8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын тэмдэгтийн хураамжийг бэлнээр авч, дур мэдэн зарцуулжээ

2018-11-19 16:02:28

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллах үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж болон гэрчилгээний үнийг бэлнээр хураан авч хадгалдаг байсныг таслан зогсоов.

Тэрээр тусгай зөвшөөрөл авсан 23 байгууллагаас нийт 4.1 сая төгрөг бэлнээр хүлээн авснаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох аймгийн Засаг даргын дэргэдэх комиссын гишүүдийн урамшуулал, хоолонд 554 мянган төгрөг зарцуулсан гэх ба 1.1 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байлаа.

Тус аймгийн Засаг даргаас эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2017 онд 5, 2018 онд 8 шинээр олгож, нийт 74 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Холбогдох албан тушаалтны тайлбарласнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тэмдэгтийн хураамжийг өмнө нь авч байгаагүй,  2017 оны сүүлээс хурааж эхэлсэн ажээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дээрх зөрчлийг таслан зогсоосон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохих дансанд төвлөрүүлж, энэ тухай мэдэгдэхийг шаардаж, цаашид бэлнээр хурааж авахгүй байхыг анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл