8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 13 настай талийгаач охины шүүх хурал хойшилж, МУГТ Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх КАЗАХСТАНЫГ зорилоо

2018-11-21 18:40:00

Та, бидэнд нь байгаа хором мөч бүхэн хязгаартай. Энэ хором мөчийг өөр хэн нэгний амьдралаар амьдарч дэмий үрэх хэрэггүй. Хамгийн чухал зүйл нь өөрийнхөө сэтгэл зүрх, зөн совинг дагах зоригтой бай. Ингэснээр та өөрийнхөө хэн болохыг хүсч байгаагаа таньж мэдэж чадна. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

С.Оюунцэцэг: Бид нар үр хүүхдээ алдчихлаа. Өөр юу амсуулах гээд байгаа юм бэ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо  "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүж байна.  Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн , талийгаач охины ээж С.Баясгалан, иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцож байна. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх аж. Шүүх хурлаас манай сайтын сэтгүүлч шууд дамжуулж байна. 

ТАЛИЙГААЧ ОХИНЫ ЭМЭЭ С.ОЮУНЦЭЦЭГ: ШАРИЛЫГ НЬ УХААД ҮЗЭХ ЮМ БОЛ ХЭВЛИЙН ХӨНДИЙД Ч ЭРХТЭН БАЙХГҮЙ

Өнөөдөр бид үр хүүхдээ алдчихаад байна. Яагаад ингэж эрхээ хаалгаж боолгох ёстой юм бэ. Шарилыг нь ухаад үзэх юм бол хэвлийн хөндийд нэг ч эрхтэн байхгүй. Миний охин гэж хэлэх юм юу ч байхгүй. Зул, зураг хоёроор өнөөдөр голоо тэвтээж байна. Өнөөдөр шүүх хурлын гадаа манай гэр бүлийнхэн байгаа юм бариад л зогсож байна. Шүүх хурлын танхимд охиныхоо зураг зул хоёрыг бариад яагаад зогсож болдоггүй юм бэ. Хүний эрхийг дэндүү хааж байна. Жил гаруй энэ хэрэг дээр ажилалаа, үнэн бодьтой шийдэж байгаа нэг ч зүйл алга. Сэтгэл дутаж байна. Олон түмэн мэдэж байгаа ийм хэргийг ингэж шүүж байгаа юм чинь хөөцөлдөж чадахгүй айлууд хохироод л үлдэх юм байна. Миний хумсын чинээ охины нэр хүндэд алдаж байна. Биеэ, үнэлэгч байсан мэтээр ярьж байна. Манайх хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлээгүй. Бид нар үр хүүхдээ алдчихлаа. Өөр юу амсуулах гээд байгаа юм бэ. 

Ж.Батзандан: Дараагийн Засгийн газарт “ Мафийнхан” гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар  байр суурийг нь тодруулжээ 

-АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ?

Ж.Батзандан: Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх байх. Гэхдээ олон түмний санаа бодлыг бид сонсох ёстой. Дараагийн Засгийн газар нь ямар Засгийн газар гарч ирэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг татаж байна. Нөгөө л 60 тэрбумын мафийн бүлэглэл, өнөөх "Эрдэнэт”-ийн 51 хувийг авсан бүлэглэлийнхэн  нь дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж байна гэж сонссон. Тиймээс миний хувьд дараагийн засгийн газарт бүр мафийнхан гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна. Бүлгийн нөхдүүддээ ч бас сануулж хэлсэн байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий дээ. Мафийн бүлэглэлтэй тэмцэхгүй, харин ч мафийн бүлэглэлийг сэргээж Монголыг хорлох вий гэдэг дээр ул суурьтай хандас ёстой. Намаас өгсөн чиглэлийг харалгүй яахав гэхдээ улс орны эрх ашиг ард түмний санал бодлыг сонсох учиртай. 

-Таныг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй байх байр суурьтай байна гэж үзэж болох уу?

-60 тэрбумынхантай болон Засгийн газрынхантай хариуцлага тооцох хоёр чухал асуудал яригдаж байна. Миний хувьд идэж уусан хүмүүстэй нам харгалзахгүйгээр хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Ардчилсан Нам нухацтай ярилцах ёстой. Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнийг илүү нухацтай ярьж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой. 

Эх сурвалж: www.zarig.mn 

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас  түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар сайн жишгийг харуулж байгааг онцлоод, Засгийн газар, Ерөнхий сайдын  зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар мэдэгдсэн эсэхийг тодруулав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцсон, тооцохоор ярьсан асуудал байхгүй байна” гэж хариулсан.

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авсан асуудалтай нэр холбогдсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд нарыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг ярилцсан” гэсэн нэмэлт тайлбар өглөө.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолы төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзэв

Б.Энх-Амгалан: АСЕМ, Дубайн гэх мэт хэдэн зуун тэрбумаар яригдах томоохон хэргийг мартагнуулах гэсэн улс төрийн тоглолт явагдаж байна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Засгийн Газрыг огцруулах эсэх асуудлаар тодрууллаа. Б.Энх-Амгалан гишүүн “Энэ цаг үед Монгол улсын төр, Монгол улсын засаг тогтвортой байгаасай гэж үзэж байна. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаад сэтгэлийн хөөрлөөр хандсан нөхцөл байдлын хүрээнд Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг гартаа авах гэсэн ородлого цаашдаа улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Ийм жишээг гадны маш олон улс орны байдлаас харж болно. Тиймээс өнөөдөр Монголчуудад амин чухал хэрэгтэй зүйл бол төр засгийн тогтвортой байдал. Нийгэм эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлаа бид хангаж ажиллах ёстой. Тийм учраас Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Ер нь аливаа асуудлыг бид ул суурьтай бодитой харах ёстой. ЖДҮ-ийн асуудлыг өмөөрч, зөв гэж байгаа юм биш. ЖДҮ-ийн сангийн зээлийн мөнгийг та бүхэн бодоод үз. 40 тэрбум, АСЕМ-ын мөнгө 400 тэрбум. Утааны мөнгө 800 гаруй тэрбум. Шинэ нисэх буудал 750 тэрбум. Дубайн гэрээний хохирол 2 тэрбум ам.доллар. Нийгмийн анхаарлыг ЖДҮ гэдэг энэ асуудал руу хандуулаад тэр хөшигний, тайзны ард маш том үйл ажиллагааг хийх гэж байна гэж үзэж байгаа. Шударга ёсыг хэзээ ярьсан юм бэ? Энэ УИХ, Засгийн газрын үед л бид  дээр дурьдсан болоод тэр олон бондуудын асуудал, бэлэн мөнгө хэвлэсэн тухай, “Эрдэнэт”ийн 49 хувь, Тавантолгойн нүүрсний ордын хулгайн талаар ярилаа шүү дээ. Тийм учраас таалагдахгүй байх шиг байна. Тиймээс ч энэ засгийн газрыг тараая гэдэг асуудлыг гаргаад байх шиг байна. Улс орныг, төрийг ийм эмх замбараагүй байдалд оруулж Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа гишүүдийн талд би байгаа” хэмээн хэллээ.

С.Жавхланд О.Дашбалбар агсантай адил түүхэн үүрэг гүйцэтгэх боломж гарч ирлээ

Монголын төр өнөөдөр томоохон зөрчил тэмцэлд идэгдээд байна. Энэ нь Монголын төрд “шударга бусын хонгил” бий болгон улстөр дэх өрсөлдөгчдөө тэр хонгил руу туун оруулж ирсэн олноо “МАНАН” буюу 60 тэрбумынхан гэгддэг хэсгийнхэн төр засгийг эрхшээх гээд сүүлчийн удаа шударга үнэний төлөөх хэсгийнхэнтэй “үзэж байна”.

Гарын үсэг зурсан 27 дээр УИХ дахь “МАНАН”-гийн нөгөө жигүүр болох АН-ын бүлгийн 9 гишүүн нэмэгдэж 36 болох ч УИХ-аар Засгийн газрыг огцруулах хангалттай хүч болж чадахгүй юм. Учир нь эдүгээ УИХ-д 75 гишүүн сууж байгаа учир олонхийг 38 гишүүн бүрдүүлнэ. Засгийн газраа огцруулахгүйн төлөө үлдсэн МАН-ын 37 гишүүн дээр нэг л гишүүн нэмэгдэхэд тэд МАНАН-г ялж чадах юм. УИХ-д бие даан сонгогдсон МУГЖ С.Жавхлан гишүүн эх орондоо хайртай, ард түмнийхээ хүү учраас МАНАН-гийн талд биш Засгийн газрын талд үлдэнэ гэдэгт олон түмэн итгэлтэй байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээр Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын байгуулсан МАНАН бүлэглэл сүүлийн 10-аад жил Монголын төрийг өөрсдийн “үүр овоохой” болгож түүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг замаасаа зайлуулсаар ирсэн ч өнгөрсөн 2017 оноос хойш тэднийг сөрөх бодит хүч бий болсон. Гэвч энэ удаа тэр хүчийг бас л замаасаа зайлуулахаар ийнхүү улстөрийн том хямрал үүсгээд байна. Тэгвэл Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27 гишүүнээ “60 тэрбум”-ын М.Энхболд өөрөө тэргүүлээд ах дүү, хамаатан садан, МСS, “Хурд”, “МАК”, “Болд төмөр Ерөө гол” хэмээх Монголын хамгийн том, хамгийн их хэл аманд өртсөн компаниудын нөхөд, өөрсөддөө хэдэн зуун тэрбумын концесс авагчид, яаж хөлжсөн нь мэдэгддэггүй эгч дүүс, ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь хуссан гарууд, албан тушаал, зөөлөн суудлаасаа хусагдсандаа одоог хүртэл тайвширч чадаагүй хэдээ дагуулаад явж байна. Тиймээс Монголын 3.3 сая ард түмний дийлэнх нь Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна. Нийт Монголчуудын олонхи ийнхүү үзэж байгаа учир ард түмний хүсэл бодлыг илэрхийлэгч С.Жавхлан хаана байх нь тодорхой тухай ярьж эхэллээ. УИХ-ын гишүүн С.Жавхланд одоо л 1990-ээд онд Монголынхоо төлөө, газар шорооныхоо төлөө одоогийн энэ луйвар булхайн эзэдтэй зад үзэлцэж явсан цогт эх оронч О.Дашбалбар агсан шиг үүрэг хүлээх цаг ирээд байгаа аж. 1996-2000 онд Монгол төрийн нэр хүндийг шороонд хутгасан АХ эвслийнхэнтэй шударгаар үзэлцэж явсан О.Дашбалбар агсан ганцаарддаггүй тэдний буруу шийдвэрийн эсрэг зөв талд зогсож чаддаг байсан билээ. Тэгвэл эдүгээ С.Жавхлан гишүүнд тийм том үүрэг ирээд байна.

О.Дашбалбар агсан МАНАН-гийн “эцэг” Ц.Элбэгдоржийн ямар хүн болохыг бүр 1990-ээд оны эхээр олж харж чадсан бөгөөд түүнд зориулан ийм нэгэн шүлгийг 1993 оны 12 дугаар сарын 1-нд бичжээ.

“Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлэг ноён Ц.Элбэгдоржийн хэн болохыг сануулсаар.

Үнэнийг хэлэхэд

Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд

Хоосон үг хэлээд нэмэргүй

Ядарсан эмгэнд “эрх чөлөө” яриад хэрэггүй

Ясыг нь амраах орон байр л өгч үз

Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй

Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол

Өлссөн хэдэн хүүхдэд нь “ардчилал” чинь хэрэггүй

Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз

Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй

Өөрийн үр шиг санаад эмийг нь олоод өг

Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла

Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ

Барууны эзэддээ л амласнаа эргэж тунгаа

Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө

Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй

Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж яв

МУГТ Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх КАЗАХСТАНЫГ зорив

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов. Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. 
Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.

13 настай талийгаач охины шүүх хурал хойшилсон шүүхийн тогтоол

"Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал өнөөдөр БЗД, Чингэлтэй, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч энэ сарын 23-ныг хүртэл хойшиллоо.Тодруулбал, Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно. Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл