8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

2018-11-23 10:17:00

ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, тус улсын Спортын яамны сайд П.А.Колобковтой уулзаж хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

  Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол, Орос хоёрын улсын найрамдалт харилцаанд спортын салбарын гүйцэтгэж ирсэн үүргийг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа Засгийн газар хоорондын болон спортын холбоодын түвшинд улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн дараах хүсэлтүүдийг албан ёсоор тавилаа.

  Үүнд, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 500 оюутныг тус улсад суралцуулах квоттой. Иэрх жил энэхүү квотын 20-ийг биеийн тамир, спортын чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хуваарилах саналыг Оросын талд тавьж, захиалгаа хүргүүлсэн байгааг сайд Ц.Цогзолмаа дурдаад спортын багш дасгалжуулагч, менежмент, спортын эмч, сэтгэл судлалын мэргэжилтэн, өвлийн спортын төрлөөр цана, тэшүүр, шорт трейк, зуны спортын төрлөөр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг нарийн мэргэжлээр бакалавр, магстрийн түвшинд сургах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийллээ.

   Түүнчлэн 2020 онд манай улсад зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” олон улсын хүүхэд, залуучуудын спортын их наадмын зохион байгуулалт, оролцооны тал дээр хоёр улс идэвхитэй хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэнээс гадна “Торгоны зам” дагуух олон улсын авто раллиг Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх зохион байгуулалт хийх тал дээр хамтран ажиллахаар боллоо.  Мөн хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаанд мэргэжлийн холбоодуудыг идэвхжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэнээс гадна өвлийн спортын чиглэлээр ОХУ-ын спортын бааз, дэд бүтцийг ашиглан Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх талаар санал тавьсныг Оросын тал нааштайгаар хүлээн авлаа.

    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Спортын яам биеийн, тамир спортын салбарт хамтран ажиллах Санамж бичигт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков нар гарын үсэг зурлаа. Уулзалт болон гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны зөвлөх О.Очирмаа, БСШУСЯ-ны төлөөлөл оролцлоо.  Монгол Улс ОХУ-тай сүүлийн 16 жилийн хугацаанд биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцэлгүй явж ирснийг талууд онцолж энэ удаагийн Санамж бичиг олон жилийн дараа хийгдэж буйгаараа өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment