УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш УИХ-ын 40 гаруй гишүүн чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ дөнгөж сая албан ёсоор мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж. Батзандан, Л.Болд нарын гишүүд нийлж мэдээлэл хийж байгаагаас харахад АН-ынхан ч мөн М.Энхболдыг огцруулах байр суурьтай байгаа нь тодорхой болжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан. Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа явдал. Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа.УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно.
УИХ-ын Ж.Батзандан гишүүн "УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. 60 тэрбумтай холбоотой асуудлыг гацаасаар байгаа мөртлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь буруу. М.Энхболдыг УИХ-ын даргаасаа чуулганд суухгүй гэсэн байр суурин дээр гишүүд нэгдээд байна.
УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн "УИХ-ын дарга парламентын хэвийн ажиллуулах үүрэгтэй. Гэтэл өөртөө ашигтай байдлаар чуулганы нэгдсэн хуралдааныг хөтлөн явуулж байна. Ийм байдлаар цаашаа явах юм бол парламентын тогтолцоо алдагдахад хүрнэ. Бид улс орныхоо ирээдүйн бодож, парламентын засаглалыг хэвийн үргэлжлүүл том зорилгоор энэ бойкотод нэгдсэн. УИХ-ын гишүүд болд ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс. Тиймээс том эрх ашгаа бодно.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Монголын төрийг хэдхэн том компаниуд удирдаж байна. Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболдод үйлчилж байна. Энэ хүнээс болж парламент тарах, Засаг огцрох хэмжээнд хүрлээ. Ямар том эрх мэдэл вэ. Ийм их мэдлийн эсрэг ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн гишүүд арга буюу бойкот зарлаж байна.