Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанууд нэн хөнгөлттэй зээл авсан нь илэрч нэлээд дуулиан шуугиан тарьсан. УИХ, Засгийн газрын гишүүдийн мэдээллээс гадна Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, Ерөнхий прокурорын орлогч, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нэр хүртэл ил болсон. МУ-ын Ерөнхий сайд хэд хоногийн өмнө МАН-ын УЗ-ын хурал дээр зээл авсан гишүүд болон төрийн өндөр албан тушаалтанууд зээлээ эргэн төлж ард түмнээсээ уучлалт гуй. Уучлалт гуйхгүй бол 2020 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн. Үүний дараахан зарим гишүүд зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйгаад байгаа. Мөн нэн хөнгөлөлтэй зээл авсан нь илрээд байгаа Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ойрын үед ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамгийн сүүлд бичсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн 100 хувь эзэмшдэг "Цэн стайл" компанидаа хөнгөлөлттэй зээл авсан гэсэн мэдээлэл ил болсон. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан байна.
УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, зээл авч чадаагүй жирийн иргэд бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна.
Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрыг толгойлж буй Таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна гэсэн юм.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.