8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга С.Батболд үлдэх үү, явах уу?

2018-11-23 09:59:44

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл бүтэн өдөржин хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин түүнийг НИТХ-ын төлөөлөгчид үлдээх үү эсвэл явуулах болов уу.

2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, С.Батболдыг хотын даргаар сонгосон. Тэрбээр,  нийслэлийг аз жаргалтай хот болгож, агаарын бохирдлыг бууруулах Утаагүй хот 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүүхдийн төрөлжсөн эмнэлэг шинээр барих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр тусгасан мөрийн хөтөлбөрөө нийслэлчүүдэд танилцуулж, НИТХ-аар батлуулж байв. Тэр өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд юу хийсэн бэ. Саяхан НИТХ-ын хуралдаанаар Хотын даргын ажлыг 80 хувьтай гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ,

Нийслэлчүүд бид өнөөдөр хэр зэрэг аз жаргалтай байна вэ. Жилийн жилд ярьж, нам бүрийн мөрийн хөтөлбөрт багтдаг утаа арилсан уу. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Утаа бол үе үеийн Засаг дарга нар болон улстөрчдийн мөнгө олох хэрэгсэл байсаар ирсэн. Хотын дарга С.Батболд ч бас тэдний нэгэн адилаар утааг шийдэж чадсангүй.  Төвлөрөлийг сааруулах, дэд бүтэц хөгжүүлэх чиглэлээр мега төслүүд хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд эхлүүлэх боломж байсан, тэр бас л хэрэгжүүлж чадаагүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулна гэсэн ч өнөөдөр захын дүүргүүдэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд байсаар хэдэн мянган хүүхэд цэцэрлэггүй, цоожтой хаалганы цаана үлдсэн хэвээр. Түүний хийсэн ажлаас тодотгоод харах нэг зүйл бол нийслэл хот анх удаагаа өргүй хот болсон явдал. Хот өргүй болсноор нь өөрийгөө пи-ардаж, дөвийлгөх биш Хотын даргын хийх ёстой ажлынх нь нэг байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. С.Батболдод аз жаргалтай Улаанбаатарын суурийг тавих хангалттай боломж байсан. Удахгүй тэр, 2 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тэр тайлагнана, ингэхдээ цаасан дээрх олон тоо, баримт харуулах нь ойлгомжтой. Гэхдээ долоон буудлын Должин, Багануурын Батаа, иргэн миний амьдралд наалдацтай, түгжрэлгүй, утаагүй, дэд бүтэц нь хөгжсөн, түүний амласан аз жаргалтай Улаанбаатар хаана байна вэ. Их хотын иргэн миний амьдралд лав өөрчлөлт гарсангүй. Иргэн би өглөө ажилдаа явахдаа, орой гэртээ харихдаа түгжирнэ, хотын иргэний хувьд төрийн байгууллага, эмнэлэгээр үйлчлүүлэх гэж цаг, заваа барсаар л байна. Яг л өмнөх Хотын дарга нарын үед нийслэл ямар байсан, тиймээрээ л байна. Ийм байхад өөрийгөө Аз жаргалтай Улаанбаатарыг бүтээсэн гэж хэлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Таны бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааны дөрөвний гурав нь өнгөрчихсөн байхад, шидтэн биш л бол ирэх нэг жилийн хугацаанд Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно гэдэг юу л бол.

Саяхандаа Туушин зочид буудлын үүдний шатыг нурааж,  явган зорчигчийн зам чөлөөлж байгаа ажлаа бараг бүх телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Яг үүний өмнөхөн Хотын даргын ” бичлэг амнаас ам дамжин, давслагдан тархсан нь түүнийг туушиндах зориг оруулсан гэх юм билээ. Үнэн хэрэгтээ явган зорчигчийн зам чөлөөлөх шийдвэр өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үед гарсан шийдвэр байсан, харин эр хүн гэдээ батлахын тулд хийсэн гэх яриа ч Хангарьд ордонд жиг, жуг гэлцэнэ лээ. Аль нь ч байсан өөрийнх нь талаар нууц бичлэг байгаа гэх яриа амнаас ам дамжиж байх зуур хэдэн жилийн өмнө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээд эхэлсэн нь гайхмаар.

Ямартай ч гурван жил нийслэлийг удирдаж буй С.Батболдыг огцруулах эсэхийг өнөөдөр НИТХ шийднэ. НИТХ-ын төлөөлөгчид ямар шийдвэр гаргахаас үл хамааран С.Батболдод нийслэлчүүд дүнгээ тавьчихсан гэдгийг тодотгоё. Хэрэв нийслэлчүүд сайн үнэлгээ тавьсан бол өнөөдөр түүнийг огцруулах асуудал хөндөгдөхгүй байсан биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл