8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдөр өнжүүлэх төвийн согтуу эмэгтэй багш зургаан настай хүүг хичээлээс нь аваад явах замдаа орхижээ

2018-11-20 12:46:17

Арваннэгдүгээр сарын 19-нд буюу өчигдөр  БГД-ийн нутаг дэвсгэрээс алга болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүртэй холбогдож тодруулсан юм.

Тэрбээр "40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч хүүг алга болсон талаар дуудлагыг 19-ний өдрийн 20:00 цагт ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сан дотроос олсон" гэв.

Түүний хэлж буйгаар хүүг олох үед айсан байдалтай гэрэл бараадаад зогсож байгаагаа цагдаагийн алба хаагчдад хэлжээ.

Цагдаагийн алба хаагчид тухайн хүүгийн ангийн багшаас хүүгийн талаар тодруулахад "Өдөр өнжүүлэхийн багш нь хичээл тарахад ирээд хүүхдүүдээ тоолоод аваад явсан" гэх мэдээллийг өгсөн байна. Ингээд хүүгийн явдаг буюу 40 дүгээр сургуулийн ойролцоо 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшаас/49 настай эмэгтэй/ хүү яагаад алга болсон талаар тодруулах гэхэд сэжигтэй байсан тул тухайн багшийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тусгай төхөөрөмжөөр шалгажээ. Ингээд тухайн багшийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.

Харин хүү "Өдөр өнжүүлэхийн багш биднийг сургуулиас аваад явж байгаад эмийн сангийн хажууд зогссон. Намайг тэнд үлдээгээд явчихсан" хэмээн хэлжээ. Түүнчлэн "Хүү дөрвөн цаг орчим эмийн сан дотор зогссон бөгөөд энэ хугацаанд түүнийг том хүнтэй явж байгаа эсэх талаар хэн нэгэн асуугаагүй, эмийн санч ч тоогоогүйг" ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр нэмж хэллээ.

Завгүй ажилтай, хүүхдээ сургуульд нь өөрийн биеэр өгч, авах боломжгүй эцэг эхчүүд өдөр өнжүүлэх төвд ханддаг. Ингэхдээ тухайн төв нь хүүхдийнх нь эрүүл, аюулгүй байдлыг хангах орчин мөн эсэх болон ажиллуулж буй хүмүүс найдвартай юу үгүй юу гэдэгт анхаарал хандуулж, хяналт тавьдаггүйгээс ийм хэрэг гарч байна. Тиймээс хүүхдээ явуулах өдөр өнжүүлэх төвийг судалж, анхаарал болгоомжтой хандахыг зөвлөлөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yadag emiin sanch ve.Sogtyy bagsh bol byr dyyrch.
2018/11/20 49.0.135.140