8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэнхэр үст Цэрэнгийн оролцсон “Зэвүүн яриа” нэвтрүүлгийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзжээ

2018-11-14 18:00:00

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хурал 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, ТВ5, ТВ4, “Эко” телевизүүдэд хаягласан гомдлыг хэлэлцлээ.

Тухайлбал, ТВ5 телевизээр 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр цацагдсан “Зэвүүн яриа” нэвтрүүлэг, ТВ4 телевизийн 2018 оны аравдугаар сарын 9-ны өдрийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөр, мөн “Эко” телевизээр 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр цацагдсан “Хаалттай хаалганы цаана” нэвтрүүлэгт сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн гэсэн гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн юм.

Радио, телевизийн Ёс зүйн хорооны гишүүд дээрх гурван гомдлыг хэлэлцээд ТВ5 болон “Эко” телевизэд хаягласан гомдол үндэслэлтэй буюу тухайн телевизүүд Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзлээ. Харин ТВ4 телевизэд гомдол гаргагч энэ асуудлаар давхар хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргасан учраас хэлэлцэхийг түр хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Танай бэр Байгалмаа бас уйлаад хүмүүст худлаа ярина, таны хувьд бол худлаа ш дээ тийм ээ”, “та нарын ярьж байгаагаар бол танд шулам шиг бэр таарлаа гэж ойлгож байгаа”

Гомдлуудын талаар товч дурдвал:

ТВ5 телевизийн “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт ирсэн гомдлын тухайд:

ТВ5 телевизийн “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн 2018 оны есдүгээр сарын 22-ны дугаарт иргэн Ц.Цэрэндолгор оролцсон. Ц.Цэрэндолгорыг хүмүүс “Цэнхэр үст Цэрэн” гэдгээр нь илүүтэй мэддэг. Тус нэвтрүүлгээр Ц.Цэрэндолгор нь өөрийн амьдралын үзэл бодлыг хуваалцаж, олон нийтийн сүлжээнд оффшор, Мүүний шашин зэрэг асуудлаар давлагаа үүсгэсэн тухай ярьснаас гадна гэр бүл, бэрийнхээ талаар хөтлөгч сэтгүүлчийн асуусан асуултад дэлгэрэнгүй хариулсан.

Иргэн И.Нямдорж энэ нэвтрүүлэг сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн гэсэн гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн. Тэрбээр гомдолдоо “нэвтрүүлгийн хөтлөгч нь “…манай монголчууд их өрөвчхөн тийм ээ, уйлбал өө энэ ямар хөөрхөн юм бэ, ямар өрөвдөлтэй юм бэ гэж өнгөцхөн хардаг хүмүүс байдаг юм шиг байгаа юм…танай бэр Байгалмаа бас уйлаад хүмүүст худлаа ярина, таны хувьд бол худлаа ш дээ тийм ээ”, “та нарын ярьж байгаагаар бол танд шулам шиг бэр таарлаа гэж ойлгож байгаа”, “багтай юм шиг санагдсан таны бэр”, “танай бэр мөнгөтэй юу? Алтантүрүү гэдэг хөтлөгчид мөнгө өгөөд захиалгат нэвтрүүлэг хийх хэмжээний мөнгөтэй юм уу”, “яагаад нүцгэн зураг авахуулсан юм бэ, хэрхэн тарсан бэ” гэх зэргээр ярилцлага авч буй хүнээ өдөөн хатгасан асуулт тавьж, өөрийн үзэл бодлыг оролцуулсан хөтлөлт хийсэн.

Ингэснээрээ тухайн сэтгүүлч И.Нямдоржийн эхнэр болох Н.Байгалмаагийн нэрийг албаар түрүүлж дурдан гутааж, нэг талыг барьж дэвэргэсэн мэдээлэл өгсөн, мөн нэвтрүүлгийн үеэр “таны хүү сайн хүү юу, муу хүү юу?”, “…ээжийгээ гомдоож байгаад нь эр хүн эр хүндээ нэг шанаа өгвөл өгчихмөөр хэмжээний зүйл ярьж байгаа…” гэх зэргээр хүний хувийн амьдралд халдан, нийгэмд ямар ч ач холбогдолгүй, хов живийн шинжтэй мэдээлэл хийж, ёс суртахуунгүй бүдүүлэг алдаа гаргасан” гэжээ.

Энэ нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2, 1.6, 6.2, 6.3 дугаар заалтуудыг зөрчсөн гэж иргэн И.Нямдорж үзсэн юм. /Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг дараах холбоосоор орж үзнэ үү. http://www.mediacouncil.mn/page/245?sel=1572&m=1563/

Радио, телевизийн Ёс зүйн хороо хуралдаад иргэн И.Нямдоржийн гомдлуудаас 1.6, 6.2, 6.3 заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлтэй, харин 1.2-ыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайлбал, нэвтрүүлэгт уригдан оролцсон Ц.Цэрэндолгорын бэрийн талаарх олны ам дамжсан батлагдаагүй мэдээллийг “ам дамжсан яриа, таамаг” гэдгийг онцлон тэмдэглэлгүйгээр асуусан.

Тухайлбал, “танай бэр мөнгөтэй юу, Алтантүрүү гэдэг хөтлөгчид мөнгө өгөөд захиалгат нэвтрүүлэг хийх хэмжээний мөнгөтэй юм уу” гэсэн асуултаа баталгаатай мэдээлэл гэдгийг нотлоогүй, нэвтрүүлгийн зочны нийгмийн ёс зүй, олон нийтийн сүлжээний хэрэглээ, шашны асуудалд баримталдаг байр суурь нь үзэгчдэд хамаатай байсан боловч зочин, зочны хүү болоод бэрийн хоорондох харилцаа нь олон нийтэд төдийлөн хамаатай асуудал биш байсан, нэг цаг үргэлжилсэн ярилцлагын туршид нэг биш удаа зочны хүү болоод бэрийн талаар хөтөлж асуусан нь “олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг олон нийтэд сонирхолтой мэдээлэлтэй эндүүрч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Нийт ярилцлагын явцад дөрвөн удаа бэртэй нь холбоотой асуултыг асуужээ. Тиймээс иргэн И.Нямдоржийн тайлбар үндэслэлтэй гэж Ёс зүйн хороо үзлээ.

ТВ5 телевиз нь энэхүү гомдлын талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд ямар нэг хариу тайлбар ирүүлээгүй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment