8o
Улаанбаатар хот
mobile menu

Коосэнгийн инженерийн сурах бичгүүдийг номын сангуудад хүлээлгэн өглөө

2018-12-07 12:16:07

Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн сурах бичгүүдийг Монголын Үндэсний Номын Сан, ШУТИС-ийн харъяа таван сургуулийн номын санд гардууллаа.

Инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Японы инженерийн сурах бичгүүдийг, Гэрэг-Коосэн сэтгүүлийн хамт МУҮНС, ШУТИС-ийн сургуулийн номын сангуудад хүлээлгэн өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн хэлэхдээ “Японы аж үйлдвэрийн хөгжилд асар их ахиц авчирсан чадварлаг инженерүүдийг бэлтгэн гаргаж буй Японы Коосэн технологийн коллежууд эдгээр номыг сургалтандаа ашигладаг. Энэхүү сурах бичгүүдийг монгол залуучууд ч эх хэлээрээ шимтэх болж байгаад баяртай байна. Цаашид хими биологи, барилга механик, цахилгааны инженерийн цуврал сурах бичгүүдийг орчуулан, улсын их дээд сургуулиуд болон номын сангуудад бэлэглэн оюутан залуус, сурагчиддаа хүргэх болно” гэв.

Үйл ажиллагааны үеэр МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо, ШУТИС-ийн ректор Б.Очирбаттай уулзаж, санал солилцлоо.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Үндэсний номын сангийн 97 жилийн ой энэ онд тохиож байна. Эх орны болон гадаадын зохиолч, эрдэмтдийн оюуны бүтээлийг хуримтлуулж, номын сангийн үнэт сан хөмрөгийг арвижуулан баяжуулахад Коосэнгийн сурах бичгүүдийг хүлээн авч байгаадаа талархал илэрхийлье” гэсэн юм.

Харин ШУТИС-ийн ректор Б.Очирбатын “Эдгээр номыг японы шалгарсан шилдэг инженерүүд зохиосон учраас маш чанартай сурах бичиг болсон гэдэгт итгэлтэй байна. Манай ШУТИС-Коосэн технологийн коллежийн оюутнууд сургалтандаа ашиглаж эхэлсэн. Зөвхөн Коосэнгийн оюутнуудаас гадна бусад харъяа сургуулийн оюутнууд ч ашиглах болсонд баяртай байна” гэж хэллээ.

ЯҮТХ нь Монгол Улсад нэвтэрч эхэлсэн “Коосэн” загварын инженер технологийн боловсрол олгох сургалтыг бүх талаар дэмжин ажилладаг. Өнөөдрийг хүртэл хийсэн томоохон ажлуудын нэг нь хүүхэд, залууст хандсан оюуны хөрөнгө оруулалт болгож дээрх цуврал сурах бичгүүдийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр монгол хэлнээ орчуулан гаргасан явдал юм.

Дээрх сурах бичгүүдээс өмнө нь 500 гаруй ширхгийг Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан, Монголын коосэнгийн 3 сургуулийн номын сан болон оюутнуудад бэлэглэсэн юм. Мөн цаашид ч инженерийн сургалт явуулдаг бүх улсын их сургууль, улсын номын сангуудад тодорхой тоо хэмжээгээр хандивлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүнээс гадна аж үйлдвэр, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Япон улсын чадварлаг боловсон хүчин, бүтээлч инженерүүдийг бэлтгэж ирсэн Коосэнгийн 56 жилийн туршлага, ноу-хауг Монголд хэрхэн нэвтрүүлж буй талаарх “Гэрэг-Коосэн” сэтгүүлээ номын сангуудад өргөн барилаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл