8o
Улаанбаатар хот
mobile menu

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2018-12-04 13:25:23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

    Дараа нь Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх хуулийн зохицуулалт үйлчилдэг. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс улбаатайгаар газрын хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөд татвар ногдуулах, холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Үндэсний статистикийн газраас авсан мэдээллээр 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортод гарсан байна. Тухайн жилүүдэд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурджээ. 

Монголбанкнаас авсан мэдээллээр  5 жилийн хугацаанд банканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өсөн, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь хуулийн уг заалтыг дахин 5 жил үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэйг илэрхийлж байна хэмээн үзсэн байна. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх шаардлагатай гэж үзжээ. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар асуулт асууж, холбогдох тодруулгуудыг ажлын хэсгийнхэнээс лавлав. 

 Одоогийн байдлаар алтны салбарт 700 орчим сая ам.долларын борлуулалт хийгдэж байгаа бөгөөд үүнийг 1 тэрбум ам.долларт хүргэх, улмаар энэ хэмжээнээс давуулах зорилт тавиад байгаа аж. Ингэж чадвал нүүрсний үнэ буурахад алтны салбарт тулгуурлах, алтны үнэ дэлхийн зах зээл дээр буурахад зэсийн салбарт тулгуурлах зэргээр тэрбум ам.доллар давсан борлуулалт бүхий ашигт малтмалын хэд хэдэн салбарыг бэхжүүлэх нь улс орны эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой талаар Д.Сумьяабазар сайд тайлбар хийлээ. 

    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл