8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Говь-Алтай аймагт буга галзуурч, Шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан өдөр

2018-11-19 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Ж.Мөнхбат: Миний туслахын биед халдсан хэргийг хуулийн дагуу шалгуулж үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэнэ

Улсын Их Хурлыг тараах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Би Засгийн газрыг огцруулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор миний зөвлөхийн биед халдсан байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн. Өчигдөр энэ мэдээллийг би авсан. Амралтын өдөр над руу залгаад туслахыг биед халдаж гэмтэл учрууллаа. Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн мэдээлэл ирсэн. Би очиж уулзахад туслахын биед халдаж гэмтэл учруулсан байсан. Засгийн газрыг огцруулах асуудлаар ойрын үед надад болон миний гэр бүлийн хүрээллийн хүмүүсийг заналхийлэх зүйл ажиглагдаж байна. Түүгээр ч зогсохгүй ажлын хамт олон, туслахын биед халдсан хэрэг гарлаа. Энэ хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн.  Шалгуулж үйлдсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ыг тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Энэ саналыг дэмжиж, гарын үсгээ зурна гэж зарим гишүүд илэрхийлсэн. Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй гэдгээ харуулсан. Тийм учраас би Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын гишүүд хариуцлага алдаж ирсэн. Хариуцлага алдсан сайд, гишүүдэд хариуцага тооцож  чадахгүй байна.  Томилсон сайд, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ огцрох хэрэгтэй. Энэ бол хэдэн улстөрчдийн эрх ашгаар шийддэг зүйл биш. Би УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурах зуруулах ажлаа өнөөдрөөс эхлүүлнэ. Ийм учраас би Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зурсан.  Б.Бат-Эрдэнэ, Х.Баатарбилэг гишүүн миний өрөөнд орж ирж, УИХ-ыг тараах бичиг гарын үсэг зурна гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр төрд итгэл ард иргэдийн итгэл алдарч байна. ЖДҮ-ийн сангийн зээлийн асуудалд олон нийтэд дургүйцэж байна. Хэрвээ УИХ Засгийн газартай, сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас тарах шаардлагатай" гэв.

Дараалалд буй жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол, амрах байраар хангах үүрэг өгчээ

Хятадын талаас нүүрс татан авалт өнгөрсөн долоо хоногт буурсан. Иймд Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүссэн юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс уурхайн ачилтуудыг түр зогсоожээ. Хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй. Дараалалд буй жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол, амрах байраар хангах үүргийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.

Өнөөдөр Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас татаагүй тул хилийн дундын бүсэд байрлаж байна. Дашрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хил нэвтрэх С зөвшөөрлийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзаж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдийг сунгажээ. Цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж бүрдсэн байна. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Ням-Осорыг  ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсанд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн байна.  Төрийн өндөр албан тушаалтнууд, сайд дарга нарын хамаарал бүхий этгээдүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Ирэх даваа гарагт бүх нийтээрээ амарна

Ирэх даваа гарагт буюу энэ сарын 25-ны өдөр бүх нийтээрээ амарна. Тухайлбал , ирэх даваа гарагт Улс тунхагласны баяраар бүх нийтээр амрах юм байна. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасанчлан Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна хэмээн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганаар нэмж оруулсан билээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг бэлнээр авч, дур мэдэн зарцуулжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллах үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж болон гэрчилгээний үнийг бэлнээр хураан авч хадгалдаг байсныг таслан зогсоов.

Тэрээр тусгай зөвшөөрөл авсан 23 байгууллагаас нийт 4.1 сая төгрөг бэлнээр хүлээн авснаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох аймгийн Засаг даргын дэргэдэх комиссын гишүүдийн урамшуулал, хоолонд 554 мянган төгрөг зарцуулсан гэх ба 1.1 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байлаа.

Тус аймгийн Засаг даргаас эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2017 онд 5, 2018 онд 8 шинээр олгож, нийт 74 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Холбогдох албан тушаалтны тайлбарласнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тэмдэгтийн хураамжийг өмнө нь авч байгаагүй,  2017 оны сүүлээс хурааж эхэлсэн ажээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дээрх зөрчлийг таслан зогсоосон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохих дансанд төвлөрүүлж, энэ тухай мэдэгдэхийг шаардаж, цаашид бэлнээр хурааж авахгүй байхыг анхааруулав.

Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурчээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн малчны хотонд буга орж, хашаа мөргөх, нохойтой ноцолдох, зэрэг галзуугийн шинж тэмдэг илэрч, шинжилгээнд хамруулсны улмаас галзуурсан гэдэг нь тогтоогдож устгалд оруулжээ.

Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар галзуу өвчний 52 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотноо буга орж, хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож, байсныг  сумын мал эмнэлгийн үржлийн тасагт дуудлага өгсний улмаас сумын төв рүү оруулжээ. Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасаг илгээсэн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.

Иймээс сумын засаг даргын захирамжаар тус сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болоод байгаа аж. 

Түүхийн үнэтэй хиргэсүүрүүдийг нууцаар малтан авч шилжүүлсэн хэргийг ТЕГ-т шалгуулна гэв

Баянхонгор аймгийн Заг сумын иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хүсэлт тавьж байгаа бөгөөд ТЕГ-т нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар хандаж байгаагаа илэрхийллээ. Тэд Тус сумын Эх булаг хэмээх газарт  "Централ Эшиа Майнинг" компанийн ашиглалтын лиценз эзэмшиж буй уг талбайд өнгөрсөн 2017 оны тавдугаар сард Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очироор ахлуулсан судлаачдын баг очиж, хайгуул судалгаа хийжээ. Хуулийн дагуу БСШУСЯ-наас тусгай зөвшөөрөл авсан шинжлэх ухааны байгууллага археологийн хайгуул, судалгаа хийдэг бөгөөд тайлангаа зургаан сарын дотор харьяа яаманд ирүүлэх ёстой аж. Гэтэл тус судалгааны баг өнөөдрийн хүртэл тайлангаа танилцуулж, улсын бүртгэл, мэдээллийн санд мэдээлээгүй байна. 

Түүнээс гадна МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн н.Батсайханаар ахлуулсан баг хэсэг үнэт дурсгалын зүйлс, хиргэсүүрүүдийг малтан авч, нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаараа 30 хоногийн дотор орон нутгийн холбогдох байгууллагад тайлагнах ёстой ч Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавиагүй, хэчнээн тооны ямар үнэт өвийг нүүлгэн шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа талаар Заг сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхдээ ярьсан юм. 

Хэрэв археологийн судалгаагаар олон тооны үнэт өв тухайн талбайд байвал БСШУСЯ-ны саналаар ашиглалтын лицензийг цуцлах боломжтой аж. Гэвч БСШУСЯ-ны Соёлын өв хариуцсан зөвлөл олон 100 жилийн түүхтэй, үнэ цэнтэй соёлын өвийг малтах боломжийг олгож үйлчилсэн, нэр дурдсан эрдэмтэд "Централ Эшиа Майнинг" компанийн эзэмшиж байгаа талбай дээрх олон зуун жилийн түүхтэй хиргэсүүрүүдийг нууцаар малтан авч шилжүүлсэн тул хэргийг шалгуулахаар Заг сумын иргэд Тагнуулын ерөнхий газарт хандаж  байгаагаа мэдэгдэв.

Шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулав

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж 11 шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцлээ.

Улмаар 2 шүүгчид сануулах, 1 шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулж, 1 шүүгчид 3 сар 30 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Харин 4 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Н.Баттүвшин: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй

Бага насны хүүхдүүдийн хэрэглэдэг Анаферон ханиадны эм, дархлаа сайжруулах болон вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лааг Хөнгөлттэй эмийн жагсаалтаас хассан нь маргаан дэгдээгээд байгаа билээ. Виферон лааг Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэж тайлбарласан. 

Тус шийдвэр гарсаны дараагаар виферон лааг импортлон оруулж ирдэг “ЭНТО” ХХК “Салбарын сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн албан ёсоор нотлогдоогүй буруу ташаа мэдээлэл тараасан” хэмээн тус компанийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ 50 жилийн өмнө бүтээсэн уг лааг практикт хэрэглэж, ашиглахад ямар нэгэн сөрөг урвал, гаж нөлөө илэрсэн тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй гэдгийг тус компанийн зүгээс онцолж хэлсэн юм. 

Энэ талаар ЭМД-ийн сангийн дарга Алтанхуяг “ ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2015 онд Виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн байна. 2018 онд хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас Виферон лааг хассан. Өнгөрсөн жилд 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг энэ лааг авахад үзүүлсэн” гэв.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Баттүвшин “ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. ЭХЭМҮТ-өөс зарим халдварт өвчний үед энэ лааг хэрэглэж болох боловч толгой дараалан хэрэглэхийг зөвлөөгүй. Томуугийн эмчилгээний удирдамжид дээрх хоёр үндэсний төвийн эмчилгээний удирдамжийг баримталж, эмнэлгүүддээ зөвлөмж өгдөг юм”

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр: ДЭМБ-аас олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн улс орнуудад зөвлөмж гаргадаг. Тэрийг улс орнууд дагадаг. ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг эмчилгээнд 4 эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байгаа. Энэ 4-өөс Монгол Улсын эмийн жагсаалтад орсон ганцхан эм бий. Тэр нь Осельтамивир. Энэ маш үнэтэй эм учир цаашид яах вэ гэдэг асуудлаар ЭМЯ-тайгаа ярилцаж байна.  Виферон бол томуугийн эмчилгээний асуудалд хэрэглэж байгаа лаа. Судалгаанаас харахад хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр нөлөөгүй гэдэг нь нотлогдсон. Энэ л хамгийн чухал. Нотлогдоогүй зүйлийг эмчилгээ, үйлчилгээнд аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Албан ёсоор хэлье. Томуу, томуу төст өвчний үед  Анаферон эм, Виферон лаа хоёрыг эмчилгээнд хэрэглээгүй. Удирдамжинд байхгүй учраас хэрэглэхгүй гэсэн үг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Виферон лааг хэрэглэсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юмаа гэхэд ямар ч үр дүнгүй гэсэн үг. Олон янзын судалгаа байна. Би мэргэжлийн хүний хувьд ЭМЯ-ны сайдыг буруу үг хэлсэн гэж бодохгүй байна. Яагаад ийм зүйлийг олон нийтэд мэдэгдэж болохгүй гэж.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар “Процессын алдаа гаргасан. Энэ асуудлыг ил гаргаж, шүгэл үлээсэн нь буруу асуудал биш ээ. Ямар ч байсан хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан. 5884 ширхэг эмний зөвхөн нь нэг нь яагаад ингэж томоор тавигдаж эхлэв. Салхи хаа нэгнээс сэвэлзээд байгаа юм бишүү” хэмээн хэллээ.

Г.Ганхуяг эрэгтэй бөхчүүдээс "U-23”-ЫН ДАШТ-ий анхны медальтан боллоо

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Румынд манай тамирчдын дөрөв дэх, эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. 
23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа (өнгөрсөн жил Польшид хүч үзсэн) зодоглосон Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй "тооцоотой", "хийгүй", "нягт" барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсов.

НЭРИЙН ХУУДАС:
Ганбаатарын Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 16-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 2014 онд гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор “Ганьт” клубт чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Ховд аймгийн Булган сумын хоёрдугаар 12 жилийн дунд сургууль, “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.

АМЖИЛТ:
2016 он: Залуучуудын УАШТ-ий хүрэл 
- Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө
2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Оюутны УАШТ-ий алт
- Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Оюутны УАШТ-ий алт
- “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахынх нь биед халджээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахаар завдсан хэрэг өчигдөр шөнө гарчээ. Тэрбээр “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн сошиал хуудаснаа мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл