Автомашинтай жагсагчид шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг мэдээлэл хийлээ. Тэд шатахууны үнийг 1500 төгрөг хүртэл буулгах шаардлага тавьж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Шатахууны үнэ сүүлийн хэдэн сарын дотор 300-400 төгрөгөөр нэмэгдсэн.
Дизель түлшний үнэ хоёр сарын өмнө 2125 төгрөг байсан бол өнөөдөр уг үнэ 2350 төгрөг болжээ. Өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэ сарын өмнө 1820 төгрөгөөр худалдаалагдаж байгаад өнөөдөр 1980 төгрөг болоод байна. АИ-95 бензиний үнэ 2160-2330 төгрөг болж өссөн хэмээн мэдэгджээ.
Мөн “Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан таван өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан.
Шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг асуудлыг бид эсэргүүцэж байгаа.
Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа энэ үед манай улсад бензиний үнэ төдийлөн буурсангүй. Мөн хуурамч шатахууныг шалгах эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг боловч багаж лаборатори байдаггүй хэмээн шүүмжилээ.