Манай улс төрийнхөнд казино хар мөртэй. Казиногоос болж хэд хэдэн улс төрийнхөн шийтгүүлж байсан бөгөөд сүүлд үүнд донтсон хэсэг хүмүүс нэг банкийг дампууруулах дөхсөн билээ. "Хадгаламж" банкны орлогч нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран казинодож дуусгасан гэдэг. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн нутаг дахь “Вояаж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг саатуулахад тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар нар байсан гэх мэдээлэл цацагдсан хэргийн эзэд үгүйсгээд өнгөрсөн билээ. Тэгвэл өнөөдөр цахим хуудаснаа “Энэ хүн хэн болохыг зөв хэлсэн хүнд 500 мянган төгрөг өгье. Монгол хүн биш байгаасай, Монголын санхүүгийн салбарын дарга даамал биш байгаасай гэж гүнээ итгэж найдаж байна” гэсэн тайлбартай бичлэг таржээ. Энэхүү бичлэгийг УИХ дахь МАН-ын ажлын албаны хэвлэл төлөөлөгч Б.Цогтгэрэлийн оруулсан байна.
Казинодож буй Монгол дарга хэн бэ?
2016-02-24 19:29:00