Улсын Их Хурлыг тараах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийсэн юм. Мөн тус мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан туслахын биед халдсан талаар мэдээлэл өгч, хуулийн байгууллагад шалгуулна хэмээн мэдэгдсэн билээ. Тодруулбал, Тэрбээр "Би Засгийн газрыг огцруулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор миний зөвлөхийн биед халдсан байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн. Амралтын өдөр над руу залгаад туслахын биед халдаж гэмтэл учрууллаа. Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн мэдээлэл ирсэн. Би очиж уулзахад туслахын биед халдаж гэмтэл учруулсан байсан. Засгийн газрыг огцруулах асуудлаар ойрын үед надад болон миний гэр бүлийн хүрээллийн хүмүүсийг заналхийлэх зүйл ажиглагдаж байна. Түүгээр ч зогсохгүй ажлын хамт олон, туслахын биед халдсан хэрэг гарлаа. Энэ хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн. Шалгуулж үйлдсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдээлэл хийсэн.
2018 оны 11 дүгээр сарын 17 өдрийн 23 цагийн орчим сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах irish бааранд УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд уулзаж, наргиж цэнгэсэн байна. Тус уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх Т.Зөнбилэгийн нагац С.Мөнгөнсүх гэгч залуу ч байлцжээ. Архинд халамцсан залуус хоорондоо маргалдаж улмаар С.Мөнгөнсүх гэгч Т.Зөнбилэгийн толгойн тус газар цохиж гэмтээсэн дуудлага СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст бүртгэгдэж, хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Маргалдагч этгээдүүд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “бид хувийн асуудлаар хоорондоо муудалцсан. Улмаар зодоон үүссэн” гэсэн мэдүүлэг өгчээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн зөвлөх Т.Зөнбилэг нь яруу найрагч Д.Төрбатын ууган хүү бол Сүхбаатарын Мөнгөнсүх нь Т.Зөнбилэгийн нагац нь аж.