8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Мягмар: Малын тоо толгойн хэт өсөлт усны нөөцийн хомсдолд нөлөөлж байна

2018-12-06 16:50:00

БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын дарга Ш.Мягмартай ярилцлаа.

 

Сүүлийн жилүүдэд уул уурхай түлхүү хөгжиж байгаатай холбогдуулан усны нөөцийн асуудал их яригдах боллоо. Танай яамнаас усны нөөцийн асуудалд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

Монгол орны усны нөөцийн талаар баримталж буй бодлого нь усны нөөцийг байгалийн зүй тогтолцоонд нь үндэслэн сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх явдал юм. Үүнийгээ Усны тухай хуулийн зорилт болгон хэрэгжүүлж байна. Дэлхий дахинд усны менежментийг байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны сав газраар хийдэг жишиг тогтсон. Монгол орны хувьд хөдөө орон нутагт усны сав газрын 21 захиргаа ажиллаж байна. Усны асуудалд олон нийтийн оролцоог хангахын тулд Сав газрын захиргаадын дэргэд Сав газрын зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж байна. Сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахын тулд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн зэрэг томоохон голууд дээр урсацын тохируулга хийх шаардлагатай байна. Ингэснээр ган гачигтай үед голын урсацыг тэтгэхээс гадна экологийн тэнцлийг хангаж, иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөн үер усны аюулаас хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой.Төрийн бодлогын хүрээнд нэгдүгээрт хүн амыг чанарын шаардлага хангасан, баталгаатай аюулгүй усаар хангах зорилгыг тавьж байна, дараа нь уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуй газар тариаланг усаар хангах ажил чухал болоод байна. 

Мөн бусдын жишгээр улс орноо хөгжүүлэх хэрэгтэй, эдийн засгаа өсгөх хэрэгтэй тул үйлдвэр уурхайн газрууд, цахилгаан болон дулааны станц, боловсруулах болон хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг усаар хангах ажлууд үе шаттай хийгдэж байна. Манай орон уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, иймээс цаашид уул уурхайн томоохон төслүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах бодлогын хүрээнд Тавантолгой, Оюутолгойг түшиглэн барих боловсруулах үйлдвэрүүдийг усаар хэрхэн хангах асуудлыг ярихаас өөр аргагүй. Монгол Улсын хувьд олон төрлийн байгалийн баялагтай бас нөөц нь хангалттай байгаа  боловч усан хангамжийг хэрхэн шийдвэрлэх асуудал тулгамдаад байна. Мөн байгаль экологийн тэнцлийг хангах усны нөөцийг байгальд заавал үлдээх, Усны ил тод сайн засаглалыг бий болгох зэрэг олон бодлогыг боловсруулан, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Жилээс жилд олон тооны гол горхи, нуур тойром ширгэж байна гэсэн судалгаа бий. Энэ тал дээр дэлгэрэнгүй судалгаа бий юу? 

Манай орны хувьд 1944-1945 онд анх удаа нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх гол горхи, нуур тойром, булаг шанд, худаг усны талаарх тоо бүртгэлийн ажлыг явуулсан байдаг. Түүнээс хойш Усны агентлагтай байх үед буюу 2003, 2007, 2011 онд улсын хэмжээнд усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулсан.  Харин 2013 оноос хойш Сав газрын захиргаад орон нутгийн хэмжээнд усны тоо бүртгэлийн ажлыг жил бүр явуулж байгаа бөгөөд мэдээ тайланг манай яаман дээр нэгтгэн боловсруулж байна.  Өнгөрсөн оны усны тоо бүртгэлийн дүн мэдээг олон жилийн дундажтай харьцуулахад нийт усны сан бүхий газрын 10 орчим хувь нь хатаж ширгэсэн дүн мэдээ гараад байна. Тухайлбал: 11140 булаг шандаас 1100, 5500 гол горхиноос 336, 4000 гаруй нуур тойрмоос 321 нь ширгэжээ.  

Зүүн аймгуудын нутгаар 2017 онд болсон их халалт, хуурайшилтийн үед олон тооны зээр гөрөөс шонгийн мод бараадаж харангадаж үхсэн, усны шувууд нуурандаа очиж чадахгүй байхад сайхан сэтгэлт хүмүүс хиймэл нуур үүсгэж зэрлэг амьтны амийг нь аварсан, хуурайшилтаас үүдсэн гал түймэр ихэссэн зэрэг мэдээллийг Та бүхэн цахим сүлжээгээр харсан байх бас мартаагүй байх. Гэтэл энэ жилийн хувьд сүүлийн 20 жил ороогүй хур бороо орж Дорноговь аймгийн Айраг суманд олон тооны айл үерт автаж, бас төмөр замын далан сэтэрч эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулсан. Тиймээс хуурай гандуу, хур тунадас ихтэй байх үед болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, даван туулахын тулд усны нөөцөд таарсан зөв менежмент хийх шаардлагатай байна. 

Тухайлбал Туул гол хэр багассан бэ?  

Туул голын урсац дулааны улиралд тасарсан тохиолдол сүүлийн жилүүдэд байхгүй байна. Харин Туул гол хаврын шар усны үер эхлэхээс өмнө голын мөс хайлж, зарим газруудад мөсгүй болох тохиолдол ажиглагддаг. Хавар эрт мөсгүй болж буй газрууд нь ихэвчлэн газрын доорх усны ашиглалт ихтэй ус хангамжийн эх үүсвэрүүдийн орчимд байдаг. Тухайн газруудад өвлийн улиралд тогтож бий болсон мөсний зузаан харьцангуй бага байдаг. Тухайлбал: 2014 онд голын захын салаанууд мөсгүй болсон тохиолдол ажиглагдсан ба голын үндсэн голдирол мөсгүй болсон газар байгаагүй, 2015 онд Төмөр замын гүүрнээс Маршалын гүүр хооронд, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хооронд нийт 10 орчим км газарт 10 гаруй хоног, 2016 онд Баянзүрхийн гүүрнээс Төмөр замын гүүр хооронд, Болор-Туул амралтын газраас Маршалын гүүр хооронд, Зайсангийн гүүрнээс Сонгины булан хүртэл нийт 25 км орчим газарт 30 гаруй хоног голын мөс нимгэн тогтсон хэсэгтээ эрт хайлж, хуурай сайр болсон тохиодол бий. Харин 2017, 2018 онд  мөсгүй болох үзэгдэл ажиглагдаагүй, шар усны үер эрт эхэлсэн.

Ер нь манай улсад хэдэн жилийн усны нөөц байгаа талаарх тоон судалгаа бий юу?

 

Манай орны хувьд дэлхийн бусад оронтой харьцуулбал нэг хүнд ногдох усны нөөцийн хэмжээгээр харьцангуй өндөр, гэхдээ нийт усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог онцлогтой. Тухайлбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Саяны нуруу гэх мэт, гэтэл газар нутгийн 60 гаруй хувийг эзэлж байгаа тал хээр говийн бүс нутагт цөөн тооны булаг шанд, баян бүрдийг эс тооцвол гадаргын ил задгай ус багатай, ихэвчлэн газрын доорх усаар хэрэглээгээ хангаж байдаг.  Ус өөрөө байгаль дээр байнгын эргэлтэнд орж байдаг, түүнээс биш устаж алга болохгүй шинээр бий болохгүй, байгалийн үзэгдлийн дагуу нэг хэсэг нь ууршиж үүл болно, эргээд бороо цас болж бууна, түүгээр дамжиж гадаргын болон газрын доорх ус тэжээгдэж байдаг. Гэхдээ сүүлийн үед дэлхийн дулаарал, байгалийн гэнэтийн үзэгдлээс хамаарч ууршилт нэмэгдэж, мөнх цас мөсөн гол хайлж, хур тунадасны эрчим нэмэгдэх зэрэг үзэгдэл газар авч байна. Манай орны хувьд жилд орох хур тунадасны хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй боловч эрчим нь нэмэгдсэн. Ахмадууд ярихдаа бямбад орсон бороо бямбад арилдаг байх үед, бороо 7 хоног сайхан зүсэрч ордог байсан бол одоо хэдхэн минут, хэдхэн цагийн дотор л ордог болж дээ гэж байна, үнэхээр тийм байгаа их халсан газарт хүчтэй бороо ороход хөрсөндөө шингэхгүй уруйн үер болон бууж хөрсний угаагдал үүсгэж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол орны гадаргын болон газрын доор усны нөөц, горимын судалгааг гол мөрний 133, нуурын 20, газрын доор усны 215 цэгт бүрэн болон хагас автомат, механик багаж ашиглан судалгааны ажлыг тогтмол хийж байна. Монгол орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь хур тунадас багатай, хуурай уур амьсгал бүхий бүсэд оршдог. Өргөн уудам газар нутагтай манай орны хувьд үндэсний хэмжээнд усны нөөцийг нарийвчлан судалж, үнэлгээ өгөхөд ихээхэн цаг хугацаа шаардахын зэрэгцээ хөрөнгө санхүүжилтийн хувьд багагүй хүндрэлтэй байдаг. 

Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд манай усны салбарын эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээс харахад Монгол орны хэмжээнд жилд дунджаар 564.8 км3 усны нөөц хуримтлагдан бий болдог ба үүнээс гадаргын усны нөөц дийлэнх нь буюу нуурын ус 500 км3/жил, мөстөл, мөсөн голууд 19.4 км3/жил, гол мөрөн 34.6 км3/жил, газрын доорх нөхөн сэлбэгдэх усны нөөц 10.8 км3/жил байна. Энэхүү тоо хэмжээг хүн, малын тоо юмуу бусад хэрэглээтэй харьцуулж тэдэн жилийн усны нөөц үлдлээ гэх нь дэндүү өрөөсгөл юм. Гэхдээ бид байгаа усны нөөцдөө таарсан бодлого боловсруулж, төлөвлөж, хэрэгжүүлснээр улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах болно. 

 

 

Усны нөөц багасч, гол ус ширгэж байгаагийн шалтгаан нь юу вэ? Иргэдийн буруутай үйл ажиллагаа юу эсхүл цаг уурын өөрчлөлт байгалийн хүчин зүйлээс шалтгаалж байна уу ? 

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал манай оронд эрчимтэй ажиглагдаж цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2.14°С-аар нэмэгдэж байгаа нь дэлхийн дунджаас даруй 3 дахин их байгаа бөгөөд энэ нь гол, мөрөн, нуур ширгэх, усны нөөц багасах гол шалтгаан болж байна.  

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8% нь ямар нэгэн байдлаар цөлжилт, газрын доройтолд өртөж, жилийн дундаж температур 2.14ºС-р дулаарч, хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10.0 хувь, ой хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгдэж, гангийн давтамж ойртож нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд 1 удаа, 50 хувийг хамарсан ган 4-5 жилд 1 удаа тохиолдож байна. 

Усны нөөцийн хомсдол, бохирдолд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь сүүлийн 10 гаруй жилд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойн хэт өсөлт, уул уурхайн хэт олборлолт юм. Мөн Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны бохирдол нэмэгдэж, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. 

Хаягдал усны хэрэглээний талаар мэдээлэл өгөөч. Тухайлбал хаана хаана цэвэрлэсэн усыг хэрэглэж байна вэ? Энэ талын хууль эрх зүйн орчин ямар байна? 

Усны нөөцийг хамгаалах, түүний үрэлгэн хэрэглээг багасгах, хэмнэх, бохирдлыг бууруулах шаардлагын үүднээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг зохистой ашиглахад түлхэц үзүүлэх, бохирдлоос  үүдэх эдийн засгийн хохирлыг арилгах, ус, усан орчинг хамгаалах, бохирдлыг цэвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.  

Хаягдал ус гаргадаг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудаас уул уурхай, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэр болон авто машин угаалгын газар зэрэг ус ашиглагчид хаягдал усаа эргүүлэн ашиглаж байгаа бодит жишээ сүүлийн жилүүдэд манай орны хувьд харьцангуй нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал: ус, ундаа үйлдвэрлэгч “М-Си-Эс Кока Кола” ХХК, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Фучер холдинг” ХХК, “Арилдий” ХХК, “Лоро-Пиана Монголиа” ХХК, мөн уул уурхайн томоохон компаниуд болох “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК,  “Эн Эс Ти Эн” ХХК, “Экоавто машин угаалга” зэрэг газрууд хаягдал усаа цэвэрлэн эргүүлэн ашиглах талаар шинэ техник, технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй болон дахин ашиглах ажлыг манлайлж байна. 

Монгол улсын усны салбарын гол хуулиуд болох Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд нь концепцийн хувьд усыг дахин ашиглах, усны нөөцийг хэмнэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагааг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байдаг.

Мөн Засгийн газрын 2013 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт”-д заасны дагуу бохир ус цэвэрлэх төхөөрөмж, дуслын усалгааны гуурс, хоолой, шланг, усны түвшин болон урсац хэмжигч зэрэг тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлж байна. 

Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоолоор баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-д бохир ус цэвэрлэх ба шүүх төхөөрөмж, ультра, микро шүүгч, дуслын усалгааны гуурс, хоолой, шланг болон ус шүүх, цэвэрлэх, зөөлрүүлэх төхөөрөмжүүдийг оруулсан.

Цэвэрлэсэн усыг дахин ашиглах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Дахин ашиглах цэвэрлэсэн ус MNS 6734:2018” үндэсний стандартыг боловсруулан батлуулаад байна. 

Энэ жил усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиосон. Манай улсын усны салбар 80 жилийн хугацаанд хэрхэн дэвшиж хөгжсөн талаар болоод ойн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар товч дурдвал? 

Монгол улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай БОАЖСайд, БХБСайд, ХХААХҮСайдын хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажилласан. Төлөвлөгөөний дагуу салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан сурагчдийг хамруулан усны үнэ цэнэ, усны нөөцийг ашиглах хамгаалах асуудал, усны засаглал, усны менежмент, усны аюулгүй байдал зэрэг олон тооны хурал зөвөлгөөн зохион байгуулсан. 

Мөн төв суурин газрын усны эрэл хайгуул, Алтайн цаадах говийн 1:200000 масштабтай гидрогеологийн зураглалын ажил, монгол орны нууруудын судалгаа, Ганга нуурыг сэргээх болон олон тооны булаг шандыг тохижуулах, хөв цөөрөм байгуулах, бэлчээрийн ус хангамжийг сайжруулах, хот суурины цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон бүтээлч ажил хийгдсэн.    

Их хөлгөн судар болох Монголын нууц товчоонд “Эцгийнхээ их сууринд сууж хаан төрийг барихдаа дөрвөн САЙН үйл хийсний нэг нь усгүй газар худаг малтуулж, ус гаргуулан улс иргэнийг ус, өвсөнд хүрэлцээтэй болгов” гэж Өгөөдэй их хаан өгүүлснийг түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. 

Уламжлалт аж ахуйд суурилсан бэлчээр, хүн амыг усжуулах ажлын хүрээнд 1938 онд Мал тариалангийн яамны дэргэд Усны департмент байгуулагдсанаар орчин цагийн усны салбар үүсч хөгжсөн. 1948-1968 онд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, материал техникийн баазыг бэхжүүлэх, худаг ус гаргах  ажлыг үе шаттай хийж ирсний дотор 1965 онд Усны аж ахуйн яамтай болж хууль эрхзүйн анхны бичиг баримтууд гарч байсан.

Харин 1968-1988 оныг усны салбарын үсрэнгүй хөгжлийн оргил үе гэж хэлж болно. Энэ үед 46 гаруй мянган худаг гаргаж, бэлчээрийн 64.5 хувийг усжуулсан бөгөөд уст цэгүүдийн ашиглалтын түвшин 95 орчим хувьтай байсны зэрэгцээ 45 мянган га талбайг хамрах усжуулалтын иж бүрэн системтэй болж их бүтээн байгуулалтыг хийсэн.

Гэвч ахмад үеийнхний бий болгосон тэр л аугаа бүтээн байгуулалтууд цагийн салхинд цавтаж сэвтэн, зах зээл, өмч хувьчлалын шуурганд сэмрэн доройтсон харуусал ч бас бий. 

Усны аж ахуйн яамыг 1986 онд татан буулгасны уршиг ч усны салбар доройтон бүдгэрэхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Улмаар 2005 онд байгуулсан Усны агентлагыг 2012 онд татан буулгасан нь улстөрчдийн харалган бодлого гэж манай салбарын эрдэмтэн, судлаачид үздэг юм.  

Гэхдээ үе үеийн төр, засгийн бодлогод усны асуудал чухлаар тавигдсаар ирсэн. Учир нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс суурь, тогтвортой байдал нь цаг ямагт устай холбоотой байсаар ирсэн түүхтэй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж, малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.

Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах хэрэгцээ шаардлага байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулган дээр болон Усны салбарын 80 жилийн ойн баярын хурал дээр тавьсан илтгэлдээ онцлон тэмдэглэсэн. Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр холбогдох хууль эрхзүйн орчныг өөрчлөх, шинэчлэх, боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна.  

Усны зөв зохистой хэрэглээний талаар зөвлөмж өгвөл...

Бидний өвөг дээдэс маань идээ ундааны дээд сүү хутгасан шанагаа харзны ус руу хийдэггүй эрхэм дээд заншил, усыг дусал, балгаар арвилан хэмнэж, хэрэглэн Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ гэж үзэж дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс усны нөөцийг зүй зохистой ашиглах талаар Ус хэрэглэгч иргэн бүр санал санаачлагатай байх хэрэгтэй. Жишээ нь: шүдээ угаахдаа стаканд ус хийж угаах, аяга тавгаа саванд ус хийж угаах, биеэ савандаж байхдаа усаа хаах, бочкины усыг олон дахин татахгүй байх, ус дусалж байгаа крантыг хаах, засварлах гэх мэт. Харин Ус ашиглагч иргэн, ААНБ-уудын хувьд Усны тухай болон холбогдох хууль журмыг мөрдөж ажиллах шаардлагатай. Учир нь тухайн хууль журмын хүрээнд усны сан бүхий газарт хийж болох ажил, хийж болохгүй ажлыг тодорхой заасан байгаа.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭД
ЭРГҮҮ юм яриад байлгүй УУЛ УУРХАЙГ ХАА
2018/12/07 202.179.27.52
тэнэгт
уул уурхай л асуудал шүү дээ
2018/12/07 124.158.113.11
Зочин
чанаргүй баахан мал(тоо) өсгөөд түүнд нь тэнэг төр мөнгө өгөөд т1 малчдыг өөгшүүлээд,тэр хэд нь 1 салхи даахгүй сөхрөөд үхэхэд нь бас мөнгө төлөөс өгөөд буруу эрхлүүлээд байна
2018/12/07 202.179.24.148