8o
Улаанбаатар хот
mobile menu

ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АЙЛЧЛАВ

2018-10-24 15:00:00

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер Лайен энэ сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Манай улсын хувьд Герман улстай 1974 онд дипломат харилцаа тогтоож, иж бүрэн түншлэлийн хэмжээнд бүхий л салбарт хамтран ажиллаж ирсэн юм. Харин Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа арай хожуу буюу 1993 оноос эхэлж, өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айлчлал, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт, боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зэрэг чиглэлүүдээр тасралтгүй хөгжиж ирсэн түүхтэй. 

Хатагтай Урзула Фон Дер Лайеныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел болон албаны бусад хүмүүс угтсан юм. Энэ удаагийн айлчлал нь 2008 онд ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Цу Гүйттэнбэрг Монгол Улсад айлчилж байснаас хойших томоохон хэмжээний албан ёсны айлчлал болсноороо онцлогтой. 

ТЕХНИКИЙН ТОХИРОЛЦООНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер Лайеныг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ирэхэд төрийн хүндэт харуул жагсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн угтав.

Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээр хийсэн ба хэлэлцээрийн эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Монгол Улс гадаад бодлогод туссан гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Ойрын хамтын ажиллагаатай улс бол ХБНГУ юм. 2018 онд 2 орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн, түүхийн хуудаснаа тодоор тэмдэглэн үлдэх жил болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж, түүний айлчлалд амжилт хүссэн юм. 

Уулзалт, хэлэлцээрийн дараа 2 улсын Батлан хамгаалахын сайд нар “Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хэвлэлийнхэнд мэдэгдэл хийв.

Айлчлалын хүрээнд хатагтай Урзула Фон Дер Лайеныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын ордонд хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, цаашид ч олон улсын цэргийн ажиллагаанд хамтран оролцох, техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм. 

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН БЭЛТГЭЛД АМ САЙТАЙ БАЙВ

Хатагтай Урзула Фон Дер Лайены айлчлал Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжиллээ.

2009 оноос 2 улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний сургагч багш нар Монгол Улсад ирж хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтыг удирдан зохион байгуулж ирсэн онцлогтой. 

Энэ удаагийн хамтран үүрэг гүйцэтгэх дэд хурандаа Б.Даваа-Очир захирагчтай VII ээлжийн цэргийн баг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Германы сургагч багш нарын хамт ажиллагааны өмнөх бэлтгэлдээ гараад 20 гаруй хоногийн сургалтад хамрагджээ. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер Лайен энхийг сахиулагчдын бэлтгэл, сургалттай танилцах зорилготой очсон ба түүнийг Германы талаас сургалтыг удирдан явуулж байгаа дэд хурандаа Доргес угтан авч, сургалт, бэлтгэлийн явцыг танилцуулсан.

Энэ үеэр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдаж байгаа Монголын цэргийн алба хаагчдыг хатагтай Урзула Фон Дер Лайен “Бүх зүйлийг заагдсан дарааллын дагуу сайн гүйцэтгэж байна” хэмээн магтаад амжсан. Учир нь тэрээр эмч мэргэжилтэй ба докторын зэрэгтэй аж.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ИБНАУ-д анх удаа үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчидтай уулзаж тэдний сэтгэгдлийг сонссон ба сургагч багш нараас сургалтад хэр зэрэг оролцож байгаа талаар тодруулж асуусан. Сургагч багш нар ч манай эмэгтэй цэргийн алба хаагчдын бэлтгэлд ам сайтай байлаа.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер Лайены албан ёсны айлчлал ийнхүү амжилттай өндөрлөсөн бөгөөд айлчлалын төгсгөлд Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цаашлаад эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлд түлхүү хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Соёмбо сонин 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл