантай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-д тавьсан.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг прокурорын саналыг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаж чуулганаар УИХ-ын гишүүд “ангийнхаа нөхөр”-ийг авч үлдлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлсэн үг олны талархлыг хүртээд байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүдэд хандаж “Яригдаж байгаа асуудал бүр дээр хэрэг бүртгэл нээгээд заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад шалгаж байгаа. Хөгжлийн банк, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бий.

Харин Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Хүнийг аваачиж цагдан хорих боломжгүй ийм хууль батлаад өгчихсөн байгаа шүү. Ийм хууль баталж өгчихөөд хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийг “Чи энийгээ аваачиж хорихгүй байна. Ард түмэн хараад байхад чи зүгээр гадуур явуулаад байна” гэж ярих боломж муутай шүү” гэсэн юм. Мөн тэрбээр “Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би сүүлийн үед гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдгийг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна тэр шударга ёсыг тогтоож өгч байгаа чинь. Хууль дээдлэх ёстой гэсэн үндсэн зарчимтай УИХ яагаад энэ хүмүүсийг зүгээр журмынх дагуу шалгуулж болдоггүй юм. Өнөөдөр түдгэлзүүлэхгүйгээр шалгачих гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хүн, жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Зүгээр жирийн иргэн тэр сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан хүн нь ингээд сууж л байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байгаа юм” гэв.

Улсын ерөнхий прокурорын шударга, шулуухан хэлсэн үг олон түмний анхаарлыг татлаа. Хуулийн байгууллага шударга ажиллаж байгаа юм байна гэдэг мэссэж ч түглээ. Тиймээс одоо Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танаас хүсэх зүйл байна.  Өөрөө ч чуулганы танхимд бүх асуудалд хэрэг үүсгэснээ хэлээд Хөгжлийн банк, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг дурдлаа. Тэгэхээр энэ бүх хэргүүд хаана очиж гацаад байгааг олон нийтэд ил тод хэлэх хэрэгтэй байна. Ингэж мэдээлэл өгдөггүйгээс л нийтийн дунд шударга ёс алдагдсан юм байна гэдэг эмзэглэл, хардлага төрөөд байгаа юм. Ялангуяа АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажилд зарцуулсан мөнгө, Чингис бондоос эхлээд Хөгжлийн банкны хөрөнгийг дураараа тооцоо судалгаагүй зарцуулсан хүмүүст ямар шийтгэл оногдуулах, хэрэг нь хаана, юунд гацаад байгааг хэлэх хэрэгтэй. Хөгжлийн банкны албан тушаалтнуудын мөнгө төгрөг зарцуулсан, нэг нэгнээ урамшуулсан, дураараа дургисан талаар харахад л харамсмаар мэдээлэл цацагдаж байлаа. Нэгэндээ дээл хувцас бэлэглэхдээ л хэдэн арван саяар нь мөнгө үрсэн байдаг. Чингис бондын хөрөнгийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр 888 төсөл гээд бэлгэдэл бодож зарцуулсан тухай инээдэмтэй ч, эмгэнэлтэй ч гэмээр баримтууд бий. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Монгол Улсын есөн бөх дэлхийн чансааны эхний 20-д багтжээ

ДБНХ (UWW)-ноос өнгөрөгч сард Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий дараах эрэгтэйчүүдийн 10 жингийн чансааг шинэчлэн гаргажээ. Монголын есөн бөх чансааны дэлхийн чансааны эхний 20-д бичигджээ. 92 кг-ын жинд ОУХМ Л.Төртогтох 58 оноотой аман хүзүүдэв. Түүнчлэн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д 52, Унгарт хүрлийн төлөө барилдсан ОУХМ Б.Бямбадорж 70 кг-д 56 оноотой “Топ-5”-д бичигдлээ. Манай бусад бөхчүүдээс 57 кг-д ОУХМ Ц.Цогбадрах 32 оноотой 11, 65 кг-д ОУХМ Т.Тулга 39 оноотой 14, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноотой 14, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 34 оноотой 10, 97 кг-д ОУХМ Ө.Батзул 42 оноотой 11, 125 кг-д ОУХМ Н.Золбоо 35 оноотой 11 дүгээр байрт тус тус бичигджээ.

ДАШТ-ий дараах чансааг ОХУ-ын Завур Угуев (57 кг), Гажимурад Рашидов (61 кг), Ахмед Гаджимагомедов (79 кг), Энэтхэгийн Бажранг Пунья (65 кг), Украины Александр Квятковский (70 кг), Италийн Франк Чамизо (74 кг), Туркийн Фатих Эрдин (86 кг), Ираны Алиреза Карими (92 кг), Гүржийн Элизбар Одикадзе (97 кг), АНУ-ын Ник Гвяздовский (125 кг) нар жиндээ тэргүүлжээ.

ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.АЛТАНХУЯГИЙН “ХААН ЖИМС” тэргүүлж байна

Засгийн газар 27 тусгай сантай. Түүний нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө зээлсэн улстөрчдийн дуулиан бусад сангуудаас хэн хэн ямар хэмжээний зээл авсан бэ гэсэн эрлийг хийхэд хүргэж байгаа. ЖДҮ-ийг дэмжих сан бол ХХААХҮ-ийн сайдын харьяанд байдаг гурван том сангийн нэг. Нөгөө нь Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан юм. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ хоёр сан ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийж байдаг. Харин түүнээс хэн хэн ямар хэмжээний зээл авч байсан бэ?
Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд гарч байжээ. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих цаад зорилготой байсан бололтой. 
Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл дэмжлэгийг олгожээ.

ҮАГ-ын Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд

2014 онд хийсэн аудит тайлан


Тухайн үед буюу 2013 онд ҮХАА-н сайдаар эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд ҮХААЯ-ны ТНБД-ын А/270, А/481 дугаар тушаал жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосноос гадна тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгын хүрээнд 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгосон байна. Зээл 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ. Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг одоогийн байдлаар 750 сая төгрөгийг “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. .
Хүүгүй зээлийг долоон жилийн дотор төлж барагдуулах ёстой. Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн ч хичнээн төгрөгийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна. 
Жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чид эхнээсээ мөнгөө эргүүлэн өгч буй. Харин одоо огт хүүгүй зээл авсан Н.Алтанхуягт тэргүүтэй компаниуд хэрхэх бол. Ийнхүү юм юмаараа анхдагч хэмээн өөрийгөө пиарддаг Н.Алтанхуяг улсынхаа төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна. 
Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес. Үе үе томчуудын арга хэмжээ болж, намар чацарганы баяр зарлан хүмүүсийг олноор нь цуглуулж баярлуулдаг жуулны бааз, чацарганы талбайгаа Н.Алтанхуяг дарга “минийх биш” гэж арай хэлэхгүй байх.
Нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн суугаад, түүн дээрээ татвар төлөгч ард түмнийхээ мөнгөөр бизнесээ цэцэглүүлж байгаа чинь хэр зэрэг шударга хэрэг вэ, Н.Алтанхуяг дарга аа! Ийм хүн үе үе шударга бусын хонгил ярих нь хэр оновчтой юм бол? Тийм шударга юм бол татвар төлөгчдийн халааснаас зээл нэрээр авсан мөнгөө даруйхан төрөөрэй.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "Озоны давхаргыг хамгаалах бага хурал"-д оролцож, үг хэллээ

Эквадор Улсын нийслэл Кито хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд  “Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенци болон Монреалийн протоколын  талуудын  30-дугаар бага хурал”-д дэлхийн 197 орны төлөөлөгчид оролцлоо. Хурлын үеэр төлөөлөгчид манай гарагийн өмнө тулгараад буй экологийн хурц асуудлын нэг болох озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралд хүчтэй нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийн нэгэн төрлүүд болох гидрохлорт фтортнүүрстөрөгчийн болон гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн химийн бодисуудын хэрэглээг үе шаттай бууруулах талаар авах арга хэмжээг хэлэлцсэн юм. Тус бага хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны албаны захирал, доктор Ц.Адъяасүрэн нар оролцож, талуудын бага хурлын дээд хэмжээний хуралдаан дээр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үг хэлж дээрх асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хийж байгаа ажлын үр дүн, ололт амжилт болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийж, ойрын үед Монреалийн протоколын Кигалигийн нэмэлтэд нэгдэн орох талаарх байр суурийг илэрхийлэв. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Монгол Улс нь Монреалийн протоколоор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд хүн төрөлхтөний ирээдүйд нөлөө бүхий дээрхи олон улсын гэрээг хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн талаар олон удаа шинэчлэл хийж, хөргөлт, агааржуулалтын үйлчилгээний  салбарт шинэ технологиуд нэвтрүүлж, тухайн салбарын  хүний нөөцийг чадавхижуулах талаар тодорхой хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Ц.Элбэгдорж: Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Сайд бүр сантай гэж харагдаад байгаа

Сүүлийн хэдэн хоног олон нийтэд бухимдал төрүүлээд буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл болоод АСЕМ-тай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өглөө. Ингээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Сайд бүр сантай гэж харагдаад байгаа. Мөн дарга бүхэн төсөвтэй.Тиймээс энэ бүхнийг тайлагнах шаардлага бий болжээ.
  2. Би эдгээр сангуудын мөнгөн гүйлгээг тодорхой өдөр тогтоож царцаах ёстой гэж бодож байна.
  3.  Сангийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн бүх мөнгөн гүйлгээ, зарцуулалт, эргэн төлөлтийг бүгдийг нь шилэн болгох хэрэгтэй. Эндээс л ажил эхэлнэ.
  4. Дарга нар иргэдийн мэдэх, хардах эрх рүү халдаж болохгүй. 
  5. Төр засаг шийдвэр гаргая гэвэл одоо л гаргадаг цаг. Яагаад гэвэл иргэд мэдсэн байна
  6. Хэзээ ч дарга нар сайн дураараа хариуцлагатай болдоггүй ээ. Тэд нарыг ичээх хэрэгтэй. 
  7. Дарга нарын суудал ганхаад ирэхээр хариуцлагатай болдог. 
  8. Дарга нар шийдвэр гаргах ёстой. 
  9. Удирдлага, дарга нар цочирдож байна. Иргэд мэдээгүй цагт шийдвэрийн хэрэгжилт сайн явдаггүй юм.
  10.  Одоо шийдвэрийн хэрэгжилтийн араас хүмүүс нэхэл хатуутай явна л даа. Одоо гаргасан шийдвэрийн хэрэгжилт баталгаатай сайн болно гэж бодож байна.
  11.  Төрийн сургамж шийдвэрээр илэрдэг. Тиймээс сургамж авснаа ард иргэддээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг шуугиад өнгөрөх биш дахин ийм асуудал гаргахгүйн тулд асуудлыг угаар нь шийдвэрлэх хэрэгтэй.
  12.    Үүнд хоёр чиглэлийг эрхэмлэх ёстой юм. Нэгдүгээрт, бүх сангийн үйл ажиллагааг хуулиар ил тод болгох ёстой. Хуулийг хууль санаачлагчид болоод Засгийн газар хэлэлцүүлж байх ёстой. Шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сайд, сан бүрээр нь хариуцлагыг нь тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Үүнийг дагуулж, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй.
  13. 2016 онд Монголд АСЕМ-ийн 20 жилийн ойн уулзалт болсон гэдгээрээ онцлогтой. 20 жилийн ажлаа дүгнэж, цаашдын 10 жилийн стратеги бодлогоо тодорхойлсон учраас энэ нь ээлжит уулзалт биш гэдгийг хэлэх ёстой.
  14.   Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нэр хүндийг илэрхийлсэн чухал уулзалт болсон. АСЕМ-аар үргүй зардал гаргасан, идэж уусан гэж хүмүүс шүүмжилдэг.
  15.  Ер нь миний нэр дээр болон хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой ханддаг асуудалд эмзэглэдэггүй.
  16.   АСЕМ-ийн үе бол хүн бүр Монгол Улсынхаа нэрийг авч гаръя гэсэн үе байсан. Ийм орчинд төрийн хөрөнгө мөнгө, үйл ажиллагаа руу гар дүрээд сууж байх сэтгэхүй,  орчин бүрддэггүй. Ийм сэтгэл төрдөггүй гэж би хувьдаа боддог.
  17.   Дэлхийн нүдэн дээр байгаа дээрх үйл явдалд Монгол Улсынхаа нэрийг л боддог юм билээ.
  18.  Гаднынхан манай улсыг нэг жилийн төсвөөсөө ойролцоогоор жилд 250 тэрбум орчим төгрөг гаргаж байж АСЕМ-ийг зохион байгуулж хүчирнэ гэж байсан. Тийм боломж, сэтгэл Монголд байгаагүй.
  19.  Төсвөөс гарсан нийт мөнгө нь 21 тэрбум төгрөг болсон. Үүнээс 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг нь Гадаад харилцааны яамд очсон гэдэг илтгэл мэдээлэл сонссон.
  20.   Ц.Элбэгдоржийн нэрийг хугалах гэхээс илүү Монголын нэрийг хугалаагүй хүмүүст их баярладаг.
  21.   АСЕМ гэдэг зүйлийг өөр нэг шуугиан нэрээр дарах гал унтраах хэрэгсэл шиг ашиглаж байна.
  22.   Зээл, хариуцлагын тухай яригдахаар л АСЕМ гэж монтажилж оруулаад аль нэг байгууллагын санхүүжилттэй цацдаг. Нохойд барьдаг мод шиг хэрэглээд хол явахгүй шүү гэдгийг хэлье.
  23.  Үнэхээр хөрөнгө мөнгө завшсан бол хамгаалах зүйл байхгүй.
  24. Иргэд хяналттай хурц хараатай байгаад нь баяртай байгаа.АСЕМ-ыг улстөржүүлэх хэрэггүй. АСЕМ-ыг сайн талаас нь нэг харах хэрэгтэй.
Макаод ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2018 оны 10 дугаар сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна. Тэдгээр иргэдийн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлтийг Хэлэлцэн тохиролцогч талууд харгалзан үзсэнээр эх орондоо шилжин ирж, гэр бүлдээ ойр орчинд хорих ял эдлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн тэдний ар гэрийнхнийг нь сэтгэл санаа, эд материалын хувьд дэмжинэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment