8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ын Суурь судалгааны сантай илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллана

2018-11-21 13:00:00

  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Суурь судалгааны сангийн Ерөнхийлөгч В.Я.Панченко тэргүүтэй албаны хүмүүстэй уулзлаа.

  Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр нар байлцлаа.

  Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Суурь судалгааны сан нь Нийгэм, хүмүүнлэгийн сантайгаа нэгдсэн. Өнгөрсөн онд 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн тус сан Монгол Улсын БСШУСЯ, ШУА-тай хамтран ажилласан 11 жилийн хугацаандаа 120 төсөл, Хүмүүнлэгийн сантай 169 төсөл хэрэгжүүлсэний үр дүнд шинэ онолын судалгаа 18, стандарт (зөвлөмж) 26, шинэ ба шинэчилсэн бүтээл (технологи) 20, эрдэм шинжилгээний 1073 өгүүлэл болон 679 илтгэл гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд тавьжээ.

  Энэ удаагийн уулзалтын үр дүнд ирэх жилээс хамтарсан судалгааны төслийн цар хүрээг өргөжүүлэх талаар хоёр тал тодорхой зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, нэг төсөлд ногдох санхүүжилтийг нэмж нэг сая рубль, хугацааг уртасган 3 жил болгосноор эрдэм шинжилгээний төсөл, судалгааны үр дүн сайжрах ажээ. Түүнчлэн хамтарсан судалгааны тайланг тус тусдаа бичдэг байсныг цаашид орос, монгол хэл дээр хамтарч тайлангаа бичдэг байх тохиролцоонд хүрлээ. Энэ нь мөн л судалгааны үр дүнг сайжруулахаас гадна судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлж, сурталчилахад өндөр ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэлээ.

  Мөн ирэх онд хэд хэдэн томоохон арга хэмжээг БСШУСЯ, ШУА-тай хамтран зохион байгуулахаар боллоо. Үүнд, Монголын эрдэмтэн судлаачид, их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан Суурь судалгааны сангаас хэрхэн санхүүжилт авч, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтарсан семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаас гадна Байгал далай, Хөвсгөл нуур судлалын чиглэлээр “Хоёр нуур, хоёр ард түмэн” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment