8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мэргэн: Гишүүд өөрсдөө ёс зүйтэй юм бол ЖДҮ-гаас зээл авсан гишүүдээ ҮХЦ-д өгөх нь зөв 

2018-12-06 09:11:00

Энэ сарын 9-ний өдөр тохиох Олон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцсон бол Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.  Хуульч Б.Мэргэнээс тавьсан илтгэлийнхэн нь талаар цөөн асуултад хариулт авсан юм.  

-Таны тавьсан "Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй” сэдэвт илтгэлд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа талаар нэлээд дурдаж өгсөн байна?

-Албаны эрх мэдэл, УИХ-ын гишүүний нэр хүндээ ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг хориглосон хууль үйлчилдэг. Хэрэв үүнийг зөрчих юм бол УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцээд, хариуцлага оногдуулна гэж заасан байдаг. Гэхдээ өмнөх практикуудаас харахад зүгээр л санал дүгнэлтээ УИХ-д оруулж байна гэсэн өгүүлбэртэй дүгнэлт чуулганаар оруулдаг. Түүнээс ямар зүйл оруулаад байгаа нь тодорхойгүй. Энэ удаад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүнээс эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцэд УИХ өөрсдөө гаргах хууль зүйн боломж байгаа.

Хэрэв Ёс зүйн дэд хороонд байгаа есөн гишүүн өөрсдөө үнэхээр ёс зүйтэй л юм бол хууль зөрчсөн нь тодорхой байгаа гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх асуудлаар ҮХЦ-д хандах нь зүйтэй. Нэг үгээр хэлбэл,гишүүд өөрсдөө ёс зүйтэй юм бол ЖДҮ-гаас зээл авсан гишүүдээ ҮХЦ-д өгөх нь зөв. 

-Ёс зүйн дэд хорооны даргын хэлж буйгаар хуулийн байгууллага ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн гэм  буруутайг тогтоогоогүй учир ёс зүйн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж тайлбарлаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй зүйл вэ?

-Ёс зүйн дүрэм дээр хуулийн байгууллага асуудлыг шалгаж байгаа үед Ёс зүйн дэд хороо давхардуулан шалгах ёсгүй гэсэн заалт байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар 14 гишүүн энэ асуудалтай холбогдоод байна. АТГ-аас 5-6 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Хуулийн байгууллагад шалгагдаагүй гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж болно шүү дээ. 

-УИХ-ын гишүүд уучлал гуйсан. Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэж болох уу? 

-Уучлал гуйна гэдэг бол хувь хүний ёс зүйн хүрээнд л яригдах асуудал. Улс төрийн, ёс зүйн, хуулийн ямар ямар хариуцлага хүлээх вэ гэдэг өөр зүйл. Хамгийн сүүлд 2013 онд Ёс зүйн дэд хороо С.Баярцогт гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, тухайн хүн УИХ-ын дэд даргаасаа огцорч, хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж байсан. Одоо бол сайд нь "Би огцорлоо" гээд бүх юм дуусаж байна. Улстөрчид үүнийгээ хариуцлага хүлээж байна гэж эндүүрээд байдаг. Ард түмэн сэтгэл ханаад байдаг.  Уг нь бол хүлээх ёстой хариуцлагаа л хүлээх ёстой.

Эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээ. Гэмт хэрэг биш бол улс төрийн хариуцлага хүлээгээд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгд. Эсвэл ёс зүйн хариуцлага хүлээ. Ямар ч байсан хариуцлага хүлээх ёстой.  

Д.Болор 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zuv sh de. Daanch tiim yos zyitei hyn alga. Huuli zurchuud l ashig sonirkholiin zuvshuurultei gdgee medseer bj sanal ugsun. Odoo busad n' bygd baritsana. Companiin huuliin heregjilt bhgyi bolloo
2018/12/06 202.179.30.194
irgen
zuv
2018/12/06 202.179.27.70