8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ирэх баасан гарагаас шатахууны үнэ буурахаар болж, Ипотекийн зээлийн санжүүжилтийг баталсан өдөр

2018-12-05 18:45:00

Жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа ч өвлийн улирал цаанаа л нэг гоё мэдрэмж төрүүлнэ. Учир нь нийслэл хотын гудамж талбай, албан байгууллага гадна атлбайдаа шинэ жилийн гацуур модоо засч, хаа сайгүй жилийн тухай дуу эгшиглэх нь сэтгэл дотно. Энэ оны амжилт бүтээлээ дүгнэн үдэж, ирэх ондоо хийх ажлаа төлөвлөн угтах сайхан мөч хэдхэн хоногийн дараа ирнэ. Ингээд үдэш бүрийн энэ цагт та бүхэнд хүрдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо.

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа дараах мэдээ мэдээллийг онцлов. “Монголын нэг өдөр” тоймоо хүлээн авна уу.

Л.Оюун-Эрдэнэ: Хууль хяналтын байгууллагад өөрсдийн хүмүүсээ томилуулсныхаа дараа шинэ жилийн өмнө Сингапурт юмуу, Сөүлд цуглацгаадаг

Өнгөрсөн даваа гаригт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ оролцсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тус нэвтрүүлгийн үеэр  олон ноцтой зүйлийг ярьсан бөгөөд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “УИХ-ын гишүүн чуулганы хуралдааны танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Харин энд бол өөр шүү” хэмээн анхааруулсан юм. Ингээд УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.  

  1. Хорслын нүдээр намайг харах гээд хэрэггүй, хэн байснаа сана гэж зарим улстөрчид хэлмээр байдаг юм.
  2. Манай намын хуваагдлын гол шалтгаан баялгийн хараал. АН-ын задрал ч мөн баялагтай холбоотой байсан.
  3. Урд нь сургаар нотогддог байсан. Одоо баримтаар нотлогддог болсон.
  4. “Залхаан цээрлүүлэлт бол үнэн юм” гэдэг Вышинскийн онол манай улс төрд бөх ноёрхож байна.
  5. УИХ-ын дарга өдөржингөө алга болчихоод ганцаараа орж ирээд чуулган хаасан.
  6. АТГ-т одоогийн байдлаар миний хамаарал бүхий нэг ч хүн шалгагдаагүй.
  7. Хуулийг өөр хүн зохицуулж хэрэглэж байна. Ингэж болохгүй ээ. Нам дамнасан бүлэглэл байна.
  8. Энэ системийг эвдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
  9. Хууль хяналтын байгууллагад өөрсдийн хүмүүсээ томилуулсныхаа дараа шинэ жилийн өмнө Сингапурт юмуу, Сөүлд цуглацгаадаг. Тэгээд ирэх жил тэр ордыг тэгж авна аа гээд төлөвлөгөөгөө ярьцгаадаг.
  10. Шинэ спикертэй болсны дараа төрийн гурван өндөрлөгөөс “Одоо битгий шалтагла” гээд МАНАН бүлэглэлээс улс төрийг цэвэрлэхийг шахна.
  11. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарыг холбох тэр МАНАН-гийн онолын эцэг юм.
  12. Хэн ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг гадаад харилцаандаа Монголыг төлөөлж чадахгүй. Одоогийн Ерөнхийлөгч ч чадахгүй. Тэр бол Ц.Элбэгдоржийн Монголын төрд бүтээсэн өв.
  13. Ёс суртахуунгүй үнэнч байдал гэдэг юмыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үүсгэсэн. АТГ, Ерөнхий прокрор, Тагнуул, Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрийн гарын хүмүүсээ тавьсан. Ц.Элбэгдорж “надад боддог хүн хэрэггүй” гэж хэлдэг байсан.
  14.  Одоогийн байдлаар миний гэр бүл, хамаатан садангийн нэг ч хүн хуулийн байгууллагаар шалгагдаагүй.
  15. 60 тэрбумын асуудлаар Ёс зүйн хорооны хурлыг хуралдуулаачээ гэдэг албан бичгийг 08 дугаар сарын 01-ны өдөр албан бичиг өгсөн. Гэтэл УИХ-ын Ёс зүйн хороо усанд хаясан чулуу шиг алга болсон.
  16. Хуулийн байгууллагууд шидэт дохиураар ажиллаж байна.
  17. УИХ-ын дарга огцрохгүй бол парламентын хувьсгалаас халиад олон нийтийн хувьсгал руу очиж магадгүй.
  18. 60 тэрбум яг үнэндээ надад сонирхолтой байгаагүй.
  19. М.Энхболд гэдэг хүн дээр энэ систем төвлөрчихөөд байна уу гэдгийг харах хэрэгтэй байна. М.Энхболд огцорсоны дараа энэ харагдана.
  20. Монголын улс төр баялгийн өмнөх болон баялгийн дараах гэж хоёр хуваагдаж байна.

Х.Баделхан: Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон сууцын хөнгөлөлттэй зээлийг баталсан. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт  Ипотекийн зээлийг хөнгөвчлөх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан. Энэ хүрээнд өнөөдрийн журмыг баталсан. Тус журмыг батлахаас өмнө Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч зээлийн их үүсвэрийг нэмэгдүүлэх ямар боломж бололцоо, хүртээмжийг сайжруулах аргыг судалж үр дүнг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж дэмжлэг авсан. Энд хэд хэдэн зүйлийг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно. Хоёрдугаарт тухайн нийслэл, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд хөнгөлөлттэй зээлийг олгоно. Мөн гэр хороололд орон сууц барихад олгоно хэмээн шийдсэн.

Тодруулбал гэр хорооллын орон сууцад тухайн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөнд орсон, эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууцад олгоно. Үүнээс гадна шийдсэн томоохон ажил нь зээлийн их үүсвэрийг нэмэгдүүлсэн.

Өмнө нь улсын төсөв болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгосон мөнгийг дөрвөн хувиар тооцож банкуудад олгож банк зээлийн хэмжээг нэмэгдүүлж олгодог байсан. Бид үүний эх үүсвэрийг улсын төсөв болон Монголбанкны эргэн төлөлтийн эх үүсвэрийг нэг хувь болгож бууруулсан. Ингэснээр зээлийн хүртээмж бүрдэх боломж бүрдэж байгаа юм. Зээлийн урьдчилгаа хэвээрээ байгаа. Манай улс ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хүрээний хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа учраас зээлийн хүүгийн хэмжээний урьдчилгаа хүүг бууруулах боломжгүй байна. Мөн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж байна гэж үзэж болно” гэсэн юм. 

Ш.Энхтөр: Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

Эх нялхсын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан, тэдний биеийн байдал сайн байгаа талаар тус төвөөс мэдээлж байгаа. Энэ талаар ЭМЯ болон холбогдох албаныхан албан ёсоор тайлбар өглөө. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ.
Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан.

Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэв.

“Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт Баянгол дүүрэгт байрлах “Кэстл” баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдыг зодож танхайрсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө гарсан байдаг. Мөн С.Бямцогт нь эл хэрэгт шалгуулж байхдаа буюу тухайн сарынхаа 14-ны өдөр хар тамхины хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад саатуулагдаж байсан билээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн. Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ч.БАТСАНСАР: Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр дөрвөн жилд нийт нутаг дэвсгэрийн 26 хувь тусгай хамгаалалтад орно

Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрийг батлуулахаар өргөн барихаар бэлтгэж байгаа энэ үед БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрийг батлуулахаар Засгийн газарт өргөн барихаар бэлтгэж байна. Өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн үү?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) Үндэсний хөтөлбөрийг 1998 онд УИХ-аас батлан гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн.1994 онд анх Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль батлагдсанаас дөрвөн жилийн дараа Үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөр батлагдан хэрэгжсэн 20 жилийн хугацаанд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ жилээс жилд өссөн.

Тухайлбал, 1968-1988 оны 20 жилд ТХГН-ийн хэмжээ 6,7 сая га байсан бол 1998-2018 онд 11,09 га-гаар нэмэгдэж бараг тавин хувиар өссөн. Ингэснээр нийт газар нутгийн 17.85 хувь буюу 27.9 сая гаруй га талбай бүхий 102 газрыг улсын хамгаалалтад аваад байна.Мөн  аймаг, сум, дүүргийн ИТХ-ийн шийдвэрээр, 16.3 сая га талбай бүхий 1300 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус хамруулан хамгаалж байна.

Олон улсын байгууллагын санхүүжилтээр Шинжлэх ухааны доктор Ц.Шийрэвдамба нарын “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх боломж” хэмээх судалгааны ажилд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын менежментийн байдалд дүн шинжилгээ хийж,хөтөлбөрийг бодитой үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байдаг.

Азийн хөгжлийн банк, Европын холбооны гишүүн орнууд 20 жилд  20 орчим төслийг хэрэгжүүлэхэд 130 гаруй сая ам.долларыг гаргажээ. Хамгийн сүүлчийн жишээ нь Германы сэргээн босголт банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтын төслийг нэрлэж болно.

Энэ үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хил дамнасан ТХГН-ийг хамгаалахад тодорхой ахиц гарч ОХУ, Монгол улсын хил дамнасан тусгай хамгаалалттай газрын хэмжээ эрс өсч, хамгаалалтын менежмент сайжирсан.

Мөн түүнчлэн Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудаас Дэлхийн өв, Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ, Рамсарын конвенцод олон газар шинээр бүртгэгдсэн.

-Тэгвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг шинээр батлан хэрэгжүүлэх шаардлага юу вэ?

-Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцөлийг хангах сонгодог хэлбэр гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, уг асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгаа тэлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал бус дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэсэн үг.

Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудаар тодорхой үүргүүд хүлээсэн байдаг.

Тухайлбал, Биологийн олон янз байдлын талуудын 10-р бага хурлаар баталсан Биологийн олон янз байдлын 2011-2020 оны Стратегийн төлөвлөгөө, Биологийн олон янз байдлын талуудын 12-р бага хурлаас 2012 онд  гаргасан Чангвоны деклараци, Тусгай хамгаалалттай газар нутгийн засаглал, ”Ойлголцлоос хэрэгжүүлэх арга замууд“ баримт бичиг, Биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээний талаарх Засгийн газар хоорондын хөтөлбөр зэрэг олон улсын гэрээ, конвенцуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага тулгарч байна.

Эдгээр баримт бичгүүдэд гишүүн орон бүрийг үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, түүнийгээ шинэчлэн богино хугацаанд мониторинг хийх шаардлагатайг тусгасан байдаг. Монгол Улсын хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрөө батлан хэрэгжүүлээд 20 жил болсны дараа дараагийн шатны хөтөлбөрөө батлах гэж байна. Нэг хөтөлбөрийг 20 жил хэрэгжүүлнэ гэдэг асар урт хугацаа.

Манай хөрш орнууд ОХУ, БНХАУ болон Герман, Австрали, АНУ, Канад зэрэг улсууд тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөрүүдээ гол төлөв таван жил, зарим нь сайндаа 10 жилийн хугацаатай баталж хэрэгжүүлдэг юм билээ. Ингэж богино хугацаагаар хэрэгжүүлэх нь хэрэгжилт сайн, үр дүнг тооцоход хялбар байдаг.

-Шинээр батлагдах хөтөлбөр хэдэн жилийн хугацаатай хэрэгжих вэ?

– Хөтөлбөрийг 2018-2022 онд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.Хөтөлбөрийн хүрээнд тодорхой зорилтууд тавиад, богино хугацаанд мониторинг хийж, үр дүнг хянадаг бусад орнуудын жишгийг баримталсан.

-Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ хэдэд хүрэх вэ?

– Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн тодорхой зорилтууд тавьж байна. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилд байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байхаар тусгасан.

Ирэх дөрвөн жилд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн 26 хувьд хүргэх зорилт тавьсан.

Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, дэд бүтэц зэрэг хөгжлийн төслүүдийн сөрөг үр дагаварт өртөж болзошгүй ТХГН-уудыг хуулийн дагуу хамгаалалтад авах бодлого мөн орсон.

Байгалийг хамгаалалтад авч хамгаална гэдэг хав дараад суухын нэр биш учраас ашиглангаа хамгаалах үзэл баримтлалын дагуу хийгдэх ажлуудыг Үндэсний хөтөлбөрт мөн тусгаж өгч байгаа. Юуны өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон ТХГН-ийн орчны бүсийн тухай хуулиа боловсронгуй болгож орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, орчны бүсийн менежменттэй холбоотой дүрэм, журам, стандартыг боловсруулж мөрдүүлэх шаардлага тулгарч байна.

Байгалийн өгөөж хишиг баян.Тусгай хамгаалалттай газар нутгийн нөөцийг иргэд зохистой ашиглах замаар амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжийг хууль эрх зүйн хүрээнд бий болгож, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,  мод, ургамал тарих, амьтан өсгөн үржүүлэх, нуур, цөөрөм байгуулах зэргээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд чиглэгдсэн иргэд, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг дэмжих урамшуулах, ажлын байр, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах асуудлуудыг Үндэсний хөтөлбөрт тусгаад байна.

-Дараагийн шатны хөтөлбөрийн төсөлд өмнөх бодлогын уялдаа холбоо хэр хангагдсан бэ?

-Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр бол өмнөх 20 жилд хэрэгжсэн хөтөлбөрийн шууд үргэлжлэл. Мэдээж өмнөхөөс дэвшилттэй, орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагатай нийцсэн бодлогыг дэвшүүлэн тавьж байгаа.

Үндэсний хөтөлбөрийг 2015 онд УИХ-аар баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтад нийцүүлэн үндэслэн хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг тодорхойлсон.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Ногоон хөгжлийн бодлого, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”,  “Ус” үндэсний хөтөлбөр, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг төрийн бодлогын 10 гаруй томоохон баримт бичигт байгалийн унаган төрхөө хадгалсан газар, усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх, түүх, соёлын үнэт өв, ховор, нэн ховор  амьтан, ургамлын тархац нутгийг хамгаалалтад авч, түүний нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт хүргэх бодлогын цогц зорилтуудыг тодорхойлсон байдаг.

Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн  сүлжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ бүхэнтэй ТХГН-ийн Үндэсний шинэ хөтөлбөр маань уялдаж байгаа.

-ТХГН-ийг хамгаалахад иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хангах талаар бодитой асуудлууд тусч байгаа юм байна. Оролцуулахын тулд мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх хэрэгтэй. Хөтөлбөрт энэ талаар ямар асуудлууд тусч байгаа вэ?

-Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, тэдний хувь нэмрийг хөхүүлэн дэмжих гэсэн зарчмыг удирдлага болгож хөтөлбөрийг боловсруулсан.

Мөн Монгол орны өргөн уудам нутгийн байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, аж ахуй эрхлэх онцлог, иргэдийн амьжиргааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан уян хатан байх нөхцөлийг зайлшгүй харгалзаж үзсэн. Таны хэлдгээр төр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ард иргэдтэйгээ хамтран ажиллаж, тэднийг мэдээлэлжүүлж, мэдлэгжүүлэх асуудал чухал.

Тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн иргэдэд тогтвортой хөгжлийн боловсрол, хүмүүжил олгох, мэдээлэл, сурталчилгааг түгээх бүсчилсэн сүлжээг бий болгож, хоёроос доошгүй мэдээлэл, сурталчилгаа, сургалт, судалгааны бүсийн төв байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулахаар хөтөлбөрт тусгасан.

Ер нь тусгай хамгаалалттай газар нутагт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хэрхэн нөлөөлж байгааг тандан судлах мониторингийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан үүсгэх,  экологийн боловсрол, хүмүүжил олгох түшиц газруудыг бүсчилсэн байдлаар бий болгох нэлээд цогц зорилт тавьсны нэг хэсэг нь иргэдийг мэдээллээр хангах зорилт юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлж, боловсон хүчнийг чадавхижуулах, ажилтнуудыг  тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлж, хоёроос доошгүй хамгаалалттай газарт  концессийн хэлбэрийг туршилтын журмаар нэвтрүүлэх, санхүүжилтийн олон төрлийн эх үүсвэр бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хамгаалалтын менежментэд оролцогч талуудыг урамшуулах тогтолцоог бий болгох гээд олон асуудал хөтөлбөрт туссан.

Д.Сарангэрэл: Харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

ЭХЭМҮТ-д ирсэн жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа, өөр хаалгаар орж ир хэмээн явуулсанаас болж нэгэн эмэгтэй хүүхдээ гадаа таксинд төрүүлсэн үйл явдал болж, өчигдөр нэлээд дуулиан шуугиан тарьлаа. Тэрбээр хүүгээ гадаа төрүүлээд зогсохгүй хүүгээ тэвэрсээр хүйгээ барьсаар орж ирсэн талаар тус эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр оочерлож байсан нэгэн эмэгтэй цахим хуудаснаа бичсэн билээ.  ЭХЭМҮТ-ийн зүгээс эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа талаар мэдээлэл өгсөн. 

Тэгвэл харанхуй шөнө жирэмсэн эмэгтэйг өөр хаалгаар ор гээд явуулсан угтах үйлчилгээний ажилтан болон хариуцлага алдсан эмч нар арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ. Тодруулбал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.

Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсан уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ. 

ТОСК-ийн захирал асан А.Гантулга ба барилгын компаниудад өгсөн 22 тэрбум

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгатай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг  асуудлуудад  тэрээр холбогдоод байсан юм.

Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-т хийсэн аудитаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь А.Гантулга даргатай холбогдсон байдаг аж. Хоёр жилийн өмнөөс шалгагдаж ирсэн түүний хэрэгт нэмэгдэж мэдэхээр баримтуудыг энэ оны тавдугаар сард Үндэсний аудитын газраас АТГ-т шилжүүлсэн байна.

Э.БАТ-ҮҮЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ЖУРАМ АШИГЛАН 32 БАЙР “БЭЛЭГЛЭЖЭЭ”

“Буянт-Ухаа 1” хорооллоос 42 мкв хэмжээтэй 54.2 сая төгрөгийн нэг байр, “Буянт-Ухаа 2” хорооллоос нийт 206.4 мкв хэмжээтэй 278.6 төгрөгийн үнэ бүхий дөрвөн байрыг эрх мэдлээ урвуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр А.Гантулга тэргүүтэй удирдлагууд нь АТГ-т шалгагдаж байсан. Тэгвэл энэ авсан байрнууд нь “ТОСК”-оос хууль зөрчиж нийслэлийн фондод үнэ төлбөргүй шилжүүлсэн 32 орон сууцны хэсэг болохыг аудитаар тогтоосон байна. Бүр тодруулбал, А.Гантулга нь 2016 онд ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тушаал гаргаж НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болсон заалтыг ашиглан “Буянт-Ухаа 1” хорооллоос 880.6 сая төгрөгийн өртөгтэй 17, “Буянт-Ухаа 2” хорооллоос 1.06 тэрбум төгрөгийн өртөгтэй 15, нийт 32 орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлжээ. Харин хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар дээрх орон сууцнуудыг төрийн албан хаагч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, залуу гэр бүл гэх мэт ангилан орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийг гаргасан байдаг. Гэтэл энэ жагсаалтад ТОСК-ийн зарим удирдлагыг багтаан дээр хэлсэн таван байрыг олгосон нь Үндэсний аудитын газрын 2015, 2016 онд хийсэн санхүүгийн аудитаар илэрч АТГ-т шилжүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл нийслэлийн фондод үнэгүй авсан байрнуудаасаа ТОСК-ийн удирдлагуудыг шагнахдаа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэх мэтээр тодорхойлсон болж таарч байгаа юм. Түүнчлэн 55 настай иргэнийг бүтэн өнчин ангилалд хамруулан байр олгосон нь хүртэл илэрсэн байна. Тус байрнуудаас НИТХ, ЗДТГ-ын ажилтнууд авсан гэсэн мэдээлэл ч гараад амжсан.  Хүчингүй болсон журам ашиглан 32 орон сууцыг бусдад үнэ төлбөргүй олгосон зөрчилд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, ТОСК-ийн ерөнхий захирал асан А.Гантулга, борлуулалтын хэлтсийн дарга Г.Гэрэлт-Од, хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар нарын хүмүүсийг  шалгуулахаар энэ онд хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ асуудал ямар шатанд яваа нь тодорхойгүй байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР 22 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН, 18.9 ТЭРБУМ НЬ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ

Байгууллагынхаа дүрмийг зөрчиж, бусдад илт давуу байдал бий болгон “Бэрэн” компанид есөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг мэдээлэл А.Гантулгыг АТГ-аас саатуулах үед гарч байсан. СБД-ийн 10, 11 дүгээр хороонд баригдах орон сууцны “VII хороолол”-ын 24.3 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 504 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлж, ашиглалтад орсон барилгыг өмчилж, худалдан борлуулах нөхцөлтэйгөөр есөн тэрбум төгрөг шилжүүлсэн боловч энэ ажил хийгдээгүй байгаа.

Үндэсний аудитын газраас энэ оны тавдугаар сард ТОСК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар А.Гантулга захирлын дур мэдэн хөрөнгө оруулсан компани ганц “Бэрэн”-гээр тогтохгүй гэдгийг тогтоосон байна. Тодруулбал, “Үндэсний барилга консорциум”, “Могул Скай”, “Дорнод газар”, “Ти Ти энд Би”, “Шинэ мянганы констракшн”, “Жи Ди”, “Бэрэн” зэрэг компанид холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 22 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч аудит хийгдэх үеэр 18.9 тэрбум нь эргэн төлөгдөөгүй, их хэмжээний авлага үүссэн болохыг тогтоосон байна. Ийнхүү А.Гантулгын хувьд зөвхөн “Бэрэн”-тэй холбоотой асуудал яригдаж байсан бол дээрх компаниудад өгсөн 22 тэрбумын зөрчил өнгөрсөн тавдугаар сард Үндэсний аудитын газраас АТГ-т нэмэгдэж очсон байдаг. Заримаас нь товч дурдвал “4000 айлын орон сууц” төслийн эх үүсвэрээс 2012 онд “Могул таун” хотхоны 109 айлын дуусаагүй барилгыг гүйцээн санхүүжүүлэхэд зориулж гурван тэрбум төгрөгийг “Могул Скай” компанид жилийн 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч төлөөгүй тул шүүхэд өгсөн. 2016 оны долдугаар сард шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу үндсэн болон хүү, алдангийн төлбөрт нийт 4.1 тэрбум төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч аудит хийгдэх хугацаа хүртэл шүүхийн шийдвэр биелээгүй байжээ.  Түүнчлэн “Буянт-Ухаа 2” хорооллын Хөгжлийн банкнаас авсан зээлийн эх үүсвэрээс “ЖИДИ” компанийн Сонгинохайрхан дүүрэгт баригдах барилгад зориулж нэг тэрбум төгрөгийг зээлдүүлсэн боловч эргэн төлөгдөөгүй.  Мөн тус эх үүсвэрээс “Шинэ мянганы констракшн”-ы “Ирээдүй цогцолбор хо­роолол”-ыг санхүүжүүлж  1.2 тэрбум төгрөгийг зээлдүүлжээ.  Гэвч дээрх компани гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй ба АТГ-аас 2017 оны арваннэгдүгээр сард хэрэг үүсгэсэн байна.

“БУЯНТ-УХАА 1”-ИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ХУВЬ ХҮНД ЗАРАГДЖЭЭ

Түүнчлэн ерөнхий захирал асан А.Гантулга, тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг нарын есөн хүнд холбогдох ноцтой зөрчлийг хуулийн байгууллагад аудитаас шилжүүлсэн. Энэ нь “Буянт-Ухаа 1” хорооллын нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой асуудал. Юу гэвэл тус хорооллын дунд авто зам барихаар төлөвлөгдсөн талбайд үйлчилгээний зориулалттай тус бүр нь 40мкв талбай бүхий таван ширхэг сэндвичэн барилга барих, тус барилгад хамаарах газар эзэмших эрхийг 2014 оны арваннэгдүгээр сард иргэн Л-д шилжүүлчихсэн байгаа юм. Ингээд тус хорооллын олон нийтийн эзэмшлийн талбай СӨХ-дөө шилжиж чадаагүй. Тэнд иргэн Л архитектур төлөвлөлтийн шаардлагыг зөрчин таван ширхэг түр барилга барьсан. Эдгээр обьектоо цааш давхар түрээслүүлэн орлого олдог болохыг аудитаар тогтоосон.

Энэ мэтчилэн А.Гантулга хэмээх эрхмийн дураараа дургисан жишээ баримтууд аудитын дүгнэлтэд тун олон байна. Толгойлсон байгууллага нь алдагдалтай ажилласан, санхүүгийн олон зөрчил дутагдал гаргасан байхад 858.7 сая төгрөгийг Нийгмийн хөгжлийн сангаас гаргаж, үр ашиггүй зарцуулсан баримт ч байлаа. Түүний тушаалуудаар найман хүний Европын орнуудад аялсан “Гадаад сургалт аялал” нэртэй зардалд 50.4 сая, ажилтнуудын үзвэрт хоёр сая, Дэд захирал Д.Оюунжаргалын хүүхдийн сургалтын төлбөрт 65 саяыг гэх мэтчилэн  2013-2016 онд 415.2 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан талаар аудитын дүгнэлтэд дурджээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас улстөрчдийн оролцоотой, хамаарал бүхий компаниудын авсан зээлийн асуудал Засгийн газрыг ганхуулж байгаа. Тэгвэл жирийн иргэдийн орон сууцанд орох хүсэл мөрөөдөл хийгээд Улаанбаатарын утааг бууруулж янданг цөөлөх ажлыг  бодитой болгох ёстой байгууллага болох ТОСК-ийн санхүүжилт хийгээд тэндээс барилгын компаниудад олгосон зээл тойрсон асуудалтай холбоотой аудитын дүгнэлтийг анхааралгүй өнгөрч болохгүй байна.

Фэйсбүүкээр мал авна, зарна гэж иргэдээс 21 сая төгрөг залилжээ

Сүхбаатар аймгийн “Мөнххаан сум зар зарлал” нэртэй фэйсбүүк групп дээр иргэдийн тавьсан мал авна, мал зарна гэсэн зарлал бүхий постуудыг ашиглан Д гэгч нь 7 иргэнээс 21.250.000 төгрөгийг залилжээ. Д гэгч нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат бөгөөд урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан аж.

Дээрх үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд иргэдийн цахим орчинд байршуулсан мэдээ мэдээллийг гэмт этгээдүүд буруугаар ашиглах, фейсбүүкэд байршуулсан мэдээллээр дамжуулан ойр дотно таньдаг хүмүүсийн талаарх мэдээллийг олж авч гар утсаар тэдгээрийн нэрийг барьж ярих, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банкны гүйлгээгээр иргэдээс мөнгө, төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Иймд иргэд цахим орчинд хувийн мэдээ, мэдээллээ байршуулахдаа онцгой анхаарч, мэдээллийн аюулгүй байдлаа хангаж цахим орчинд үл таних хүнтэй холбогдож харилцахдаа тухайн хүнээ нягтлан шалгаж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг сэрэмжлүүлж байна. 

Хэрвээ 91220077, 80690600 гэсэн дугаарын утсаар мөнгө залилуулаад цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа иргэд байгаа бол Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утасруу холбогдохыг албаныхан анхаарууллаа.

БНСУ Монголд ажиллаж амьдарч буй иргэдийнхээ визийн хугацааг уртасгаж өгөхийг хүсчээ

БНСУ Монголд ажиллаж амьдарч буй иргэдийнхээ визийн хугацааг уртасгаж өгөхийг Монголын талаас хүсчээ.

БНСУ-Монголын 10 дахь удаагийн уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болсон бөгөөд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Сан Жин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт энэ хүсэлтийг уламжилсан байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам ёсоор бол БНСУ-ын иргэд Монгол Улсад 3-6 сар амьдрах боломжтой байгаа. Харин БНСУ энэ хугацааг тогтвортой ажиллаж амьдрахад богино хугацаа хэмээн үзэж байгаа аж.

ЗГ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын даргаар Ц.Ганчимэгийг томиллоо

ЗГ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын даргаар Ц.Ганчимэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Ц.Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томиллоо.  Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн. 2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байжээ. 

"Өргөө" амаржих газрын нярайн тасгийн эрхлэгчийг шалгаж байна

“Өргөө” амаржих газрын нярайн аппарат алдагдсан тухай мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхлээд байна. Уг хэргийн талаар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгалан анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Шалгалтаар Өргөө амаржих газрын алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь өөрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогджээ. Тэрээр Өргөө амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дөнгөж төрсөн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга н.Батдавааг хохирогчоор тогтоожээ. Харин тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч албан тушаалтай байсан гэх О-г хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.

"Шинэ эхлэл" болон I сургуулийн захирлуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар урьд мэдээллэсэн. Дээрх ажлын хүрээнд зарим олны анхаарал татсан, төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал:          

1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж бай А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх,

2. “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Төмөрбаатар, Хөрөнгө оруулалт, хангамжийн албаны дарга О.Баасанжав, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх,

3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Ш.Тэгвандан нарт холбогдох “Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан” гэх,

4. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлэн авч бусдаас хахууль авсан гэх,

5. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд бусдыг хууль бусаар тэнцүүлсний төлөө хахууль авсан” гэх хэргүүдэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгүүдээр тус тус яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлсэн байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment