Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Түүнийг огцруулахыг дэмжиж буй эсэхээр хоёр удаа санал хураасан юм. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн. Харин хоёр дахь санал хураалтаар гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй байна. Үүнээc нэг санал нь хүчингүйд тооцогдож, МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг огцрууллаа. Бүлгийн шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.
-Бүлгийн шийдвэртэй санал нэгдэх үү. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэр сайн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?
-Бүлэг шийдсэн учраас бүлгийн шийдвэрийг дагана. Хүндэтгэнэ. Өөрийгөө муу ажилласан гэж хэлдэг тэнэг хүн байхгүй байх. Гэхдээ яаж ажилласныг бүлгийн гишүүд мэдэж байгаа байх. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Зарчим ярьж болохгүй. Хүний алдаа оноог хэлж болохгүй үе ирчихэж. Хууль дүрэм хэцүү болсон юм байна гэж харж байна. Гэхдээ би цаашдаа хэлэх зүйлээ хэлнэ. Хязгаарлуулахгүй.
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 36-д хүрсэн гэж үнэн үү?
-Тэр тоог хэлээд яахав. Үүнийг өнөөдөр ярилцах байх.
-Хэзээ өргөн барих вэ?
-Зураад явна. Гэхдээ нам байна даа. Ярих юм байгаа байлгүй дээ.