8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨГЖЛИЙН БАНК ЗАРЧМЫН ХУВЬД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДСАН НЭГ ЖИЛ БАЙЛАА

2018-11-09 13:00:00

МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяртай тус банкны үйл ажиллагааны цар хүрээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар ярилцсанаа уншигч танд хүргэе.

Сайн байна уу, танай банкнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг харж байхад нэг жилийн хугацаанд нэлээдгүй зүйл амжуулж, засаж залруулсан харагдаж байна. Хөгжлийн банкинд хийсэн гол өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

Баярлалаа. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе! Манай удирдлагын баг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-нд томилогдсон. Бид нэн тэргүүнд банкны хууль эрх зүйн орчны шинэчлэлээс эхлэх шаардлагатай гэж үзсэн. Манай банкны үйл ажиллагаанд 2014 онд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар ч гэсэн энэ асуудлаар зөвлөмж гарсан байсан. Улмаар Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан нэр бүхий УИХ-ын гишүүд МУХБ-ны тухай хуулинд банкны бие даасан байдал, засаглал, үйл ажиллагааны хяналт, цар хүрээ зэрэгт өөрчлөлт оруулах чиглэлээр санал гаргасныг дэмжин ажиллаж банкны хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, энэ оны 4 дүгээр сарын 1 –нээс даган мөрдөж эхэлсэн. Энэ хууль бүхэлдээ Хөгжлийн банкны хувьд философийн, зарчмын хувьд өөрчлөлт болсон. Өмнөх жилүүдэд иргэдийн ч, төрийн ч аль алиных нь ойлгож хүлээж авсан банкнаас өөр олон улсын жишигт чиглэсэн удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоотой, зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн үр ашигт чиглэсэн Монгол улсын хөгжилд дэм болж чадахуйц банк болох эрх зүйн орчин бүрдсэн.

Эрх зүйн шинэчлэлийн бодит үр дүнгээс хуваалцахгүй юу? Чухам ямар өөрчлөлт нь амьдралд хэрхэн хэрэгжиж байна вэ?

Эрх зүйн шинэчлэл гэдгийг Хөгжлийн банкны хуулиас гадна уг хуулийг дагалдан гарч буй Засгийн газраас баталсан дүрэм, банкны ТУЗ-өөс баталсан бодлогын баримт бичиг, журамтай хамтатган ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаа хууль, банкны дүрэм, үйл ажиллагааны бодлогын баримт бичиг, журмын нарийвчилсан зохицуулалтаар хэрэгжиж байна. Мөн эрх зүйн шинэчлэлийн чухал хэсгийн нэг нь хяналтын тогтолцоо. Энгийн үгээр тайлбарлан хэлэхэд хяналтын тогтолцоо 2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 3 шатлалтай хянагддаг байсан банкны үйл ажиллагаа одоо 6 шатлал бүхий хяналтанд шилжсэн.  Хяналтын системд Засгийн газар, Монголбанкыг татан оруулж, өдөр тутамдаа дотоод хяналт шалгалтын нэгжийг нэмж байгуулсан. Ингэснээр банкны үйл ажиллагаа эрсдэлгүй явагдах нөхцөл сайжирч, банкны найдвартай ажиллагааны түвшин нэмэгдэж байна. Мөн Хууль эрх зүйн хүрээнд сайн засаглал, хариуцлагын тогтолцоо, хараат бус шийдвэр гаргалттай холбоотой заалтууд бүгд баталгаажин, хэрэгжиж эхлээд явж байна.

Танай банкинд итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэлийн түвшинг үнэлээд хэлбэл ямар түвшинд байна вэ?

Манай багийг ажлаа авахад гадна талдаа төлөх эх үүсвэрүүдийн хугацаа нь тулчихсан байсан. Тухайлбал 2017 оны 3 дугаар сард Засгийн газрын баталгаатай гадаад бондын төлбөр хүлээгдэж байсан. Нөгөө талдаа дотоодоос авах авлагууд, тэр дундаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хугацаа нь аль хэдий нь болсон боловч бүгдийнх нь хугацааг сунгачихсан, санхүүгийн хувьд ихээхэн эрсдэлтэй байсан. Ингээд бид эхний ээлжинд төлбөр бүрэн төлөх чадварыг сайжруулах,  улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн багцыг шилжүүлэх, төлбөр тооцоог цэгцлэх, дүрмийн сангаа нэмэгдүүлэх, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг дөрвөн үе шаттай ажлыг хийсэн. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд гадна талдаа хугацаанаасаа өмнө дуудагдаж байсан томоохон хэмжээний эх үүсвэрүүдийг татуулахгүй байх арга хэмжээг авч чадсан. Мөн банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадсан. Гадны зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний нэг гол заалт нь банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 10 хувиас багагүй байх гэсэн заалттай бөгөөд энэ нь хангагдаж байгаа тохиолдолд эрсдэл харьцангуй багатай гэж үздэг. Манай банкны хувьд энэ үзүүлэлт өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 3,9 хувь болтлоо буурчихсан байсан бөгөөд энэ үзүүлэлтийг харсан хөрөнгө оруулагчид эх үүсвэрээ татах эрсдэлтэй болчихсон хүнд үе байсан. УИХ, Засгийн газраас банкны өөрийн хөрөнгийг  үе шаттайгаар 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ 34 хувь болж нэмэгдсэн. Ийнхүү цаг алдалгүй арга хэмжээ авсны үр дүнд гадна эх үүсвэр татагдах эрсдэлгүй болсон төдийгүй дунд, урт хугацааны эх үүсвэр нэмж татах нөхцөл боломж бүрдсэн.

Монгол Улсын Хөгжлийн банк ашигтай ажилладаг банк мөн үү?

Банк өнөөдрийн байдлаар ашигтай ажиллаж байгаа. Өмнөх онуудад банкны татварын өмнөх ашиг 2012 онд -8.3 тэрбум төгрөг, 2013 онд 35.1 тэрбум төгрөг, 2014 онд 134.0 тэрбум төгрөг, 2015 онд 41.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2016 онд -191.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Өнгөрсөн оны хувьд дотоодын валютын зах дээр үүссэн огцом хэлбэлзлийн улмаас ханшийн тэгшитгэлийн алдагдал, тэр дундаа иенийн ханшийн тэгшитгэлийн алдагдал өндөр байсан нь алдагдалд голлох нөлөөллийг үзүүлсэн. Мөн эдийн засгийн идэвхижил удааширсны улмаас дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа хумигдсан нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж, зээлийн эрсдэлийн сан өсөхөд хүргэсэн. Энэ оны хувьд 9 дүгээр сарын байдлаар манай банк 14 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаад байна. Зээлийн хүү болон үндсэн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авсан.

Гадаад валютын ханш тогтворжих хандлагатай байгаа, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж үйл ажиллагаа сэргэж байгаатай холбоотойгоор банкны ашигт ажиллагааг эерэгээр харж байна.

Хөгжлийн банк хэдхэн улс төрчид, танил талдаа төрийн мөнгийг олгочихдог гэсэн зарим нэг сөрөг ойлголт иргэдийн дунд өмнөх удирдлагаас чинь үүдэлтэй байсаар байна. Танай баг өнгөрсөн хугацаанд хичнээн зээл, хэнд олгосон бэ?

Хөгжлийн банк 2017 оны 9 дүгээр сарын байдлаар төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 1670 төсөлд 2,95 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Эдгээрийн 45 төслийг банкнаас шууд, 1625 дэд төслийг арилжааны банкаар дамжуулан олгосон байдаг. Улсын төсвийн эрэмбэлэх зээлийн багцыг шууд санхүүжүүлдэг байсан, хяналтын тогтолцоо сул байсан, зээлийн санхүүжилт 100 хувь өөрийнх байсан зэрэг нь сөрөг ойлголт, хандлага бий болоход нөлөөлсөн байх талтай. Мөн тухайн үед хэрэгжүүлсэн төсвөөс эргэж төлөгдөх төслүүдийн өртөг зардал ихээхэн өндөр байсан нь ч бас нөлөөлсөн. Нэгэнт тухайн төслийн хэрэгжүүлэгч өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээгээгүй тул энэ мэт асуудал гарсан. Үүн дээр тухайн төслүүдийн захиалагч болох төрийн яамд агентлагууд, холбогдох хууль хяналтын байгуулгууд дүгнэлтээ гаргана.

Миний хувьд өнгөрсөнөөс илүүтэй одоо гарч байгаа өөрчлөлтийг яримаар байна. Өнөөдөр манай банк дан ганц зээл биш хөрөнгө оруулалт, баталгаа, даатгал, лизинг, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдтэй хамтран тухайн төсөл дээр хамтын санхүүжилт хийдэг схемрүү шилжсэн байгаа. Ингэснээр бид зээлийн эрсдлийг ганцаар биш төслийн эзэн, бусад зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчидтай хамтран хүлээх, тухайн төслийн хяналт, хариуцлагыг дангаар хийх биш бусадтай хамтарч хийдэг болж байна. Үр дүн ч сайжирч байгаа.

Танай банкны нэр “хөгжил”. Тэгэхээр нийгэмд хүлээх үүрэг нь үндсэндээ хөгжил байх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байна?

МУХБ-ны дунд болон урт хугацаанд баримтлах стратеги нь банкны үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэж, Монгол улсыг урт хугацааны тогтвортой өсөлттэй төрөлжсөн эдийн засагтай болгоход чиглэсэн голлох салбаруудад төсөл хэрэгжүүлэхэд зориулан санхүүжилт олгоно гэж бид тодорхойлж байна. Хөгжлийн банкны хуулийн 8.2-т банкны зээлийн 60 хувьд экспортыг орлох төсөлд санхүүжилт хийх заалттай байдаг. Хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 6 сарын хугацаанд бидний олгосон зээлийн 73 хувь нь импортыг орлож экспортыг нэмэгдүүлэх төслүүд байгаа. Голлох салбаруудын төслүүдийн зээлийн багцынх нь хувьд өнгөрсөн оны мөн үеийг энэ онтой харьцуулахад боловсруулах үйлдвэр 24 хувьтай байсан бол 47 хувьтай, уул уурхай 8 хувьтай байсан бол 19 хувь болж өссөн байна.

Эдгээр салбарт хэрэгжиж буй төслийн санхүүжилтээр давхардсан тоогоор 1500 гаруй ажлын байр бий болж, 3000 орчим ажлын байрыг хадгалж үлдсэн. Эндээс Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэл ямар байгааг харж болохоор байна.

Өнгөрсөн жил Чингис, Хуралдай, Евро бонд гээд хэд хэдэн бонд, өрийн бичиг, төлбөрийн тухай хэвлэлээр яригдсан. Магадгүй зарим уншигчдад маань ойлгомжгүй байсан байж болох юм. Та төлбөрийн гүйцэтгэлийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Тийм ээ. Энэ асуудлаар иргэд гэлтгүй зарим албан тушаалтнууд эргэлзэж, ойлголт муутай байх нь бий. Өнгөрсөн нэг жил бол Хөгжлийн банк гэлтгүй, Монгол улсын хувьд томоохон зээлүүдийн эргэн төлөлтийг гүйцэтгэх сорилт тулгарсан жил байж таарсан. Эдгээр зээлийг хэрхэн эргэн төлөхөөс Монгол улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын ирээдүй шууд хамаарах эрсдэл тулгарсан байсан. Цаашид ч тийм байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1,7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад зээлийн үндсэн төлбөр төлж барагдуулсан. Тухайлбал Евро бондын 580 сая ам.доллар, ВТБ банкны 65.4 сая ам.доллар, Кредит Свисс банкны зээлийн 94.8 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн 27.0 сая ам.долларын гэх мэт төлбөрүүдийг амжилттай төлж барагдууллаа.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Евро бондыг 2017 оны 3 дугаар сард эргэн төлөхтэй уялдуулан Засгийн газар олон улсын зах зээлд 2017 оны 2 дугаар сард Хуралдай бондыг гаргасан. Улмаар МУХБ-ны 580 сая ам.долларын өрийн бичиг эзэмшигчдийн 476 сая ам.доллар эзэмшигчид нь Монгол Улсын Засгийн газрын 7 жилийн хугацаатай өрийн бичгээр солихоор хэлцлийг хийсэн. Үлдэх төлбөрийг бэлнээр хийж барагдуулсан байгаа.

Монгол Улсын Хөгжлийн банк охин компанитай болжээ. Их содон сонсогдоод байх юм. Чухам ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ?

Энэ ажил зөвхөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд эхлээгүй. Өмнөх жилүүдэд экспортын даатгал, лизинг, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн чиглэлээр тусгай зориулалтын компани байгуулах тухай Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрүүд гарч байсан боловч тэдгээрийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхам хийгдээгүй байсан. Банкны зүгээс 2017 оноос эхлэн уг шийдвэрийг хэрэгжүүлж эхлэн “Ди Би Эм лизинг” ХХК-г байгуулсан. Тус компаний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь эдийн засгийн тодорхой салбаруудад шаардлагатай байгаа өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг МУХБ, гадны орнуудын экспорт, импортын банк болон хөгжлийн банкуудын хөнгөлөлттэй эх үүсвэрийг ашиглан Монгол улсад бизнес эрхлэж буй дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр тоног төхөөрөмж түрээслэх буюу худалдах юм.  Одоогийн байдлаар ОХУ-ын  7 үйлдвэрлэгчээс ХАА-н 20 төрлийн 543 ширхэг тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд гэрээний дагуу түрээслээд байна.

Цаашид нийтийн тээврийн хэрэгслийн түрээс, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээс, хүнд даацын машин, тоног төхөөрөмжийн түрээс зэргээр үйл ажиллагааг өргөжүүлэн, шаардлагатай байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжээд явах юм.

“Ди Би Эм Ассет Менежмент” ХХК буюу хоёр дахь охин компаний хувьд Засгийн газрын энэ оны 139 дүгээр тогтоолоор байгуулагдаж хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Үйл ажиллагааны гол зорилго нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төлбөрийн хэрэгслийн хямралаас үүдэлтэй гадаад валютын хомсдлыг  өрийн дарамт нэмэгдүүлэхгүй хэлбэрээр шийдэхэд чиглэгдэж байгаа юм.

МУХБ-наас цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товчхон танилцуулахгүй юу?

Цаашид  Хөгжлийн банк үүсгэн байгуулах болсон түүхэн шаардлагаар гарсан үүргээ биелүүлээд явах болно. Монгол улсын санхүүгийн зах зээл одоогийн байгаа эх үүсвэрээр санхүүжүүлэхэд хүндрэлтэй боловч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа мега төслүүд, тухайлбал гангийн үйлвэрлэл, усан цахилгаан станц, төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зээлийн санхүүжилт болон хөрөнгө оруулалт, менежментийн хувьд дэмжээд явах институци зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн банк хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд улсынхаа эдийн засгийн тэргүүлэгч салбаруудыг дэмжин ажиллах болно. Ер нь ирээдүйд хэрэгжих аливаа томоохон төслийн санхүүжилтийг шийдвэрлэхдээ заавал гадны шууд зээл гэлгүйгээр дотоодын нөхцөл бололцоог гадны эх үүсвэртэй зөв хослуулах нь бидний хийх хамгийн чухал ажил гэж ойлгож болох юм.

Хийж хэрэгжүүлэх, төлөвлөсөн ажлууд их бий. Иргэдэд хүртээмжтэй зарим ажлуудаас дурьдах нь зөв болов уу. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтын менежментийн компани 14 салбарын 138 төслийг судлаад эхэлсэн. Эдгээрээс 35 төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал нарийвчилсан судалгаандаа яригдаж байна. Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гадны шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд эхлүүлсэн. Монгол улсын өрийн дарамтыг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хөрөнгө оруулалтын сан байгуулна. Энэ тохиолдолд бид зээлээр биш урт хугацаат хөрөнгө оруулалтаар дамжуулан Монгол улсын валютын нөөцөд дарамт учруулалгүйгээр үр ашгаа хүртэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлээр томоохон алхам хийх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын утааг бууруулахад чиглэсэн,  иргэдийн зүгээс өндөр хүлээлттэй байгаа хүртээмжтэй орон сууцны төслүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана. Тухайлбал дундаж болон дундаас доогуур орлоготой өрхүүдэд чиглэсэн орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн зэрэгцээ орон сууц худалдан авах бололцоогүй хэсэгт зориулсан хямд үнэтэй түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Та өнгөрөгч нэг жилийг нэг өгүүлбэрээр тодорхойлохгүй юу?

Хөгжлийн банкны хувьд уналтыг зогсоон тогтворжуулсан, нийт утгаараа нэмэх үзүүлэлттэй, зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан нэг жил байлаа.

Хөгжлийн банк хэмээх энэ их айлын өндөр үүдийг өргөж, тулган дахь галыг нь өрдөж, бадрааж яваа танай хамт олонд ажлын арвин их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе! Ярилцсанд баярлалаа.

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

 

Мэдээллийн эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл