Шатахууны үнийн зөрүүнээс үүдэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн 17 компани 5.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснээс болоод Даваа гарагаас явах боломжгүй болсноо мэдэгдээд байсан билээ. Тодруулбал нийтийн тээвврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн компаниудын шатахууны нөөц багассан нь ирэх даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээ зогссон гэж мэдээлж байсан.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас тодруулахад "Нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхонтой өчигдөр уулзсан. Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Яг хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна. Тооцоо хийгдэж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэв.