8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурганы улмаас баруун аймгуудад арав гаруй айлын гэр нуржээ

2018-12-03 14:20:00

Баруун бүсийн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1 гэр, Цагааннуур суманд 1 байшингийн дээврийн төмөр, Увс аймгийн Давст, Хяргас суманд 2 гэр, Завхан аймгийн Завханмандал, Тэс суманд 2 байшингийн дээврийн төмөр, Ховд аймгийн Дарви, Манхан, Чандмань суманд 10 гэр, нийт 4 аймгийн 10 суманд 13 гэр нурж, 3 байшингийн дээврийн төмөр хууларчээ.

Цаг агаарын аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Баян-Өлгий аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас, Говь-Алтай аймгийн автозамын хөдөлгөөнийг 12-р сарын 01-ний өдрийн 04:00 цагаас, Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг мөн өдрийн 12:00 цагаас, Ховд аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас түр хугацаагаар тус тус хаасан байна. Харин Увс аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 20:00 цагаас түр хугацаагаар хааж, 12-р сарын 01-ний өдрийн 17:30 цагт нээж хэвийн ажиллагаанд оруулжээ.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Хар толгойн-Үзүүр” гэдэг газар Тэс сумын Дооно багаас Зүр багийн чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Г-ийн эзэмшлийн “Форестер” загварын суудлын автомашин 6 зорчигчтой цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 18:40 цагт очиж, тус сумын харьяат иргэн О /44 настай, эмэгтэй/, иргэн Г /32 настай эрэгтэй/, иргэн Г/30 настай, эмэгтэй/, иргэн Г/29 настай эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нарыг Тэс суманд тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Улаан хадны-Ам” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин “Орхон” голд суусан тухай дуудлагыг 12-р сарын 01-ний өдрийн 22:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 22:47 цагт очиж, тус сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй/, иргэн Н /25 настай, эрэгтэй/ нарыг Хархорин суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл