8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзаж, Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

2018-11-13 18:40:00

Гадаа цас бударч хацар хайравч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.

Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Өнөөдөр гадаа хэдий хүйтэн, тэнгэр зангаа өөрчилсөн ч төрийн ордонд улс эх орны ирээдүйтэй холбоотой олон халуун үйл явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.АЛТАНХУЯГИЙН “ХААН ЖИМС” тэргүүлж байна

Засгийн газар 27 тусгай сантай. Түүний нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө зээлсэн улстөрчдийн дуулиан бусад сангуудаас хэн хэн ямар хэмжээний зээл авсан бэ гэсэн эрлийг хийхэд хүргэж байгаа. ЖДҮ-ийг дэмжих сан бол ХХААХҮ-ийн сайдын харьяанд байдаг гурван том сангийн нэг. Нөгөө нь Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан юм. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ хоёр сан ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийж байдаг. Харин түүнээс хэн хэн ямар хэмжээний зээл авч байсан бэ?
Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд гарч байжээ. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих цаад зорилготой байсан бололтой. 
Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл дэмжлэгийг олгожээ.

ҮАГ-ын Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд

2014 онд хийсэн аудит тайлан

Тухайн үед буюу 2013 онд ҮХАА-н сайдаар эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд ҮХААЯ-ны ТНБД-ын А/270, А/481 дугаар тушаал жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосноос гадна тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгын хүрээнд 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгосон байна. Зээл 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ. Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг одоогийн байдлаар 750 сая төгрөгийг “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. .
Хүүгүй зээлийг долоон жилийн дотор төлж барагдуулах ёстой. Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн ч хичнээн төгрөгийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна. 
Жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чид эхнээсээ мөнгөө эргүүлэн өгч буй. Харин одоо огт хүүгүй зээл авсан Н.Алтанхуягт тэргүүтэй компаниуд хэрхэх бол. Ийнхүү юм юмаараа анхдагч хэмээн өөрийгөө пиарддаг Н.Алтанхуяг улсынхаа төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна. 
Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес. Үе үе томчуудын арга хэмжээ болж, намар чацарганы баяр зарлан хүмүүсийг олноор нь цуглуулж баярлуулдаг жуулны бааз, чацарганы талбайгаа Н.Алтанхуяг дарга “минийх биш” гэж арай хэлэхгүй байх.
Нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн суугаад, түүн дээрээ татвар төлөгч ард түмнийхээ мөнгөөр бизнесээ цэцэглүүлж байгаа чинь хэр зэрэг шударга хэрэг вэ, Н.Алтанхуяг дарга аа! Ийм хүн үе үе шударга бусын хонгил ярих нь хэр оновчтой юм бол? Тийм шударга юм бол татвар төлөгчдийн халааснаас зээл нэрээр авсан мөнгөө даруйхан төлөөрэй.

Д.Хаянхярваа: Намайг огцруулах хоёр үндэслэл хэлсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр /2018.11.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, "Намайг огцруулах хоёр үндэслэл хэлсэн. Нэгдүгээрт, намын даргыг шүүмжилсэн. Хоёрдугаарт, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийг хамгаалахгүй байна, энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамаатай гэсэн. Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэж байна. Хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө хариуцлага тооцож, жинхэнэ хариуцлага тооцох хүмүүсээсээ хазайсан. Байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь үнэхээр ойлгохгүй байгаа. Тиймээс энэ хүн алдаагаа засах ёстой. Өөрийнхөө гаргаж байгаа авир төрхийг ойлгохгүй, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадваргүй байна гэж харж байгаа. Тийм учраас У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж, өргөн барина" гэсэн мэдээллийг өглөө. 

70 гаруй сая төгрөгийн хандивыг сумын засаг дарга захиран зарцуулжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн төв болон тус аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдад ажилласан байна. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцдаа хэд хэдэн зөрчил, дутагдал илрүүлж заримыг газар дээр нь шийдвэрлүүлсэн байна. 

Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Цэцэгсүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа хуульд заасан тайлбарыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, мөн сумын 5 дугаар багийн дарга Ж.Бадрал, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ганбаатар, Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Наранчимэг нар нь хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан байна. 

Баянжаргалан сумын ИТХ-ын тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тухайн жилийн борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр экспортод гаргасан болон дотоодод борлуулсан тн/жин тутамд ашигт малтмал тус бүрээр сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтоосон байв. Тухайлбал, экспортод гаргасан тн/жин тутамд нүүрс 50, төмөр 100, бусад 1500, дотоодод борлуулсан тн/жин тутамд 80-аас дээш агуулгатай жонш 8000 төгрөг, 80-аас доош агуулгатай жонш 3000 төгрөг, баяжуулах /шороо/ 500 төгрөг гэх мэтээр тогтоожээ. Энэ нь сумын ИТХ-д хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал юм.

Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан "Түүхт Баянжаргалан" ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх бөгөөд  хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.

2014 онд иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр бүтээн байгуулсан "SSS комплекс" барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй атлаа уг объектын халаалт, тайз, тоног төхөөрөмж зэрэгт нийт 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцад  549.4 сая төгрөгийн барилгыг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлэх арга хэмжээ авав.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэх, шагнал урамшуулал, тэмцээн уралдаан, мэндчилгээ дэвшүүлэх зэрэгт 2017 онд 196.4 сая, 2018 онд 114.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэл 29.7 сая төгрөг байгаа нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчиж байна.

Хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад аймгийн Засаг даргын 2014 оны а/316 дугаар захирамжаар "Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх, бэлэг дурсгалын зүйл гардуулах, хөрөнгө зарцуулах журам", Засаг даргын 2018 оны а/118 дугаар захирамжаар  "Техник хяналтын зардлыг захиран зарцуулах журам"-ыг тус тус баталсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

“Зээл, лизинг, гар утасны төлбөрөө цагт нь төлөөгүй бол Зээлийн мэдээллийн сангийн авлагад бүртгэнэ”

Эдийн засаг эргэж сэргэн, банкууд, ББСБ-ууд, ХЗХ-оодын үйл ажиллагаа дахин идэвхжиж байна. Зээл авсан иргэдийн тоо, зээлийн дүн тогтмол өссөөр байна. Гэвч өмнө нь авсан зээл, эсвэл лизинг, гар утасны төлбөрөө цагтаа төлөөгүйн улмаас Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл, авлагад бүртгэгдэх тохиолдлууд байсаар байна.

Иймд ямар тохиолдолд иргэд, ААН-ийг энэ санд бүртгэдэг, бүртгэхдээ хэрхэн ангилдаг талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаатай ярилцлаа.

-Зээлийн мэдээллийн санг хэзээ байгуулсан бэ?
-Монголбанк зээл олгогч банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал болон санхүүгийн сахилга батыг хангах зорилгоор 1997 онд Зээлийн мэдээллийн санг Монголбанкны дэргэд албан ёсоор байгуулсан. Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Зээлдэгчид буюу иргэд, аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээлэл энэ санд бий. Ойролцоогоор 7-9 сая ширхэг зээлийн мэдээлэл байдаг. Энэ сан Зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллага болон иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд үүссэн зээл, төлбөртэй холбогдон үүссэн мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг.

Зээлдүүлэгч байгууллагууд Монголбанктай хамтын ажиллагааны гэрээ байгуулан “Зээлийн мэдээллийн сан”-д мэдээлэл нийлүүлэх болон хандах эрхээ авдаг. Өнөөдрийн байдлаар арилжааны банк, ББСБ, ХЗХ зэрэг 600 орчим байгууллага уг эрхийг авсан. “Зээлийн мэдээллийн сан”-гийн хэрэглэгч буюу мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Зээл авсан бүх иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг зээлдүүлэгч байгууллагууд хуулийн дагуу Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д нийлүүлэх үүрэгтэй.

-Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч ямар байгууллагууд байдаг вэ?

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо;
  • Санхүүгийн түрээсийн компани;
  • Үүрэн холбооны оператор компаниуд бусад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хуулийн этгээд мэдээллээ нийлүүлдэг.

-Иргэд хүсвэл зээлийн мэдээллийн лавлагаа авч болох уу?
-Болно. Харилцагч банкныхаа төвд хандаж, зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас авах боломжтой. Энэ сангийн мэдээллийг зөвхөн санхүүгийн харилцаанд ороход л ашиглана.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзжээ

Улсын Дээд шүүх хоёр намыг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцжээ.

Монгол Шинэчлэлт намын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна

Мөн “Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/-ын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Хүсэлт гаргагч намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой аж.

Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 13-нд Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймд жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргав

Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны 10 дугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагааны орлого, цэвэр болон хуримтлагдсан ашиг, хууль ёсны бусад орлогоор нэмэгдүүлдэг бөгөөд аливаа зээлийн эх үүсвэр, тэр дундаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд банк бус санхүүгийн үйл ажиллагаа, бизнесийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээ, мэдээллийг санаатайгаар тараахгүй байхыг анхааруулж байна.

"Эрэл" ХХК-ийн газрын эрхийг цуцаллаа

Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хийж байна. Хотын даргын захирамжаар өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгосон байна.

Тус газрыг "Эрэл" ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй учраас газрын эрхийг цуцалжээ. Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.

Талийгаач Ч.Чамин-Эрдэний ээжийн хүсэлтээр MNTM нэвтрүүлэг үргэлжлэхээр боллоо

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэд тохиолдсон харамсалтай хэргийн улмаас түүний гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс Боловсрол телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ цацахаа зогсоож түр завсарласан юм. Тэгвэл нэвтрүүлэг арваннэгдүгээр сарын 18-ны ням гарагаас эхлэн нэвтрүүлэг хэвийн цацагдахаар болжээ. Талийгаачийн ээж Г.Чимгээ Боловсрол суваг телевизэд хүсэлт илгээсэн байна.  Тэрбээр "Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч Боловсрол телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан Боловсрол телевизийн хамт олонд талархаж охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч нэг зорилгын төлөө хичээн чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн: Г.Чимгээ" гэжээ.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment