8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүннү, Түрэг, Эзэнт гүрний үеийн үзмэрийг олон улсад сурталчилж байна

2018-05-16 17:00:00

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15-нд Солонгосын Үндэсний төв музейд боллоо.

Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний болон орчин үеийн Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг,  ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Богд Хааны ордон музейн захирал О.Мэндсайхан тэргүүтэй хоёр улсын эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцсон юм.

“Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэн нь Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй.  Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэн БНСУ-ын Үндэсний төв музейд ирэх долдугаар сарын 17 хүртэл гарна.

 

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл