8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг боловсруулан санаачилж байна

2018-11-14 16:34:44

Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал үндэстний аюулгүй байдлын нэг баталгаа бөгөөд дэлхий нийтийн улс орны хөгжлийг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт  болдог юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус, салбар хоорондын харилцан хамааралаас ихээхэн шалтгаалдаг учраас хуулиар нийгмийн нэн чухал энэ харилцааг зохицуулах шаардлагатай байна.
Нийгмийн баялаг бүтээж байгаа хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ихэнх хувь ажиллаж  байгаа боловч ажиллагсдын бага насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхийг хамгаалах, дэмжих нийгмийн хариуцлагын үүрэг хүлээлгэсэн эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байгаа нь хүүхэд, эхийн эрүүл мэнд, сэтгэлзүйд учир ч буй  эрсдлийг  хувь хүний хэрэг болгон орхисоор байна. Хүний эрхийг хангах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад тулгарч байгаа асуудлууд, саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхүйц тусгайлсан, өргөн хүрээтэй хууль тогтоомж шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яам “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. 

Тус хуулийн үзэл баримтлалд төрийн бүх шатны байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлуудаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрхийг тодорхойлох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй, оновчтой болгох зэрэг асуудлуудыг зохицуулахаар тусгасан.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль нь хүний эрхийг хангах ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй амьдрах, хөгжих бүхий л нөхцлөөр хангагдах стандарт, хэм хэмжээг тогтооход чиглэгдэж байгаа тул  иргэний эрүүл аюулгүй байх эрх хангагдахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хүний хөгжлийн суурь асуудал.  Эх, хүүхэд хир хамгаалагдаж чадна, эрүүл хүн ам бий болох чухал нөхцөл бүрдэнэ. Иймээс уг хууль батлагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирч, эрүүл иргэнтэй болсноор ажиллах хүч нэмэгдэн, ажлын бүтээл сайжирна. Нөгөөтэйгүүр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн оролцоог хангаснаар нийт хүн амын эх, хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дээшилж эмнэлэгт хэвтэлт багассанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит зардал буурна. Мөн санхүүжилтийг оновчтой болгох, хүний нөөцийг чадавхижуулснаар бага өртгөөр олон хүний эрүүл мэндийг хамгаалах боломжтой болно.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахын зэрэгцээ эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоо тодорхой болж тэдний оролцоо, хариуцлага сайжирна. Орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл