8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан гэх хэргээр Б.Батзоригоос мэдүүлэг авсан

2018-12-07 12:14:00

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хурлаар ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргийг талаар мэдээлэл өгсөн юм.  Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.  ЖДҮХС-гаас 2016 онд 200 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосон асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Уг хэрэгт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг дуудаж байцаасан байна. Түүнээс өөр хүнийг дуудаж байцаагаагүй гэдгээ АТГ-аас мэдээллээ. 

Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ

2017 онд Авлигатай тэмцэх газрын ажлын багууд 21 аймаг, 99 сум, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, нийслэл, дүүргийн 94 байгууллагад ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойллоо.

Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдлыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын ажлын багууд хийжээ. Авлигын түвшинг бууруулах, эрсдэл үүсгэх хүчин зүйлийг арилгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг давтан гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд болон төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж, Засгийн газарт Зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтын дүнг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн, мөн Засгийн газрын гишүүдэд салбар бүрийн авлигын нөхцөл байдлын талаар тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

“Олон нийтийн төв”-ийг нээн ажиллуулж байна

Нийтийн албан тушаалтан, иргэд, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад авлигын эсрэг богино хугацааны болон давтан сургалт явуулах, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор өдөрт 170 хүнийг хүлээн авах хүчин чадалтай  их, бага танхим бүхий “Олон нийтийн төв”-ийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс нээн ажиллаж байна.

Энэхүү төвийг нээн ажиллуулснаар НҮБ, Олон улсын авлигын эсрэг академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран “Нийтийн албаны сургалтын институт” байгуулах суурийг тавиад байна. Цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлэхүйц байнгын ажиллагаатай сургалт, соён гэгээрүүлэх ажлын дэд бүтцийг бий болгох эхлэлийг тавилаа.

Авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулав

Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.

Соён гэгээрүүлэх аян

Үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд төрийн албан хаагч, залуу хойч үед авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх “Өөр ирээдүй”, бизнес эрхлэгч, хувийн хувшилд чиглэсэн “Авлигын эсрэг нэг үйлдэл” аяныг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулав. Түүнчлэн хүүхэд багачуудад шударга ёсны үзэл санаа төлөвшүүлэхэд зориулсан “Туулайхүүгийн адал явдал” номоос сэдэвлэн жүжигчилсэн сургалт зохион байгуулж 5000 орчим хүүхдийг хамруулаад байна.

Яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэв

Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээг хийх төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна. Төрийн байгууллага авлигын эрсдлээ тодорхой аргачлал, арга зүйд тулгуурлан үнэлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоон үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замаа сонгох боломжтой болсон. Эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь тухай байгууллагад авлигын эсрэг оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцууллаа.

Нийтийн албанд томилогдох 15 мянган иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар төрийн захиргааны төв байгууллага болон орон нутаг, тэр дундаа сумдын түвшинд хүрч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Мөн илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, төрийн албаны томилгооны байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байна.

АТГ сүүлийн 2 жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 15558 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 60 гаруй иргэнийг тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай хариуг хүргүүлж нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилуулахаас урьдчилан сэргийлсэн байна.

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж АТГ-аас гаргасан дүгнэлтэд ихэвчлэн удирдах албан тушаалтан буюу тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээтэй албан тушаалд нэр дэвшсэн этгээдүүд хамрагдсан байх бөгөөд энэ нь албан тушаалтнууд хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдлийг хязгаарлаж байгаа үйл ажиллагаа болсон.

40 мянган албан тушаалтны мэдүүлгийг нийтэд зарлав

АТГ-аас улс орныг хамарсан өргөн хэмжээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүртгэх, хадгалах үйл ажиллагаа бөгөөд төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн сайтад нээлттэй байршуулж, олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн.

2016 оноос цахим системийн үйл ажиллагааг боловсронгуй болгосонтой холбоотойгоор 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн ХОМ гаргадаг нийт 40000 албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээллээр хангаж байна.  Мэдээллийг нээлттэй, ил тод хүргэснээр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинг дээшлүүлэхэд эергээр нөлөөлж байгаа төдийгүй хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх  ажиллагаанд ахиц гарч байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчиллээ

АТГ албан тушаалтны мэдүүлэг хянах үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар холбогдох техникийн шинэчлэлт 2016 оноос эрчимжүүлсэн. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчилж, шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр дан ганц бүртгэж, хүлээн авах биш судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээ, тайланг цаг алдалгүй гаргах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, харьцуулалт, судалгаа хийх ажил шинэ түвшинд хүрч байна.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХОМ гаргахдаа бүх хуудсыг цаасаар хэвлэж, баталгаажуулдаг байсныг өөрчлөн, зөвхөн ”Баталгааны маягт”-ыг гаргаснаар мэдүүлэг баталгааждаг болов. Ингэснээр эдийн засгийн болон мэдүүлэг гаргагч, мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтны ажлын ачаалал, цаг хугацааг хэмнэсэн  чухал арга хэмжээ болсон юм.

АТГ-т ирүүлэх өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өссөөр байна

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.

АТГ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг эн тэргүүнд тавих бус зөрчлийг арилгуулах, зөвлөмж анхааруулга өгөх, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Оффшор бүс дэх хөрөнгийг мэдэгдэж, мэдээллээ

УИХ-аас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”-ыг нэмсэн билээ. Улмаар оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор тус тус баталсан юм.

Хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлт, хэрхэн хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг АТГ төрийн бүх байгууллагуудад хүргэж ажилласан бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж оффшор бүсэд өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг болон эзэмшиж байсан данс, хөрөнгө, өөрчлөлт хөдөлгөөнийг мэдэгдсэн албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэж хүлээн авч, мөн олон нийтэд мэдээлсэн. Оффшор бүсэд данс хөрөнгө эзэмшихтэй холбоотой дээрх хориглолт нь нийтийн албан тушаалтнуудыг хууль бусаар орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон ашиг сонирхлын зөрчил болон цаашлаад албан тушаалын гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт болсон.

Гэмт хэргийн шинжтэй 802 гомдлыг шалгаж шийдвэрлэжээ

Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.  

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулт өгч юм. 

 - ЖДҮС-тай холбоо асуудлаар нэр бүхий гишүүн, улстөрчдийг шалгаж байгаа юу?
- ЖДҮХС-гаас 2018 онд 200 гаруй нэр компанид зээл олгосон асуудлыг шалгаж байна. УИХ-н гишүүдтэй холбогдох асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барих хуультай. Прокурорын байгууллага ажиллаж байгаа болно. ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байна. 

-ЖДҮ-аас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод байгаа 14 гишүүний хэргийг шалгасан уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Зээл авсан компаниудыг бүгдийг нь нарийвчлан шалгаж байгаа. 

- Ерөнхий сайдуудад холбогдох хэргийн шалгалтын явцад өөрчлөлт орсон уу?

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэг цар хүрээний хувьд өргөн яаралтай шийдвэрлэх боломжгүй. Бидний зүгээс гадны байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. 

- Стандарт банктай холбоотой хэргийг шалгах ажил хэр явж байна вэ? 

- Стандарт банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. "Жаст" компаний захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн шалгалтыг ойрын үед дуусгана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Би төрд ажиллавал миний ах дүү, үр хүүхэд ямарч зээл тусламж авч болохгүй юу? Төрд ажиллахад миний хүүхэд дансандаа хэдэн төгрөгтэй нь ямар хамаа байна. Буруу хэрэг хийсэн бол хуулийн этгээд нь хариуц
2018/12/08 108.162.188.72
Иргэн
ХОМ аваад зүй бус орлого олсон байна гэж хэрэг үүсгэсэн юм байна уу? Бүгд шахуу тэрбумтангууд яаж болсоныг нь илрүүлээч. Хамаарал бүхий этгээд гэдэг чинь хэтэрхий өргөн болсон биш үү.
2018/12/08 108.162.188.72
Ганаа
ЖДҮ-с өмнө газрын наймаа , авилга, 60 тэрбумийн М.Энхболдийг барьж хорьж шийтгэх шоронд хийх ёстой. Шударга нийгэмд бол М.Энхболд аль хэдийн цаазаар авахуулсан. Монголчуудын 99.99 хувь нь ингэж бодно
2018/12/07 122.201.24.47
TUMUR
NIISLELIIN ZASGA DARGIIN ORLOGCH OTGONBAYAR GEJ NUHRIIG SHALGAACHEE.JINHENE HOR NAIRUULAGCH.BUGS DOLOOGCH
2018/12/07 64.119.19.138
ЗОЧИН
ганзориг нь дагана биз
2018/12/07 66.181.160.45
Зочин
Томоохон албан тушаалтны хэргийн талаар мэдээлэл огт алга нийгмийн уур амьсгал намжаах гэсэн ядмаг болхи хэдэн хувцасны голууд л байна ингэж ажилахгүйэ зүгээр хятад улсыг л хар
2018/12/07 202.126.89.94
Ha ha
Ur dun medeelel dee, yavts hend heregtei yum.
2018/12/07 103.212.119.25