Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо. Хуралдаан хойшлогдсоны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
-УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг УИХ-ын зарим гишүүд тавьж байна. УИХ дахь АН-ын бүлэг энэхүү шаардлагыг юу гэж харж байна вэ?
-УИХ-ын даргаа огцруулах эсэх нь эрх баригчдын асуудал. Цөөнхийн асуудал биш. 65 гишүүнтэй, ард түмний итгэлийг авсан МАН өөрсдөө энэ хүнийг УИХ-ын даргаар сонгосон. Тэр байтугай энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэрийг нь дэвшүүлсэн. Дотроо л учраа олох хэрэгтэй. Дотроо учраа олох асуудлыг төрийн үймээн болгож болохгүй. Тийм учраас эрх баригчид асуудлаа дотроо шийдэх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн. Намын бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Л.Болд гишүүний тухайд АН-аас татгалзах өргөдлөө өгсөн. Намын дүрмээр тухайн холбогдох байгууллага 30 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Үүний дараа асуудал цаашаа хэрхэн өрнөхийг шийдээд явна. АН-ын бүлэг өнөөдөр үйл ажиллагагаа үргэлжлүүлж байгаа.
-АН-ын зүгээс Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн бэ гэх мэдээлэл гарах боллоо. Ийм зүйл гарсан юм уу?
-Л.Болд гишүүнийг шүүхэд өгөөгүй. Бид гишүүдээ юу гэж шүүхэд өгөх вэ. Аливаа нэг мэдэгдэл, тайлбарыг мушгин гуйвуулж болохгүй. Л.Болд гишүүний УИХ дахь бүлгийн асуудлыг шийдэхэд тодотгох зүйлс зайлшгүй гарлаа. Тиймээс УДШ-ээс тайлбар хүссэн. Улс төрийн нам татан буугдаагүй байхад гишүүн бүлгээсээ татгалзаж байгаа нь байж болох үзэгдэл үү гэдэгт тайлбар хүссэн.
Д.Нэргүй