8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АТГ ЖДҮХС-д шалгалт хийхээр болж, Ташкентийн Гран Прид багаараа гуравдугаар байр эзэлсэн өдөр

2018-11-14 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 

О.Баасанхүү: Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг 8 биш, 3% болгох бүрэн боломжтой талаар судалгаанд үндэслэсэн тооцоог гаргаж, тайлбарлалаа. Тэрбээр “Дэлхий нийтэд ипотекийн зээлийн хүү 1 хувь байхад манайд 8 байна. Бусад улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож ашигладаг. Манайх ч бас энэ жишгээр ажиллах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол ямар ч хүүгүй хадгалагдаж байгаа иргэдийн мөнгө. Тиймээс төр энэ мөнгөнөөс иргэдэд нэг хувийн хүүтэй зээл олгоно. Харин тэр мөнгийг дамжуулж буй банк үйлчилгээний нэг хувь, эрсдлийн нэг хувийн хүү авах юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын 27 сан нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилттэй. Энэ мөнгийг орон сууцны зах зээлд нийлүүлж, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдолтой тэмцэх бас нэг гаргалгаа юм” гэлээ.

 Манайд ипотекийн зээлийг таван жил төлөөд үндсэн зээл нь буурахгүй байгаа. Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Мөн өнөөдөр эргэн төлөлтийн мөнгө 40 хувьтай, эх үүсвэр нь бүрджээ. Үүнийг дахин эргэлтэд оруулахад хүү бууруулах боломж байна гэв.

О.Баасанхүү гишүүн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох талаар 9000 иргэний гарын үсэг цуглуулж, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг нарийвчлан хэлэлцээд, тогтоолын төсөл баталж, Засгийн газарт чиглэл өгөх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

М.Энхболд суудалдаа үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу

Төрийн эрхийг 60 тэрбумаар худалдаж авахаар улаарч байсан М.Энхболд болон түүний нөхөд 2016 оны сонгуулийн дараа төрийн эрхэнд гарч ирсэн. Гэвч Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын гишүүд  800 тэрбумын концессийн гэрээ хувааж авч, ах дүү хамаатан садандаа өгсөн, гэрээ байгуулсан хэргээр огцорсон түүхтэй. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ албыг авахдаа “Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Нам дамжсан бүлэглэлүүдтэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ хатуу үг олон хүнд айдас дагуулж, алдагдсан эрх мэдлээ буцааж олж авах гэсэн М.Энхболдын фракцынхан  Засгийн газар руугаа ээлжлэн дайрч байна.  Гэвч М.Энхболд ба түүнийг тойрон эргэлдэж байгаа МАНАН бүлэглэлийнхэнтэй  хариуцлага тооцох, нийгэмд шударга ёс тогтоох гэсэн оролдлого үргэлжилсээр байгаа. Нийт Монголчуудын гуравны нэг нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг утаатай, хогтой, баас шээстэй нь хутгасаар, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа Су.Батболдыг огцрох саналыг НИТХ-д хуралд хүргүүлэв. “Намайг огцруулах юм бол би Засгийн газрыг унагаана. Гарын үсэг цуглуулна” хэмээн хувийн эрх ашгаа төрийн эрх ашгаас дээгүүрт тавьсан Д.Хаянхярвааг УИХ дахь  МАН-ын бүлгийн даргаас чөлөөллөө.

Бүхий л эрх мэдэлтнүүдтэй нам даган сүлбэлдэж, төрийн албыг зарж үрэн мөнгө босгож, өөрийнхөө ноёрхолыг тогтоох гэж улааран, энэ хэрэгтээ хууль хяналтын байгууллагыг хүртэл ашиглаж байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих, гишүүдийн санал хураах асуудал яг өнөөдрөөс яригдаж байна. Гэвч хэдхэн сарын өмнө “Намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. 60 тэрбумын хэрэгт хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан М.Энхболд өнөөдөр “Би ажлаа өгөхгүй, хариуцлага хүлээхгүй” гэж цамнаж эхэллээ. Тэрээр албан тушаал, УИХ-ын даргын суудлаа хадгалж үлдэхийн тулд АТГ-ыг хөдөлгөн УИХ-ын гишүүдийн эхнэр хүүхэд, ах дүү хамаатан садан, тэр ч байтугай нэг нутаг усны гэх тодотголтой баахан бизнесменүүдийг баривчлах, хорих, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах даалгаварыг АТГ-ын дарга, хар багын найз болох Х.Энхжаргалдаа өгчээ. Өөрөөрхэлбэл УИХ-ын дарга М.Энхболд АТГ-ыг ашиглан УИХ-ын гишүүдийг ах дүү, хамаатан садангаар нь барьцаалж, өөрийнхөө эсрэг санал өгүүлэхгүй байхыг оролдож эхлэв.  УИХ-ын дарга М.Энхболд болон АТГ-ын дарга Х.Энхжаргал нар хар багын найзууд. Цагаан сараар Х.Энхжаргал хадаг барин М.Энхболд дээр очиж золгон, М.Энхболд түүнийг Төв аймгийн цагдаагийн газраар томилуулж, эцэст нь  АТГ-ын даргын суудалд залсан. УИХ-ын нэр бүхий гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга хүртэл АТГ-ын даргыг огцруулах гээд бараагүй. УИХ-ын дарга М.Энхболд  Х.Энхжаргалыг  цээжээрээ хамгаалаад авч үлдэж байсан удаатай. Харин өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдын ач тусыг АТГ-ын дарга Х.Энхжаргал хариулахаар их баривчилгааны ажилдаа бэлдэж эхэлжээ.Баячууд зодолдоход барлагын биенд цус үсэрдэг гэсэн үг бий. АТГ-ыг бамбай болгон барьсан М.Энхболдын энэ дайнд гэм зэмгүй жижиг бизнес эрхлэгчид хохирч үлдэх бий гэж олон хүн болгоомжилж байна.

Хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Ц.Баярааг баривчлав

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Цэрэнчимэдийн Баяраа гэгчийг энэ сарын 7-ны өдөр баривчиллаа.

Уг этгээд нь бусадтай бүлэглэн 2017 оны долоодугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт мөс /ice/ гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсныг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

Ц.Баяраа нь баривчлагдах үедээ мансуурсан байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн бодис хэрэглэхдээ ашигладаг эд зүйлс олдсон байна.

2018 оны намрын ургацаас 230 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Аймаг, нийслэлээс ирүүлж буй мэдээг нэгтгэж, арваннэгдүгээр сарын 20-н гэхэд энэ жил ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа хураан авсан уу, өмнөх оноос хэдэн хувиар өссөн нь тодорхой болно.

2018 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409,6 мянган тонн үр тариа, 160,9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117,8 мянган тонн тэжээл, 19,3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан тухай бид өмнө мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 230 мянган тонн буудай нийлүүлээд байна. 2017 онд 118 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж байжээ.

Ж.Энхбаяр: Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээлийн асуудалд тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой энэ асуудлыг хуулийн байгууллагууд маш богино хугацаанд шалгаж, үнэн мөнийг тодруулан нэг мөр хариулт өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг тойроод  улс төрийн ашиг хонжоо олох зориудын зохион байгуулалтай зүйл хийгдэж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”,  “Чингис”, “Самурай” бондын асуудал, “Эрдэнэтийн 49 хувь” зэргийг саармагжуулж, УИХ-ын анхаарлаас хөндийрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудалд миний нэр холбогдож байгаа. Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулаад хариулт өгнө. Би бэлэн байна. " гэв. 

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг Хустайн даваанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Э-гийн  “Приус 11” автомашинтай зорчиж явсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харьяат 74 настай эрэгтэй А нь машинаас биеэ засах гэж буугаад сураггүй алга болжээ.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагч, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Хустайн даваа”-аас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Гэвч өчигдөр 12.17 цагт “Иргэн А нь Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байна, өөрөө надтай утсаар холбогдлоо” гэж төрсөн ах Д нь тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Худал, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа

Иргэдийг албаны эх сурвалжгүй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Сүүлийн үед цахим хуудсаар "Манай байрны залууг үүрээр машин гаргах гэсэн юм" хэмээн үл таних хүн залгаад гэрээс нь гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу. Аймар нийгэмд болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай...." гэсэн мэдээлэл худал тархах болсон. Энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй худал болохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгонд мөнгө өгье, мэдээллээ устгачих гэж гуйжээ

Капитал банкаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгоноос мэдээллээ устгуулах талаар найз нөхдөөр нь дамжуулж гуйсныг тэрээр олон нийтэд дэлгэжээ…

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!

Б. Ундармаа гишүүн ээ!!!!

… УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн "Капитал" банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан "- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!" гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй "ажил, орлогогүй" ядуусаас "дээрэмдсэн" мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь "дээрэмдсэн". Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!! гэсэн байна. 

Өндрөөс үсэрч, амиа хорложээ

Өндрөөс үсэрч, амиа хорлосон хэрэг гарсан байна. Хэргийн талаар тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах 51 дүгээр байрны 11 давхраас эрэгтэй 23 настай О унаж нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газар үзлэг шалгалт хийж, нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар тус иргэнийг амиа хорлолт болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байгаа аж. 

Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж өчигдөр шийдвэр гаргасан. Түүнийг огцруулахыг дэмжиж буй эсэхээр хоёр удаа санал хураасан юм. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн. Харин хоёр дахь санал хураалтаар гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй байна. Үүнээc нэг санал нь хүчингүйд тооцогдож, МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг огцруулсан юм. Харин дараагийн олон нийтийн анхаарлыг татаж байгаа хамгийн том асуудал бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу гэдэг асуудал. УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн даргадаа хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэнээс хойш УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан талаар бичсэн байна.

Өчигдөр Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа огцорсоныхоо дараагаар Засгийн Газрыг огцруулах ажилдаа шуурхайлан орно хэмээн хэлсэн билээ.

"Ид шидийн орон-2" сүндэрлэнэ

Лантуун дохио ТББ-аас Баянхошууны Зүүн салаанд "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын цогцолборыг байгуулсан билээ. Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төвийн дараагийн салбар Улаанбаатар хотын зүүн захын хязгаарт буюу Улиастай, Шар хадны эцэст байгуулагдахаар болсныг Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Тэрбээр энэ тухай "Тэр газраар би л хувьдаа 4 жил дараалан өвлийн өвгөн болж хэсэж билээ. Нярайн эмч Гантулгыг дагуулан хамгийн хэцүү орхигдсон айлуудаар явдаг юм. Өнгөрсөн жил явахад тухайн хэсэг тэлж аймшигт дүр төрхүүд, нүд хальтрам зураглалууд улам ихэссэн байлаа. Настай хөгшинд харуулаад үлдээсэн 3 настай хүүхэд нь гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь цасан дундаас хуруу нь цухуйж байсныг олсон гэж тэр эмч надад ярьж билээ. Бахардам бачуурам ийм мэдээнүүд үргэлж нүүр номонд мэдэгдэхгүй.

Бид дэмий гансраад суух биш яг тэр газар одоо Баянхошуунд байгаа төвөөс даруй 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барих гэж байна. Нийт төсвийн тэн хагас буюу тал санхүүжилтийг Монголын нэг үндэсний байгууллага гаргахаар болж байна. Үүнийг л хоншоор бас нийгмийн хариуцлага гэнэ дээ. Өмнө нь 1000, 1000 төгрөгөөр ард түмэн цуглуулж байсан үйл явцын тэн хагасыг нь үндэсний корпораци шийдээд өгчихлөө. Орилох уу, үсэрч дэвхцэх уу яах уу бүү мэд" хэмээн бичжээ.

"Ид шидийн орон-2" төвийн барилгын ажил ирэх хавар эхлэх аж.

АТГ ЖДҮХС-д шалгалт хийхээр болжээ

Авлигатай тэмцэх газраас ЖДҮХС-д өргөн хүрээтэй шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, тус санг анх байгуулан зээл олгож эхэлснээс өнөөг хүртэлх 10 гаруй жилийг хамарсан шалгалт хийхээр болсон аж. Ингэснээр дээрх хугацаанд ЖДҮХС-гаас олгосон зээл бүрийг нэг бүрчлэн хянахын зэрэгцээ, зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг ч мөн нягтлах юм байна.  Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор дээрх зээлд хамрагдахаар төсөл бичсэн ЖДҮ эрхлэгчдээс авлига нэхэхэд нь зөвшөөрөөгүй аж ахуйн нэгж, иргэнээс мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Ташкентийн Гран Прид багаараа гуравдугаар байр эзэллээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн болж манай улс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багаараа гуравдугаар байр эзэллээ. 

Нийт 47 орны 199 эрэгтэй, 148 эмэгтэй жүдоч хүч үзсэн тус тэмцээний эхний өдөр 2014 оны Чельябинскийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар алтан медаль хүртсэн. Тэрбээр эхлээд Узбекистаны Достон Рузиевийг 2:11 минутад цэвэр ялсан бол хоёрын даваандаа Азийн наадмын хүрэл медальт Тайваний залуу од Ян Юү Вэйг вазари үнэлгээгээр буулгаж авсан юм. Улмаар хагас шигшээд Францын Лука Мхэйдзег нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан бол аваргын төлөө олимп, дэлхийн хүрэл медальт Узбекистаны Диёорбек Урозбоевийг 1:35 минутад цэвэр ялж Гран При ангилалаас 6 дахь алтан медалиа авч чансаагаа 5 байр ахиулан 15 дугаарт бичигдэж эхэллээ. 

Х.Баделхан: Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам боловсруулж, ЗГ-т өргөн барина

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо. Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгажээ. БХБ-ын сайд Х.Баделхан “Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулахдаа "2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна. 2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан  тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан. ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. 2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо  нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл